A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 319

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.2, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22.1.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгосон 200.0 (хоёр зуун) сая ам.доллартай тэнцэх зээлийн хугацааг сунган, дагалдах бусад нөхцөлүүдийн хамт компанийн давуу эрхтэй хувьцаагаар сольж, Хөгжлийн банк, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг тус тус 200.0 (хоёр зуун) сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөр нэмэгдүүлэх, холбогдох гэрээ хэлцлийг байгуулах, давуу эрхийн хувьцааг зохих хууль тогтоомжийн дагуу бүртгэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар), "Эрдэнэс МГЛ" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Сайнбилэг), "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Сайнбилэг)-д зөвшөөрсүгэй.

2. 200.0 (хоёр зуун) сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн гэрээг давуу эрхтэй хувьцааны нөхцөлтэй уялдуулсан эргэн төлөлтийн нөхцөлтэйгээр Хөгжлийн банктай байгуулж, хүүгийн зардлыг давуу эрхтэй хувьцааны борлуулалтаас эргэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкны эх үүсвэрийн зардалтай тэнцэх хэмжээгээр тухайн жилийн улсын төсөвт суулган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. "Хөгжлийн банкны зээлийн тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 148 дугаар тогтоолын 2 дугаар зүйлд заасан 200.0 (хоёр зуун) сая ам.долларын зээлийн баталгааны 122.0 (нэг зуун хорин хоёр) сая ам.долларын зээлийн баталгааг "МИАТ" ТӨХК-д шилжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

4. Энэ тогтоолын 3 дугаар заалтыг хэрэгжүүлсний үндсэн дээр "Агаарын хөлгийн санхүүжилтийн тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаар тогтоолд заасан Засгийн газрын баталгааг цуцлах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Сангийн сайд Ч.УЛААН