- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 250
Улаанбаатар хот
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 50.1.2 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23.1.5, 23.1.11 дэх заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.1, 14.5.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр тогтоосугай.
2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17.0 (арван долоон) тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс 6.0 (зургаан) тэрбум төгрөг, нийт 23.0 (хорин гурван) тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтэй зээлээр олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт зөвшөөрсүгэй.
3. Сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, зохих журмын дагуу гэрээ байгуулан зохион байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A
