A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 137

Улаанбаатар хот

ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх хэсгийг үндэслэн, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.8, 18.2.8 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг тэднийг нийгэмшүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвтөө тусган хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг бодлогын болон мэргэжил, арга зүйн зөвлөлгөөгөөр хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болгосугай.

3. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж зохион байгуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгасугай.

4. Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлын үр дүнг аймаг, нийслэлийн ажлыг дүгнэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтэд оруулан дүгнэж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ