- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 161
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Иргэний хуулийн 31.1, 31.5, Дээд боловсролын тухай хуулийн 6.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бүтцэд байгаа хавсралтад заасан зарим мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тусгаарлан бие даасан сургууль болгон өөрчлөн зохион байгуулсугай.
(Энэ тогтоолын хавсралтын зарим хэсгийг хүчингүй болсонд тооцсон)
2. Хавсралтад заасан сургуулиудад бакалаврын боловсрол эзэмшихээр суралцаж байгаа оюутнуудыг 2013 оны 8 дугаар сарын 20-ны дотор холбогдох сургуульд шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгасугай.
3. Өөрчлөн зохион байгуулагдсан мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын бүртгэлд байгаа өмч хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, төрийн өмчид бүртгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
4. Өөрчлөн зохион байгуулагдсан мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт явуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгын дагуу тогтоох, сургалтын орчинг сайжруулах, лаборатори, техник хэрэгслээр хангах, багшлах боловсон хүчнийг чадваржуулах асуудлыг улсын төсөв, хандивлагч, хувийн хэвшлийн тусламж, дэмжлэг, төсөл хөтөлбөртэй уялдуулан шийдвэрлэж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "в", 2 дугаар зүйлийн "б" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A
