A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ӨВСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын нөөцийн тухай хуулийн 6.4, 13.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мал аж ахуйн 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд байгалийн гамшиг, ган, зудаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн нийт малын 30 хувийг 1 хоногт тэжээхэд шаардагдах өвсний 70 хувиар тооцон орон нутгийн өвсний нөөц бүрдүүлэх тоо хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Хавсралтад заасан аргачлалын дагуу сум, дүүрэгт өвсний нөөц бүрдүүлэх тоо хэмжээг тооцон баталж мөрдүүлэх, цаашид жил бүр нийт малын 30 хувийг 1 хоногт тэжээхээр тооцон орон нутгийн нөөц бүрдүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Орон нутгийн нөөцийн өвсийг хадгалах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутгийн өвсний нөөц бүрдүүлсэн тухай дүнг жил бүрийн 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА