- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХЭМЖЭЭНД СУДАЛГАА ХИЙХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 269
Улаанбаатар хот
УЛСЫН ХЭМЖЭЭНД СУДАЛГАА ХИЙХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 8.2.7, 8.2.8, 29.3, Төсвийн тухай хуулийн 58.3.2, 58.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т тусгагдсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийг тодорхойлох үүднээс өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааг 2013 онд багтаан улсын хэмжээнд зохион байгуулсугай.
2. Судалгааны ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах, энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан холбогдох зардлыг Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.
3. Судалгааг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан хоёрдугаар хавсралтад заасан төсвийн хуваарийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвөөс тухай бүр санхүүжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
