- Нүүр
- Эрх зүйн акт
- ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС АУДИТ ХИЙХ ЖУРАМ
Монгол Улсын Ерөнхий аудиторын
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн
А/106 тоот тушаалын хавсралт
ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГААС
АУДИТ ХИЙХ ЖУРАМ
Нэгдүгээр бүлэг
нийтлэг үндэслэл
Нэг. Журмын зорилт
1.1.Энэ журмын зорилт нь төрийн аудитын байгууллагаас төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит /цаашид “аудит” гэх/-ын зарчим, зохион байгуулалт, аудиторын эрх, үүргийг тодорхойлж, аудит хийх, аудитын үр дүнг тайлагнах, аудитын мөрөөр хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Нийцлийн аудитыг дагнан хийх эсхүл санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудиттай хослуулан нэгдмэл байдлаар гүйцэтгэж болно.
1.3.Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад хийх аудитыг энэ журмаар зохицуулахгүй бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
Хоёр. Аудит хийхэд баримтлах зарчим, арга зүй
2.1.Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ Төрийн аудитын тухай хуулийн 3.1-т заасан үндсэн зарчим, Аудитын дээд байгууллагын олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн төрийн аудитын олон улсын стандартад нийцүүлэн эрх бүхий этгээдээс баталсан стандарт, энэ журам болон Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан Монгол Улсын Ерөнхий аудитор /цаашид “Ерөнхий аудитор” гэх/-ын баталсан заавар, аргачлалыг мөрдөнө.
2.2.Төрийн аудитын байгууллага аудитад мэдээллийн дэвшилтэт технологи, програм хангамжийг өргөн ашиглаж, аудитыг цахим хэлбэрээр нэгтгэж удирдах бодлого баримтална.
2.3.Аудит хийхэд шаардлагатай цахим мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн системийг ашиглах, аудитын үйл явцыг бүртгэх үйл ажиллагааг Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан журмын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.4.Төрийн аудитын байгууллага аудитын бодлого, арга зүйн үндэс болсон олон улсад хүлээн зөвшөөрсөн аудитын тулгуур зарчим, удирдамж, стандартын шинэчлэл өөрчлөлтийг аудитын бодлого, арга зүй, програм хангамжид тухай бүр тусган хөгжүүлнэ.
2.5.Төрийн аудитын байгууллага олон улсын байгууллага, хандивлагч орноос Монгол Улсын Засгийн газарт олгосон зээл, тусламжаар хэрэгжүүлэх төслийн санхүүгийн тайланд аудит хийхдээ хууль болон зээл тусламжийн гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмын 2.1-т заасан заавар, аргачлалыг ашиглана.
2.6.Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс санхүүгийн тайлангийн аудит хийх аудитын хуулийн этгээдийн ажилтнууд энэ журмын 2.1-т заасан бодлого, арга зүйг төрийн аудитын байгууллагын албан хаагчдын нэгэн адил дагаж мөрдөнө.
Гурав. Аудитын хамрах хүрээ, хэлбэр
3.1.Төрийн аудитын байгууллага төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд гүйцэтгэлийн, нийцлийн, санхүүгийн тайлангийн аудит хийнэ.
3.2.Гүйцэтгэлийн аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хийнэ.
3.3.Нийцлийн аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хийнэ.
3.4.Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн аудитыг шалгагдагч этгээдийн өмчийн хэлбэр болон санхүүжилтийн эх үүсвэрээс хамаарч дараах хүрээнд хийнэ:
3.4.1.төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд хийх аудит;
3.4.2.төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийх аудит;
3.4.3.төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийх аудит;
3.4.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайланд хийх аудит;
3.4.5.засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийх аудит;
3.4.6.нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийх аудит.
3.5.Шалгагдагч этгээдийн талаарх ойлголт, эрсдэлийн урьдчилсан үнэлгээний дүнд үндэслэн санхүүгийн тайлангийн аудит дахь төрийн аудитын байгууллагын оролцоог үнэлж, санхүүгийн тайлангийн аудитыг дараах байдлаар гүйцэтгэнэ:
3.5.1.санхүүгийн тайлангийн талаар санал дүгнэлт гаргах аудит;
3.5.2.санхүүгийн тайлангийн үе шатны ажлыг хэсэгчлэн хийж, аудит хийсэн санхүүгийн тайлангийн талаар бие даасан санал дүгнэлт гаргалгүй, аудитын дүнг дээд шатны байгууллагад хийсэн аудитын дүнд оруулж тайлагнах аудит;
3.5.3.төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх аудит.
3.6.Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийхдээ холбогдох стандартын дагуу боловсруулсан эрсдэл тодорхойлох чиглэлээс гадна дараах асуудлыг судалж, тусгайлан дүгнэлт гаргана:
3.6.1.Төсвийн тухай хуулийн 52.3-т заасан болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээллийг холбогдох эх үүсвэртэй тулган баталгаажуулж, дүгнэлт гаргах;
3.6.2.олборлох үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төсөвт төвлөрүүлсэн төлбөрийг Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын алба болон орлого хүлээн авсан Засгийн газрын байгууллагуудтай тулган баталгаажуулж, дүгнэлт гаргах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТАЛУУДЫН ЭДЛЭХ ЭРХ, ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Дөрөв. Аудиторын эрх, үүрэг
4.1.Аудитын баг нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
4.2.Аудит хийх аудитор нь дараах үүрэгтэй:
4.2.1.үйл ажиллагаандаа хууль тогтоомж, албан хаагчийн ёс зүйн дүрэм, аудитын горим, стандартыг мөрдөх;
4.2.2.аудитын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах;
4.2.3.аудитын явцад танилцсан, олж авсан бүх баримт бичиг, мэдээллийг зөвхөн хяналт шалгалтын болон аудитын үйл ажиллагаанд ашиглах;
4.2.4.шударга, бодитой хандах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хараат бусаар ажиллах;
4.2.5.аудитын тайланг нотлох зүйлд үндэслэн үйлдэх, аудитын тайлангийн үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцах;
4.2.6.аудитын дүнд тулгуурлан гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, зохих журмын дагуу биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
4.2.7.аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зүй бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх.
4.2.8.Аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулах, илэрсэн асуудлын бүртгэлийг шалгагдагч байгууллагад танилцуулан, тайлбар тодруулга авах, зөвлөмж өгөх.
4.2.9. Аудитын баг нь шалгагдагч байгууллагын үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх
4.3.Аудитор аудит хийхэд ач холбогдол бүхий нотлох зүйлийг шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон бусад байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй.
4.4.Аудитын баг аудитын явцад илэрсэн аливаа гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун дарагдуулах, холбогдох ажлын баримт, материал, нотлох зүйлсийг санаатай буюу санамсаргүй байдлаар устгах, үрэгдүүлэхийг хориглох бөгөөд аудитын явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрвэл Ерөнхий аудиторт нэн даруй танилцуулна.
4.5.Төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс санхүүгийн тайлангийн аудит хийсэн аудитын хуулийн этгээд нь аудит хийхэд цуглуулсан, олж авсан, боловсруулсан, дүн шинжилгээ хийсэн нотлох зүйл, ажлын баримт материалыг цахим хэлбэрээр архивлан хадгалж, Үндэсний аудитын газрын мэдээллийн санд хүлээлгэн өгнө.
Тав. Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн эрх, үүрэг
5.1.Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч нь Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үүргийг хүлээнэ.
5.2. Нотлох ажил (баталгаажуулж санал дүгнэлт гаргах аудит)-ын хувьд шалгагдагч этгээд холбогдох хуульд заасны дагуу шалгах зүйлийг хууль, эрх зүйн шалгуурт нийцүүлэн мэдээлэл (санхүүгийн тайлан, мөрийн хөтөлбөр, гэрээ, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан зэрэг)-ийг бэлтгэж, Төрийн аудитын байгууллагад хүргүүлнэ.
5.3.Шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон бусад байгууллага, албан тушаалтан аудиторын шаардсан нотлох зүйлийг тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
5.4.Шалгагдагч этгээд нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлтэй танилцах, санал өгөх эрхтэй.
5.5.Аудитад хамрагдагч нь аудитын тайлангийн төслийн өөрт холбогдох хэсэгтэй танилцах, санал өгөх, албан шаардлага, төлбөрийн акт эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзвэл эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.
5.6.Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч нь төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, аудитын багийн гишүүний зан харилцаа, ёс зүй, мэргэжлийн шаардлага, зүй бус нөлөөллийн талаар эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
аудитын Чанарын хяналт
Зургаа. Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх
6.1.Төрийн аудитын байгууллага аудитын чанар, үр нөлөөг хүссэн үр дүнд байлгахуйц чанарын хяналтын тогтолцоотой байна.
6.2.Тэргүүлэх аудитор, аудитын менежер, багийн ахлах аудитын үе шатны ажил тус бүрийн гүйцэтгэл, үр дүнд чанарын хяналтыг тасралтгүй хэрэгжүүлнэ.
6.3.Төрийн аудитад тавих чанарын хяналтын бодлого, арга зүй, зарчим, цар хүрээ, чанарын хяналтыг хэрэгжүүлэх ажилтнуудын хүлээх үүрэг, хариуцлагыг Аудитын чанарын хяналтын холбогдох журмаар зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НОТЛОХ ЗҮЙЛ
Долоо. Нотлох зүйл
7.1.Аудитын зорилгыг биелүүлэхийн тулд аудитын багийн цуглуулсан аудитын тайлан болон аудитын дүн, дүгнэлтэд дэмжлэг болох ач холбогдол бүхий аливаа баримт, мэдээ, мэдээлэл, өгөгдөл нь нотлох зүйл байна.
7.2.Нотлох зүйл нь шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн тайлбар, ярилцлагын тэмдэглэл, санал асуулгын хуудас, бичмэл болон, цахим баримт бичиг, удирдлагын мэдээлэл, хяналтын тогтолцооноос авсан баримт, мэдээлэл, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, шинжээчийн тайлан аудиторын хийсэн дүн шинжилгээ болон бусад баримтаар тогтоогдоно.
7.3.Нотлох зүйл нь аман, баримтат, биет, дүн шинжилгээний гэсэн төрөлтэй байна.
Найм. Нотлох зүйлийг цуглуулах, үнэлэх
8.1.Аудитор аудитад шаардлагатай нотлох зүйлийн жагсаалт гарган шалгагдагч этгээд, аудитад хамрагдагчийн ажилтанд өгч нотлох баримтыг хүлээлцэж баримтжуулна. /Энэ заалтыг 2025 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар өөрчилсөн./
8.2.Нотлох зүйл нь дараах шаардлагыг хангасан байна:
8.2.1.шалгаж буй асуудалтай хамааралтай, ач холбогдол бүхий байх;
8.2.2.эх сурвалж нь тодорхой байх;
8.2.3.эх сурвалжаас хууль тогтоомж, энэ журамд заасны дагуу олж авсан байх;
8.2.4.шинж чанар, хэлбэр дүрс алдагдаагүй байх;
8.2.5.нотлох зүйл гаргаж өгч байгаа хүн нь эрх зүйн бүрэн чадамжтай байх.
8.3.Аудитор нотлох зүйлийг хангалттай бөгөөд зохистой талаас нь үнэлнэ.
8.4.Аудитын тогтоосон зүйлс болон дүгнэлтийг дэмжих нотлох зүйл нь тоо хэмжээний хувьд хүрэлцээтэй байхыг хангалттай гэж үзнэ.
8.5.Аудитын нотлох зүйл нь хамааралтай, хүчин төгөлдөр, найдвартай байхыг зохистой гэж үзнэ.
8.6.Аудитор шалгагдагч этгээдийн дотоод аудитын чиг үүргийн дагуу гүйцэтгэсэн ажлыг аудитад хамааралтай гэж үзсэн нөхцөлд аудитын нотлох зүйл болгон ашиглаж болно.
Ес. Аман нотлох зүйл
9.1.Аман нотлох зүйлд ярилцлагын тэмдэглэл, тайлбар, асуулга зэрэг хамаарна.
9.2.Аудитор шалгагдагч этгээд, аудитад хамрагдагчийн ажилтнаас ярилцлага авч болох бөгөөд энэ тохиолдолд тэмдэглэл хөтөлнө. Ярилцлагын тэмдэглэлийг дуу хураагуурт бичих талаар танилцуулж, бичлэг хийж хадгалж болно.
9.3.Аудитор ярилцлагын тэмдэглэлийг тогтоосон маягт/Хавсралт 1/-ын дагуу хөтөлж, тэмдэглэл дээр тайлбар өгсөн хүнээр гарын үсэг зуруулна. Тайлбар өгсөн хүн гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд аудитор ярилцлагын тэмдэглэл дээр “гарын үсэг зурахаас татгалзсан” гэсэн тэмдэглэл үйлдэнэ.
9.4.Аудитор шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон бусад этгээдээс бичгээр тайлбар авч болно.
9.5.Аудитор шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон аудитад оролцсон шинжээч бусад этгээдээр асуулгын хуудсын дагуу тодорхой асуулт тавьж болно.
Арав. Баримтат нотлох зүйл
10.1.Аудит хийхэд ач холбогдол бүхий илтгэл, тайлан, гэрээ, хэлцэл, албан бичиг, захидал зэрэг бүх төрлийн бичгийн болон цахим хэлбэртэй баримт бичиг, мэдээлэл нь баримтат нотлох зүйл байна.
10.2.Шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон бусад байгууллага, хуулийн этгээдээс бичмэл нотлох зүйлийг тухайн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулж авна.
10.3.Аудитор шаардлагатай гэж үзвэл тухайн бичмэл нотлох зүйлийн эх хувийг шаардан авах эрхтэй ба энэ тохиолдолд аудитын тайлан баталгаажсаны дараа бичмэл нотлох зүйлийн эх хувийг түүнийг гаргаж өгсөн этгээдэд буцаан өгч, тухайн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан хувийг аудитын ажлын баримт материалд үлдээнэ.
10.4.Аудитор цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээн авсан мэдээлэл, баримт бичигтэй танилцах, уг мэдээлэл, баримт бичгийг цахим болон бусад хэлбэрээр хувилан авна.
10.5.Аудитор аудитад шаардлагатай нотлох зүйлийн жагсаалтыг шалгагдагч этгээдийн холбогдох ажилтанд гарган өгч, энэхүү журмын Хавсралт 2-т заасан “Баримт материалын жагсаалт, хүлээлцсэн байдлыг баримтжуулах маягт”-ыг хүлээлцэн баримтжуулна.
Арван нэг. Биет нотлох зүйл
11.1.Аудит хийхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд ажиглах буюу шалгах замаар олж авсан гэрэл зураг, зураглал, диаграмм, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, үйл явдлын зураглал, газрын зураг, загвар, сорьц, дээж зэрэг хэлбэрээр баталгаажуулж авсан баримт нь биет нотлох зүйл байна.
11.2.Төрийн аудитын байгууллагын байранд авчирч хадгалах боломжгүй биет баримтыг тухайн байгаа газарт нь шалгалт хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
11.3.Аудитор шаардлагатай бол уг биет баримтын талаар гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж бэхжүүлж авна.
11.4.Аудитор гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг ажлын баримт материалд хавсаргана.
Арван хоёр. Дүн шинжилгээний нотлох зүйл
12.1.Аудитор шалгагдагч этгээд болон холбогдох бусад этгээдээс авсан мэдээлэлд хийсэн тооцоолол, түүний хувь хэмжээ, хандлага, дүр төрхөд дүн шинжилгээ хийнэ.
12.2.Аудитор цуглуулсан нотлох зүйл, мэдээ мэдээллийг тооцоолох, харьцуулах, санал асуулга авах, тайлбарлах, төрөлжүүлэх, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх болон бусад аргаар дүн шинжилгээ хийж болно.
12.3.Аудитор дүн шинжилгээний нотлох зүйлийг боловсруулж гаргахдаа тохиромжтой арга зүйг ашиглана.
Арван гурав. Аудитад шинжээч оролцуулах
13.1.Тухайн аудитад Төрийн аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу шинжээч оролцуулж байгаа тохиолдолд тухайн шинжээчээр дүгнэлт гаргуулж болно.
13.2.Аудитор шинжээчийн дүгнэлтийг аудитын дүн, дүгнэлтийг дэмжих нотлох зүйл болгон ашиглаж болно.
13.3.Аудитад шинжээчийг оролцуулахдаа Төрийн аудитын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан “Төрийн аудитын байгууллагаас шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ыг дагаж мөрдөнө.
ТАВДУГААР БҮЛЭГ
АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Арван дөрөв. Аудит хийх үе шат
14.1.Аудит нь стратегийн болон жилийн төлөвлөлт, аудитыг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах, аудитын мөрөөр хяналт тавих гэсэн үе шаттай байна.
14.2.Аудитор аудитын үе шатны ажлын баримт материалыг хангалттай, иж бүрэн, дэлгэрэнгүй бүрдүүлж, баримтжуулсан байна.
Арван тав. Стратегийн болон жилийн төлөвлөлт
15.1.Үндэсний аудитын газар Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтыг үндэслэн төрийн аудитын байгууллагын 4 жилийн хугацаанд хийх гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын стратегийн төлөвлөгөөг боловсруулж, Ерөнхий аудитораар батлуулна.
15.2.Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь заалт, аудитын стратегийн төлөвлөгөөг үндэслэн Үндэсний аудитын газрын болон аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын дараа жил хийх аудитын сэдвийн төлөвлөгөөг боловсруулж, Ерөнхий аудитораар батлуулна.
15.3.Төрийн аудитын байгууллага Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3, 6.7 дахь хэсэг, 12 дугаар зүйлд заасны дагуу төлөвлөгөөт бус аудит хийх тохиолдолд тухайн аудитын төрөл, хамрах хүрээ, хугацааг Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулна.
15.4.Аудитын төрлөөс хамаарч энэ журмын 2.1-д заасан аудитын стандарт, заавар, аргачлалыг мөрдөнө. /Энэ заалтыг 2021 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар нэсмсэн./
Арван зургаа. Аудитыг төлөвлөх
16.1.Аудитыг зохистой төлөвлөхийн тулд аудит хийх зүйлийн талаар хангалттай мэдлэг олж авах зорилгоор урьдчилсан судалгаа хийнэ.
16.2.Аудит хийх талаар шалгагдагч этгээдэд мэдэгдэж, урьдчилсан судалгаа хийх зорилгоор шалгах асуудлын талаар шалгагдагч этгээдээс мэдээлэл гаргуулан авна.
16.3.Аудитыг төлөвлөхтэй холбоотойгоор шалгагдагч этгээд болон бусад байгууллага, албан тушаалтан нь төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгнө.
16.4.Аудитын баг аудитын зорилго, зорилт, хамрах хүрээ, аудитын эрсдэл, аудитад ашиглах арга зүй, шалгуур, хийх хугацаа, аудитыг хийх багийн гишүүд, аудитын төсөв зэргийг тусгасан гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, Ерөнхий аудитораар батлуулна.
16.4.1.төлөвлөгөөний аудитын хамрах хүрээ хэсэгт аудитаар судалбал зохих асуудлууд, хамрах хугацаа, шалгагдагч этгээд зэрэг аудитын хил хязгаарыг заасан байна;
16.4.2.аудитор аудитын тохиромжгүй тайлан гаргах аудитын эрсдэлийг үнэлж, ерөнхий үнэлгээг төлөвлөгөөнд тусгана;
16.4.3.шалгаж буй асуудлын хэм хэмжээг тогтоосон загвар буюу “ямар байх ёстой”-г илэрхийлсэн жишиг үзүүлэлтийг шалгуураар тодорхойлж төлөвлөгөөнд аудитын явцад ашиглах ерөнхий шалгуур үзүүлэлтийг тусгана;
16.5.Энэ журмын 3.4.3, 3.4.5, 3.4.6-д заасан санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг Ерөнхий аудитор, 3.4.1, 3.4.2, 3.4.4-т заасан санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг тэргүүлэх аудитор тус тус батална. /Энэ заалтыг 2025 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар өөрчилсөн./
16.6.Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт энэ журмын 3.4.3, 16.4-т заасан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор батална./Энэ заалтыг 2025 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар өөрчилсөн./
16.7.Нэгдсэн удирдамжаар хийж буй аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг тухайн орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, тухайн аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор дахин баталж болно.
16.8.Төлөвлөлтийг аудитын туршид үргэлжлэх үйл ажиллагаа гэж үзэх бөгөөд аудитын явцад томоохон өөрчлөлт гарсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
16.9.Аудитын явцад багийн бүрэлдэхүүнд орсон аудитор аудитыг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд аудитын төлөвлөгөөг баталсан эрх бүхий этгээд түүний оронд өөр аудиторыг томилон ажиллуулна.
Арван долоо. Аудитыг гүйцэтгэх
17.1.Аудитыг гүйцэтгэж эхлэхийн өмнө шалгагдагч этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулан аудитын нээлтийн хурал хийж, аудитын төлөвлөгөөг танилцуулна.
17.2.Аудитыг эрх бүхий этгээдээс баталсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу төрийн аудитын стандарт, холбогдох хууль тогтоомж болон Ерөнхий аудиторын баталсан аргачлал, зааврыг баримтлан гүйцэтгэнэ.
17.3.Аудитор аудитыг гүйцэтгэх үе шатанд аудитын ажлыг төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх, чанартай аудитын тайлан боловсруулахад дэмжлэг үзүүлэхүйц нотлох зүйлсийг олж авах, дүн шинжилгээ хийх ажлыг хэрэгжүүлнэ.
17.4.Аудитор шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч этгээдээс Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу мэдээлэл авна.
17.5.Аудитын гүйцэтгэлийн үе шатны төгсгөлд аудитын баг аудитын урьдчилсан дүнг бодитой эсэхийг бататгах зорилгоор энэ талаар шалгагдагч этгээдэд мэдэгдэж, уулзалт, хэлэлцүүлэг хийнэ.
17.6.Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг шалгагдагч байгууллагын эрх бүхий этгээдэд танилцуулж, энэхүү журмын хавсралт 3-т заасан ”Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийн маягт”-ыг хөтөлж, баримтжуулна.
17.7.Аудитын явцад илэрсэн аудитын зорилго, зорилтод хамааралгүй аливаа асуудлыг аудитын баг хэлэлцэж, материаллаг байдалтай гэж үзвэл аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын тэргүүлэх аудиторт, Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторт танилцуулж шийдвэрлүүлнэ. Ийнхүү шийдвэрлэх нь батлагдсан аудитын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг хязгаарлах үндэслэл болохгүй. Зорилтот хэрэглэгчдийн гаргах шийдвэрт нөлөөлөхүйц тоон болон чанарын асуудлыг материаллаг байдалтай гэж үзнэ.
Арван найм. Аудитыг тайлагнах
18.1.Аудитыг шууд тайлагнах ажил, нотлох ажил гэж ангилна.
18.2.Төрийн аудитын байгууллага шалгах сэдвийг сонгож, аудитыг гүйцэтгэхдээ хангалттай ба зохистой аудитын нотлох зүйл цуглуулж, гарсан үр дүнг аудитын тайланд дүн, дүгнэлт, зөвлөмж хэлбэрээр илэрхийлж шууд тайлагнах ажлыг хэрэгжүүлнэ.
18.2.1.Аудитаар илрүүлсэн гол зүйлс буюу аудитын зорилтуудыг биелүүлэх зорилгоор аудиторын цуглуулсан нотлох зүйлсийн илэрхийллийг аудитын тайлангийн дүнд тусгана;
18.2.2.аудитын дүнд үндэслэн аудитын дүгнэлт гаргана;
18.2.3.Төрийн аудитын байгууллагаас аудитын дүнд үндэслэн шалгагдагч этгээдэд зориулсан алдаа, зөрчлийг засан сайжруулах, үнэ цэн нэмэгдүүлэх арга хэмжээг зөвлөмжөөр өгнө;
18.3.Шууд тайлагнах ажлын хувьд аудитын баг аудитын тайланд аудитын зорилгыг тусгаж, аудитын дүн, дүгнэлт, зөвлөмж бүхий тайланг бичгээр үйлдэнэ.
18.4.Шалгагдагч этгээд холбогдох хуульд заасны дагуу шалгах зүйлийг хууль, эрх зүйн шалгуурт нийцүүлэн мэдээллийг бэлтгэн Төрийн аудитын байгууллагад хүргүүлсний дараа аудитор хангалттай ба зохистой аудитын нотлох зүйл цуглуулж, дүгнэлт гаргаж баталгаажуулах хэлбэрээр нотлох ажлыг хэрэгжүүлнэ.
18.5.Нотлох ажлын хувьд аудитын баг аудитын шалгах зүйлс тогтоосон шалгуурт материаллаг талаараа бүрэн нийцэж байгаа эсэхэд санал дүгнэлт өгнө.
18.6.Аудитын баг аудитын явцад үүссэн асуудлыг тодорхойлж, аудитын тайлангийн төслийг боловсруулж, тухайн аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын тэргүүлэх аудиторт, Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторт танилцуулна.
18.7. Аудитын баг гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төслийг шалгагдагч этгээдэд танилцуулахаас гадна өөрт хамаарал бүхий хэсэгтэй танилцах боломжийг аудитад хамрагдагч этгээдэд олгож, нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.
18.8. Аудитын баг аудитын тайлангийн төсөлд шалгагдагч этгээд, аудитад хамрагдагчаас өгсөн саналыг судалж үндэслэлтэй гэж үзвэл аудитын тайланд зохих засвар хийх, үндэслэлгүй гэж үзвэл түүний тайлбарыг тайлангийн холбогдох хэсэгт тусгана.
18.9. Аудитын тайланг Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторын тушаалаар, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт тэргүүлэх аудиторын тушаалаар баталгаажуулна.
18.10.Аудитын тайлан баталгаажсаны дараа тухайн аудитын тайланг зорилтот хэрэглэгч болон холбогдох бусад этгээдэд хүргүүлж, төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл агуулснаас бусад аудитын тайланг өргөн хүрээнд хүртээмжтэй түгээж, төрийн аудитын байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
18.11.Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг дараах байдлаар шийдвэрлэнэ:
18.11.1.зөвлөмж өгөх;
18.11.2.албан шаардлага өгөх;
18.11.3.төлбөрийн акт тогтоох;
18.11.4.сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх;
18.11.5. гэмт хэргийн шинжтэй үйлдлийг прокурорын байгууллагад шилжүүлэх.
18.12.Аудитын баг аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн зөрчил дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулна.
18.13.Зөвлөмжийг тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэг, чадамж бүхий этгээдэд зориулан боловсруулна.
18.14.Аудитын баг тайлангийн дүнгийн хэсэгт Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т заасны дагуу албан шаардлага, төлбөрийн акт үйлдсэн талаар тусгана. Аудитын баг албан шаардлага, төлбөрийн акт үйлдэхдээ Ерөнхий аудиторын баталсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмыг баримтална.
18.15.Албан шаардлага, төлбөрийн акт нь аудитын тайланг энэ журмын 18.9-д заасны дагуу баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба хүчин төгөлдөр болоогүй албан шаардлага, төлбөрийн актыг биелүүлэхээр холбогдох этгээдийг албадах, шахалт үзүүлэхийг хориглоно./Энэ заалтыг 2025 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар өөрчилсөн./
Арван ес. Аудитын мөрөөр хяналт тавих
19.1.Шалгагдагч этгээд аудитаар өгсөн зөрчил дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжийн дагуу зохих ёсоор арга хэмжээ авч, залруулах ажлыг зохион байгуулсан байна.
19.2.Шалгагдагч этгээд аудитын тайланг баталгаажуулсан тушаалд заасан хугацаанд багтаан албан шаардлага, төлбөрийн акт, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг Төрийн аудитын байгууллагад тайлагнана.
19.3.Төрийн аудитын байгууллага хэрэгжээгүй зөвлөмж, албан шаардлага, төлбөрийн акт байгаа эсэхийг тогтоох зорилгоор хяналт тавьж, үр дүнгийн талаар тайлагнана.
19.4.Төрийн аудитын байгууллага аудитын үр дүнд бий болсон үр өгөөжийг шалгагдагч этгээдээр хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулна. Аудитаар тогтоосон төлбөрийн акт, өгсөн албан шаардлага, зөвлөмж, хийсэн залруулгын үр дүнд шалгагдагч этгээд өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөрөнгө, нөөцөө хэмнэсэн, үр ашгаа дээшлүүлсэн, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чанарыг сайжруулсан бол үр өгөөж бий болсон гэж үзнэ. /Энэ заалтыг 2025 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар өөрчилсөн./
19.5.Аудитаар өгсөн зөвлөмж, албан шаардлага, тогтоосон акт хэрэгжээгүй бөгөөд ач холбогдол их, эрсдэл өндөртэй асуудлыг хөндсөн бол давтан аудит хийж болно.
19.6.Давтан аудитыг хийхэд аливаа аудитын нэгэн адил төлөвлөгөө боловсруулж, шаардагдах хөрөнгө, нөөцийг тооцоолж, жилийн төлөвлөгөөнд тусгана.
19.7.Давтан аудитын тайланд аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелсэн эсэх, үр өгөөж бий болсон эсэх, биелэлтийн дүнг оруулахаас гадна биелээгүй дүнг шалтгааны хамт оруулна. Тайлан нь энгийн ойлгомжтой, давтан аудитын зорилго, зорилтын хүрээнд бичигдэх бөгөөд аудитын тайланд тавигдах шаардлагуудыг хангасан байна. Давтан аудитын тайлангийн төсөлд энэ журамд заасны дагуу шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч саналаа өгөх боломжийг олгоно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЭРСДЭЛ БҮХИЙ АСУУДАЛД ЧИГЛЭСЭН АУДИТ
Хорь. Эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудитын зорилго, шалгах зүйл, хамрах хүрээ
20.1.Санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн аудитыг гүйцэтгэх явцад цаашид нягтлан шалгах, тодруулах шаардлагатай, иргэд олон нийт, хууль тогтоох байгууллагын анхаарал татсан, эрсдэл бүхий асуудалд холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит хийнэ.
20.2.Эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит нь удирдлагын хяналт, улс нийтийн хөрөнгийн төлөө хүлээх хариуцлагыг сайжруулах, ажил хэрэгч зөвлөмж өгөхөд чиглэнэ. Эрсдэлийн аудитын тайлан нь онцлог ач холбогдолтой, тусгайлсан асуудлуудад тэдний анхаарлыг хандуулж, удирдлагын хяналт, үйл ажиллагааг сайжруулах зорилго агуулна.
20.3.Эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудитыг шалгагдагч этгээдийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж, бусад эрх зүйн актад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх, хамрах хүрээ хязгаарлагдмал, тухайлсан эрсдэл бүхий асуудалд хийх бөгөөд үйл ажиллагааг бүхэлд нь бус гол эрсдэлтэй чиглэлүүдийг хамруулан хийнэ.
20.4.Эрсдэлийн аудитаар ноцтой бөгөөд болзошгүй эрсдэлийг илрүүлж, шалгах бөгөөд ноцтой байдал нь бүхэлдээ чанарын ойлголт бөгөөд дараах зүйлийг харгалзана:
20.4.1.санхүүгийн дотоод хяналтын доголдол, нийтийн өмчийг үрэгдүүлсэн буюу үрэгдэхэд хүргэх зохисгүй байдал;
20.4.2.албан тушаалаа урвуулан ашиглах, хувийн ашиг хонжоо бий болгох;
20.4.3.гэм буруутай үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй зөрчил буюу хохирол;
20.4.4.хууль тогтоомж, бусад эрх зүйн акт, аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт заасан бусад шалгуур.
Хорин нэг. Эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит хийх үндэслэл, шаардлага
21.1.Аудитын баг аудитын үе шатны ажлыг хэрэгжүүлэх явцад цаг хугацааны хувьд шалгах боломжгүй өндөр эрсдэлтэй асуудлыг тусгайлан бүртгэж, эрсдэл бүхий асуудалд чиглэсэн аудит хийх нөхцөл бүрдсэн гэж үзвэл ач холбогдлоос нь хамааруулан Үндэсний аудитын газарт Ерөнхий аудиторын, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт тэргүүлэх аудиторын шийдвэрээр аудитыг хэрэгжүүлнэ.
21.2 Эрсдэл бүхий асуудлын онцлог, шинж чанарыг үндэслэн аудитын төрлийг тодорхойлж энэ журмын 2.1-д заасан стандарт, заавар, аргачлалыг мөрдөнө. /Энэ заалтыг 2021 оны МУЕА-ын А/81 дүгээр тушаалаар нэсмсэн./
ДОЛДУГААР бүлэг
АУДИТЫН АЖЛЫН БАРИМТЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ
Хорин хоёр. Аудитын ажлын баримт материалыг архивлах,
хадгалах хамгаалах
22.1.Аудитор гүйцэтгэсэн ажил, цуглуулсан нотлох зүйл, гаргасан дүгнэлтийн талаарх аудитын ажлын баримт материалыг дэлгэрэнгүй бүрдүүлж баримтжуулсан байна.
22.2.Аудитын явцад цуглуулсан болон боловсруулсан бүх баримт бичгийг “ажлын баримт материал” гэж ойлгоно.
22.3.Төрийн аудитын байгууллага аудитын талаар иж бүрэн ойлголт мэдээлэл авахуйц аудитын ажлын баримт материалыг архивлах, хадгалах бодлого, горимтой байна.
22.4.Аудитор аудитын ажлын баримт материалыг энэ журмын 22.3-т заасан бодлого, горим болон архивын холбогдолтой заавар журмын дагуу аудит тус бүрээр архивын нэгж болгон архивын асуудал эрхэлсэн ажилтанд хүлээлгэж өгнө.
22.5.Төрийн аудитын байгууллага ажлын баримт материалыг холбогдох журамд заасан шаардлагад нийцүүлэн ангилж, нэгтгэн зааврын дагуу хадгалж, хамгаална.
22.6.Үндэсний аудитын газар, аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын архивын асуудал эрхэлсэн ажилтан аудитын хэвлэмэл тайлангийн нэг хувийг хадгална.
22.7.Аудитыг гүйцэтгэх явцад олж авсан нууцад хамаарах мэдээллийг Төрийн аудитын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасны дагуу хадгалж, хамгаална.
22.8.Аудитын явцад нууцлалтай холбоотой мэдээлэл хүлээн авах, түгээх, ашиглах, хадгалж, хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгууллагын нууцын асуудал эрхэлсэн албан хаагчийн заавар, чиглэлийн дагуу баримтжуулна.
22.9.Аудитын ажлын баримтын хадгалалт, хамгаалалттай холбоотой бусад асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавраар зохицуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗААЛТ
Хорин гурав. Хариуцлага
23.1.Хүчин төгөлдөр болсон төлбөрийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйл, зөрчил гарсан гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний аудитын газарт Ерөнхий аудитор, аймаг, нийслэл дэх төрийн аудитын газарт тэргүүлэх аудиторын шийдвэрээр эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
23.2.Энэ журмыг зөрчсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- - - оОо - - -
Хавсралт 1
Ярилцлагын тэмдэглэл хийх маягт
Аудитын нэр: .......................................... Аудитын код: .....................
Байгууллагын нэр |
|
Огноо, цаг, минут |
|
Зорилго: |
|
Оролцогчид |
|
Хэлэлцсэн асуудлууд
|
|
Ярилцлага хийсэн: |
Албан тушаал Гарын үсэг Овог нэр |
Танилцсан: |
Албан тушаал Гарын үсэг Овог нэр |
- - - о О о - - -
Хавсралт 2
Аудитад шаардлагатай баримт материалын жагсаалт, хүлээлцсэн байдлыг баримтжуулах маягт
Аудитын нэр: ............................. Аудитын код: ..........................
Байгууллагын нэр: .................................................
№ |
Баримт материалын нэр |
Материал ирүүлэх хэлбэр |
Баримт материал гаргаж өгөх ажлыг хариуцах ажилтны |
Баримт хүлээлцсэн |
Тэмдэглэл |
|||
Огноо |
Гарын үсэг |
|||||||
Албан тушаал |
Овог нэр |
Хүлээлгэн өгсөн |
Хүлээн авсан |
|||||
А |
Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой баримт |
|||||||
1 |
Байгууллагын ... оны үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайлан, танилцуулга |
Хуулбар |
|
|
|
|
|
|
2 |
|
Цахим/ хуулбар |
|
|
|
|
|
|
3 |
|
Үндсэн баримт |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
Жагсаалт бэлтгэсэн: Албан тушаал: Овог нэр: Огноо:
Хүлээн авсан: Албан тушаал: Овог нэр: Огноо:
- - - о О о - - -
Хавсралт 3
Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн бүртгэлийн маягт
Аудитын нэр: ....................................... Аудитын код: .............................
Байгууллагын нэр: .................................................
№ |
Аудитын чиглэл/асуулт |
Алдаа, зөрчлийн товч утга |
Мөнгөн дүн (Мянган төгрөг) |
Аудитын байгууллагаас гаргасан шийдэл |
Шалгагдагч байгууллагын санал, тайлбар |
Гаргасан шийдвэр |
А |
1 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
|
|
|
|
|
Албан шаардлага өгөх. |
2 |
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A