A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 217

ХОТЫН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Хот байгуулалтын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Засгийн газрын 2008-2012 үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлыг даган хөгжих шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2. Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хотыг байгуулах, түүнийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж 2012 оны IҮ улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарт даалгасугай.

3. Шинэ хотын инженерийн барилга, байгууламж барих бэлтгэл ажлыг хангаж, эхний ээлжинд дэд бүтцийг барьж байгуулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарт тус тус даалгасугай.

4. Судалгаагаар тогтоосон Хөшигийн хөндий орчмын газрын доорхи усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, ашиглах боломжит нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.

5. Шинэ хотыг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:

5.1. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах барилга, байгууламж, дэд бүтцэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваа, Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаяр, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарт;

5.2. улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнээс бусад бүтээн байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас баталгаа гарган бүрдүүлэх, хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Хөгжлийн банк (Б.Батжаргал)-нд.