A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 132

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Улсын Их Хурлын 2010 оны 39, Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж, иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг хувьцааг нь эргүүлэн авч зохих журмын дагуу бүртгэж, төлсөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, иргэний дансанд шилжүүлэх ажлыг нэг удаагийн арга хэмжээ болгон зохион байгуулахыг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламд даалгасугай.

2. Аж ахуйн нэгжийн хувьцааны захиалга болон төлбөрийг шалгаж, авбал зохих хувьцаанд ногдох төлбөрийн захиалгаас илүү үнэ төлсөн аж ахуйн нэгжийн төлбөрийн зөрүүг тухайн аж ахуйн нэгжийн дансанд буцаан шилжүүлэх арга хэмжээ авахыг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН