A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 381

Улаанбаатар хот

НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, олон улсын Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтран хэрэгжүүлэх "Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө"-г зарчмын хувьд сайшаан дэмжсүгэй.

2. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтад дараах агуулга бүхий 24 дэх заалт нэмсүгэй:

24.

Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөл

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

3. Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг 2014 оны улсын төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг баталж, түүнд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 15 дугаар хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэсний дараа "Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 19 дүгээр хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэсний дараа "Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, 23 дугаар хавсралтаар баталсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Хууль зүй, дотоод хэргийн сайд" гэсний дараа "Эдийн засаг, хөгжлийн сайд" гэж тус тус нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 20 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын комисс, хороо, ажлын хэсэг, тэдгээрийн дарга"-ын 20 дахь заалтын "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж, 14 дүгээр хавсралтаар баталсан "Тогтвортой хөгжлийн үндэсний хороо"-ны "Дэд дарга" хэсгийн "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн сайд" гэж, "Гишүүд" хэсгийн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан дэд дарга" гэснийг "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга" гэж, "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга" гэснийг "Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга" гэснийг "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга" гэж, "Нарийн бичгийн дарга" хэсгийн "Үндэсний хөгжлийн газрын дэд дарга" гэснийг "Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Мөн тогтоолын 14 дүгээр хавсралтаар баталсан "Тогтвортой хөгжлийн үндэсний хороо"-ны "Гишүүд" хэсгийн "Үндэсний хөгжлийн газрын дарга" гэснийг, 23 дугаар хавсралтаар баталсан "Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Үндэсний хөгжлийн газрын дарга" гэснийг, 15 дугаар хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Үндэсний хөгжлийн газрын дарга" гэснийг, 19 дүгээр хавсралтаар баталсан "Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд" хэсгийн "Үндэсний хөгжлийн газрын дарга" гэснийг тус тус хассугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нээлттэй засгийн түншлэлийн тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 381 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ