A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 181

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2010 оны 39 болон Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 2, 3 дугаар зүйлд заасны дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд тус компанийн 1072 хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоосугай.

2. Монгол Улсын иргэнд эзэмшүүлсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг "Хүний хөгжил сан" дэвтэрт нь бичилт хийж баталгаажуулах ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 316-р тогтоолоор өөрчлөлт орсон/

4. Хүний хөгжил сангаас Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу тооцсон болон бутархай үлдэгдэл хувьцааг нэгтгэн Засгийн газрын нэр дээр бүртгэхийг "Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламд даалгасугай.

5. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг аж ахуйн нэгжид худалдах ажлыг үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогчоор дамжуулан зохион байгуулахыг Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-нд зөвлөмж болгож, хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны төлбөрийг "Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-д тусгай дансанд төвлөрүүлж, Сангийн сайд болон Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр шилжүүлэхийг "Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Гандуламд даалгасугай. /ЗГ-ын 2012 оны 201-р тогтоолоор өөрчилсөн/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА