- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ /палеонтологи, археологийн музейн шинэчлэл/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 138
Улаанбаатар хот
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор, Төсвийн тухай хуулийн 17.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл" төсөл хэрэгжүүлэх тухай саналыг зөвшөөрч, уг төслийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай:
а) музейн үзмэрт шилжүүлэх шаардлагатай палеонтологи, археологийн олдвор, үзмэрийг эрэн сурвалжилж, бүртгэх, цуглуулах ажлыг олон нийт, олон улсын мэргэжилтнүүдийн оролцоо дэмжлэгтэйгээр гадаад, дотоодод зохион байгуулах;
б) музейн барилгын төлөвлөлт, үзмэрийн дэглэлтийг олон улсын стандартын дагуу хийх бэлтгэл ажлыг хангах;
в) төслийн эхний санхүүжилтийг төсвийн багц дахь соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах зардлаас гаргаж, цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
г) төслийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, гэрээ байгуулан, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
