Хуулийн төсөл
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ
1. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд төрөөс баримтлах зарчим, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, төрийн байгууллагын хүлээх үүргийг тодорхойлж хувийн аж ахуй эрхлэх эрхийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” Гэж заасан байх боловч уг хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулгын агуулгаас үзэхэд гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашгийн хамгаалахад чиглэсэн байхаар уншигдаж байх тул уг хуулийн үндсэн үзэл баримтлалыг эргэн харах, дахин тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн нэр нь уг хуулийн зорилт, үйлчлэх хүрээтэй утга агуулгын хувьд төдийлөн нийцэхгүй байх тул нэрийг агуулгад нийцүүлэн өөрчлөх, эсвэл анхдагч хууль батлахгүйгээр өөр бусад холбогдох хууль тогтоомжид нарийвчилсан зохицуулалт нэмэх, өөрчлөх замаар шийдвэрлэх буюу Хууль тогтоомжийн тухай хуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг “Хууль санаачлагч хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааг анхдагч хуулийн төсөл болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зарчмын шинжтэй зохицуулалт шинээр нэмж оруулж байгаа хуулийн төслийг боловсруулахад хийнэ.” гэж заасантай нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн уг хууль тогтоомж батлагдсанаар Монгол улсын эдийн засаг (бүх талбар)-т ямар үр ашигтай байх, эрсдэл (зах зээл, үнийн, санхүүгийн, политик, хууль зүйн, технологийн, гадны, бусад эрсдэл) үүсэж болзошгүй талаар, хэрэв үүссэн тохиолдолд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх эдийн засгийн мэргэжлийн судалгаа шинжилгээ хийгдээгүй байна. 2. Анхдагч хуулийн төсөл нь 3 бүлэг, 12 зүйлээс бүрдсэн байх бөгөөд түүний зорилт, хамрах хүрээ, хариуцлага, бусад зүйлээс бусад 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар төрөөс баримтлах зарчим, Эдийн засгийн эрх чөлөөний баталгааг хангах, Аж ахуйн үйл ажиллагааны талаарх төрийн зохицуулалт, Төр, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хамтын ажиллагаа, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг мэдээллээр хангах талаар тусгагджээ. Гэтэл уг 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлүүдэд заасан нөхцөлийг хэн, хэрхэн, яаж, бүрдүүлсэн байх талаар тодорхой, бодитой нарийвчилсан зохицуулалт байхгүй, эсрэгээрээ шалгуур үзүүлэлт шинжтэй байх тул хуулийн зүйл, заалт бүрийг хэрэгжих боломжтой байдлаар томьёолох шаардлагатай гэж үзэж байна. 3. Анхдагч хуулийн төслийн 7 дугаар зүйл 7.1.3-т төрийн зарим чиг үүргийг аж ахуй эрхлэгчдэд шилжүүлэх хүрээг тодорхойлохдоо стратегийн салбар болох цахилгаан, харилцаа холбооны салбарын чиг үүргийг хувийн аж ахуй нэгжид шилжүүлэхээр заажээ. Гадаад улсуудын туршлагаас харвал харилцаа холбоо, эрчим хүчний салбар нь стратегийн салбарт хамаардаг тул төр өөрөө хариуцан энэ салбарын үйл ажиллагааг эрхэлдэг. Иймд уг хуулийн 7.1.3 дахь заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд дахин судлах шаардлагатай гэж үзэж байна. 4. Анхдагч хуулийн зорилтод “... тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, төрийн байгууллагын хүлээх үүргийг тодорхойлж” гэж тусгагдсан байх боловч уг хуулийн 10.3 дахь хэсэгт “Эдийн засгийн зөвлөл”-ийн хүлээх 3 үүргээс өөрөөр төрийн хүлээх үүрэг тусгагдаагүй байна. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд хариуцлагын талаар 2 заалт тусгагдсан байх боловч эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, зах зээлд хэт оролцсон, авлига, лицензийн монополь өмчийн эрх зөрчсөн, татварын тогтворгүй байдал зэргээр иргэдийн болон бизнес эрхлэгчдийн эрх чөлөөг хохироосон бол төр хэрхэн хариуцлага хүлээх талаарх тодорхой, нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй байна. 5. Анхдагч хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 8, 28 дугаар зүйлд заасны дагуу (хэлбэрийн болон агуулгын хувьд) дахин шинэчлэн боловсруулах шаардлагатай.