- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 63
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай
хууль баталсантай холбогдуулан авах
ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж, төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг чангатгах шаардлагатай байгааг тэмдэглэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:
1/Улсын төсвийн урсгал зардлыг хэмнэсэн тохиолдолд түүнийг ажилтан, албан хаагчдын үр дүнгийн урамшуулалд зарцуулах эрхийг төсвийн захирагч нарт олгох журам батлан мөрдүүлж ажиллах;
2/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд "0.0" дүнтэй тусгасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосны дараа тэдгээр төсөл, арга хэмжээний санхүүжилтийн саналаа төсвийн тодотголд тусган 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
3/Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолоор батлагдаж, эргэн төлөх нөхцөлтэйгөөр хэрэгжсэн төслүүдийн гүйцэтгэлийг үндэслэн улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллах;
4/"Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд сумын төвийн цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, цахилгаан шугам сүлжээ, дулааны нэгдсэн хангамжийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх;
5/Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан, 2014 оны улсын төсөвт тусгагдаагүй болон бусад зам тээвэр, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт цалин, урамшууллын зардлыг 15.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг Улсын Их Хурлаар батлуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.
3.Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд "0.0" дүнтэй тусгасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоож, дүгнэлт гарган 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Үндэсний аудитын газар /А.Зангад/-т даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
