- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН 2013 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 58
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг батлагдсан хэмжээнээс нэмэгдэж, ижил хэмжээтэй объектуудын төсөвт өртгийг харилцан адилгүй тооцож, барилгын ажил олон жил дамжин үргэлжилж байгааг таслан зогсоох зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан байгууллагуудын дэргэдэх барилга захиалагчийн товчоо, албадыг нэгтгэн, эдгээр барилга захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж бариулах ажлыг улсын хэмжээнд хариуцан гүйцэтгүүлэх чиг үүрэг бүхий улсын үйлдвэрийн газрыг байгуулан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэх, шаардлагатай бол холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэх;
2/Монгол Улсын 201З оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хасагдсан 1 дүгээр хавсралтад дурдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2014, 2015 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх.
2.Монгол Улсын төсвийн хөрөнгөөр олон жил дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн 1, 2 дугаар хавсралтад дурдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа удааширсан шалтгааныг тодруулан шалгаж, дүнг 2013 оны 10 дугаар сарын 28-ны дотор Улсын Их Хуралд ирүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монгол Улсын Ерөнхий аудитор /А.Зангад/-т даалгасугай.
3.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
