A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 28

Улаанбаатар хот

ШИНЭ ТӨМӨР ЗАМ ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Концессын тухай хуулийн 6.1.2, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан I, II үе шатанд барих Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замаас бусад төмөр замын суурь бүтцийн “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой төслийн тусгай зориулалтын компанид олгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 28 дугаар тогтоолоор нэмэлт орсон. Засгийн газрын 2022 оны 116 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

2. Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д даалгасугай.

3. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

4. Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

5. Шинэ төмөр зам төслийн ажлын явцын талаар Засгийн газарт сар бүр танилцуулж байхыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд А.ГАНСҮХ