A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 223

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 5.1.1, Төсвийн тухай хуулийн 10.1.5, 28.8, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.

2.1. жил бүрийн улсын төсвийн төлөвлөлт, төсвийн тодотголд улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт заасан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгийн болон урсгал зардлын санхүүгийн эх үүсвэрийг тусгаж байх;

2.2. дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тооцоолох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах замаар хөгжлийн төлөвлөлтөд нийцүүлэх, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй уялдуулах;

2.3. төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх төслүүдэд төсвөөс гаргах нийт хөрөнгийн хязгаарыг олон улсын жишгийг баримтлан оновчтой тогтоох.

3. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид даалгасугай:

3.1. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудын байршлын ерөнхий төлөвлөгөөний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх;

3.2. төрийн албан хаагчдын орон сууцыг Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр, нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар зохион байгуулалттай бариулан моргейжийн зээлд хамруулах;

4. Төрийн өмчит хуулийн этгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах үндсэн хөрөнгө, албан хаагчдын ажлын байр, албан тушаалын орон сууц, бусад техник хэрэгслийн хангамжийн талаар судалгаа хийж, аймаг, нийслэл дэх төрийн байгууллагуудад албан конторын нэгдсэн байр барих зарчим баримтлан холбогдох стандарт, журмыг хянан шинэчилж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, улсын төсөвт тусган төлөвлөж, хөтөлбөр, төсөв боловсруулах удирдамжид заасан хугацаанд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яаманд хүргүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал), Стандартчилал, хэмжил зүйн газар (Г.Гантөмөр)-т даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө бэлтгэх ажлыг журамлах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 234 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР