- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БООМТЫН НЭГДСЭН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Дугаар 45
2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот
БООМТЫН НЭГДСЭН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ
Хилийн боомтын тухай хуулийн 16.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулсугай.
2. Боомтын нэгдсэн захиргааны орон тооны дээд хязгаарыг 30 хүртэл байхаар тогтоосугай.
3. Замын-Үүд хилийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, тээвэрлэх ажлыг уялдуулах, хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, тэдгээрийн ажлын албыг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай.
4. Замын-Үүд болон Өмнөговь аймаг дахь Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч, түүний ажлын алба татан буугдсантай холбогдуулан хаалтын тайлан тэнцэл гаргаж, эд хөрөнгийг Боомтын нэгдсэн захиргаанд шилжүүлэхээр тогтоосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах тухай" Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаар тогтоол, "Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулж эхэлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 251 дүгээр тогтоол, "Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаар тогтоолын 6 дугаар зүйл, "Ажлын албаны орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 109 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6. Тогтоолыг 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
