- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ШИНЭЭР БОЛОН ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 267
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ШИНЭЭР БОЛОН ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг үндэслэн, "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хууль сахиулахын их сургуулийн бүрэлдэхүүн "Ахлагчийн сургууль", Завхан аймгийн Тосонцэнгэл суманд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг тус тус шинээр байгуулсугай.
(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Монгол-Солонгосын политехникийн коллежийн Төв аймгийн Баянчандмань суман дахь салбар сургуулийг 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бие даасан мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчлөн зохион байгуулсугай.
3. Шинээр байгуулагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл суман дахь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төрийн өмчид бүртгэх, өөрчлөн зохион байгуулагдсан Төв аймгийн Баянчандмань суман дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүртгэлд байгаа өмч хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн өмчийн хороо(Д.Цогтбаатар)-нд даалгасугай.
4. Тогтоолын 1-д заасан байгууллагын бүтэц, орон тоо, барилга байгууламж, үйлдвэрлэлийн дадлагын орчныг бүрдүүлэх асуудлыг 2013 оны төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасугай.
5. Шинээр болон өөрчлөн зохион байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт явуулах мэргэжлийн чиглэл, хяналтын тоог тогтоох, сургалтын орчинг сайжруулах, лаборатори, техник хэрэгслээр хангах, багшлах боловсон хүчнийг чадваржуулах асуудлын санхүүжилтийг улсын төсөвт тусгах болон гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, зээл тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A
