A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 409

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 132 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүлээн авч, төлбөрийг буцаан шилжүүлэхийг "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламд даалгасугай.

2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэх ажлыг татварын албадаар дамжуулан 2013 оны 12 дугаар сард зохион байгуулж дүнг Сангийн яам, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д хүргүүлж ажиллахыг Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнайд даалгасугай.

3. Аж ахуйн нэгжүүдийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаанд хөрөнгө оруулсан буцаагдалгүй үлдэж байгаа мөнгөн хөрөнгө болон хувьцаанд оруулсан хөрөнгийг Төрийн банкинд байршуулсантай холбоотой хүүгийн төлбөрийг Хүний хөгжил санд төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламд тус тус даалгасугай.

4. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эзэмшиж буй иргэдийн алдаатай болон зөрүүтэй байгаа мэдээллийг 2014 оны I улиралд багтаан залруулж, зөрүүг гаргахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, "Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН