A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" (БҮК-1) төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14.0 (арван дөрвөн) сая хүртэл ам.доллартай тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. БҮК-1-ийн санхүүжилтийг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулан зохион байгуулж, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР