A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн

89 тоот тогтоолын хавсралт

 

ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ

ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь телевизээр нэвтрүүлэх аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, бүтээгдэхүүн байршуулалт, төлбөрт, захиалгат, теле худалдааны нэвтрүүлэгт тавих хязгаарлалт, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт, мониторинг хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Зар сурталчилгааны зохицуулалтын зорилго нь үзэгч, олон нийтийн нийтлэг эрх ашиг, хүүхдийн эрхийг хамгаалах, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохистой хэмжээг тогтоох, зах зээлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, өргөн нэвтрүүлгийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

1.3. Энэхүү журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө.

1.4. Телевиз нь зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор  өөрчлөн найруулсан.

1.5. Олон нийтийн телевизийн үндсэн болон бусад сувгаар нэвтрүүлэх зар сурталчилгааг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.

1.6. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеэр телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн сурталчилгааны төлбөрт, захиалгат нэвтрүүлэгтэй холбоотой харилцааг холбогдох хуулиудаар зохицуулна.

1.7. Телевиз нь зар сурталчилгаа, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, бүтээгдэхүүн байршуулалт, төлбөрт, захиалгат нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.

ХОЁР. Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны төрөл

2.1. Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаа нь дараах төрөлтэй байна.

2.1.1. Арилжааны зар сурталчилгаа;

2.1.2. Арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг;

2.1.3. Нийгмийн зар сурталчилгаа.

2.2. Телевизээр нэвтрүүлэх дараах сурталчилгаа, мэдээлэл нь зар сурталчилгаанд хамаарахгүй.

2.2.1. Телевизийн өөрийн хөтөлбөр, нэвтрүүлгийн танилцуулга, сурталчилгаа;

2.2.2. Эрх бүхий байгууллагын гаргасан гамшгийн зарлан мэдээлэл, заавар, зөвлөмж.

2.3. Арилжааны зар сурталчилгаа гэдэгт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас өөрийн бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах, ашиг олох зорилгоор төлбөртэй, эсвэл түүнтэй дүйцэхүйц нөхцлөөр нэвтрүүлж буй богино хэмжээний зар мэдээллийг ойлгоно.

2.4. Арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг гэдэгт бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний сурталчилгааг мэдээллээр баяжуулж, онцлогийг тодотгож, ач холбогдол, зааврын талаар дэлгэрүүлж мэдээлэх хэлбэрээр бэлтгэсэн нэвтрүүлгийг ойлгоно.

2.5. Бүтээгдэхүүн байршуулалт гэж нэвтрүүлэгт бараа, бүтээгдэхүүнийг бодитоор нь эсхүл бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг, уриа, лого, бичиглэл, дүрсийг байршуулах, хэрэглэж үзүүлэхийг ойлгоно.

2.6. Хөтөлбөрийн ивээн тэтгэлт гэж ивээн тэтгэгч нь өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлуулах зорилгоор телевизийн нэвтрүүлгийг бүтээх, нэвтрүүлэхэд санхүүгийн болон бусад хэлбэрээр хандив, тусламж, дэмжлэг үзүүлэхийг ойлгоно.

2.7. Төлбөрт нэвтрүүлэг гэж тухайн телевизийн редакцийн бодлогын хүрээнд бэлтгэгдээгүй, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөртэй нэвтрүүлэх нөхцөлтэй бэлтгэн нэвтрүүлсэн нэвтрүүлгийг ойлгоно.

2.8. Теле худалдааны нэвтрүүлэг гэдэгт төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг студид байрлуулан биетээр сурталчлан таниулж, хэрэглэх заавар, зөвлөгөөг тайлбарлан үзүүлж үзэгчдээс захиалга авч, хүргэх зорилгоор дэлгэрүүлэн мэдээлэх хэлбэрээр бэлтгэсэн сурталчилгааны нэвтрүүлгийг ойлгоно. Тухайн бараа, бүтээгдэхүүний онцлог, шинжээс хамаарч танилцуулгыг студид бус өөр орчин, нөхцөлд бэлтгэж болно.

2.9. Нийгмийн зар сурталчилгаанд нийтийн болон улс орны эрх ашгийн төлөө, нийтэд ашиг тустай үйлс, үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх, боловсрол олгох, дэмжих зорилгоор бүтээсэн арилжааны бус зар сурталчилгааг ойлгоно.

2.10. Үгэн болон урсдаг зар гэдэгт зар сурталчилгааг дэлгэц дээр текст байдлаар гаргах, дуу оруулалттай унших эсвэл урсгах хэлбэрээр зарын цагийн үеэр нэвтрүүлэхийг ойлгоно.

2.11. Баннер гэдэгт телевизийн дэлгэцийн буланд гарах хөдөлгөөнтэй эсвэл хөдөлгөөнгүй график дүрс, текстийг хамааруулж ойлгоно.

ГУРАВ. Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааныхязгаарлалт

3.1. Телевиз нь аливаа хэлбэрийн зар сурталчилгаа, бүтээгдэхүүн байршуулалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат болон теле худалдааны нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ Зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор хориглосон, хууль бус болон зүй бус үг хэллэг, дүрстэй зар сурталчилгааг нэвтрүүлэхгүй.

3.2. Өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизийн нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацаа 15 (арван тав) минутаас илүүгүй байна.

3.3. Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нэг блокийн үргэлжлэх хугацаа таван минутаас илүүгүй байна.

3.4. Нэг цаг гэдэгт тухайн цаг эхлэх минутын 00 секундээс дуусах сүүлийн минутын 59 секунд хүртэлх хугацааг ойлгоно.

3.5. Энэ журмын 3.2-т заасан нэг цагт нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацааны хязгаарлалтад тухайн зар сурталчилгааны давталт хамаарна.

3.6. Зар сурталчилгааг бусад нэвтрүүлэг, хөтөлбөрөөс ойлгомжтой байдлаар ялгасан байх ба зар сурталчилгааны блокийн эхлэл, төгсгөлийг тогтсон үг хэллэг, богино ая, дуу, дүрс ашиглан үзэгчид ойлгомжтой байдлаар илэрхийлнэ.

3.7. Үгэн болон урсдаг зарыг энэ журмын 3.2, 3.3-т заасан зар сурталчилгааны хугацааны хязгаарлалтад оруулж тооцох ба зарыг Монгол хэлний хэм хэмжээ, зөв бичих дүрэм, зүй тогтолд нийцүүлэн урьдчилан бэлтгэж, хөтөлбөрийн хуваарьт оруулж зарын цагаар нэвтрүүлнэ.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан.

3.8. Үргэлжлэх хугацаа нь 20 минутаас дээшгүй нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй.

3.9. Оргил цагаар (18:00-23:00) нэвтрүүлэх зар сурталчилгааны 80 хувиас доошгүй нь Монголд бүтээсэн байна.

3.10. Телевизээр хоногт нэвтрүүлэх арилжаа, сурталчилгааны нэвтрүүлэг нь тухайн өдрийн нийт хөтөлбөрийн цагийн 15 хувиас илүүгүй байх ба нэвтрүүлгийг хөтөлбөрийн хуваарьт оруулсан байна.

3.11. Хөтөлбөрийн цаг гэдгийг тухайн телевизийн хоногийн эфир эхэлсэн цагаас эфир дууссан цаг хүртэлх хугацааг ойлгоно.

3.12. Мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7, 23.8-д заасныг баримталж нэвтрүүлэх ба мэдээний дундуур зар сурталчигаа нэвтрүүлэхгүй.

3.13. Мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийн багц хооронд 2-оос ихгүй зар сурталчилгааны блок нэвтрүүлж болно.

3.14. Зар сурталчилгааны цагаас бусад үед нэвтрүүлж буй аливаа нэвтрүүлэг, киноны үеэр ивээн тэтгэгчийн болон аливаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний зар сурталчилгааг баннер хэлбэрээр, урсдаг зар байдлаар дэлгэц дээр давхардуулан гаргахгүй байна.

3.15. Телевизээр нэвтрүүлэх урлаг, спортын тогтлолт, тэмцээн, уралдааны дамжуулалтын үеэр тухайн арга хэмжээг ивээн тэтгэгчийн баннерыг (нэр, лого, дүрс, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, барааны тэмдэг) үзэгчдэд саад учруулалгүйгээр, богино хугацаанд, зохистой хэмжээнд гаргаж болно.

3.16. Харилцаа холбооны сүлжээ, дамжуулж байгаа технологиос үл хамааран үзэгчдээс чат, мессеж хэлбэрээр ирүүлсэн үгэн зар, ниймийн сүлжээгэр дамжуулж байгаа зар сурталчилгааг дэлгэц дээр харуулах байдлаар нэвтрүүлэхгүй.

3.17. Гамшгаас хамгаалах тухай хууль, журам, зааварт тусгайлан заасан гамшгийн аюулын дуут дохиог гамшгийн зарлан мэдээллээс бусад зорилгоор зар сурталчилгаанд ашиглахгүй.

3.18. Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр сурталчлан, худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор  өөрчлөн найруулсан.
3.19. Нийгмийн зар сурталчилгааг энэ журмын 3.2-т заасан нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохгүй.
3.20.Энэ журмын 3.10-т заасан арилжаа сурталчилгааны нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийг хамааруулж тооцно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.21.Сугалааны тохирлоос (хонжвор, шалгаруулалтаас) бусад хэлбэрийн эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасан телевизээр нэвтрүүлэхгүй. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.22. Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийг үндэслэнэ.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.23.Энэхүү журмын 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.10, 2.11 заасан нэвтрүүлэг, зар сурталчилгаа, баннер, үг хэллэгийг түгээхэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, нотолгоонд суурилсан, эх сурвалжид үндэслэсэн, зөвхөн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхэд чиглэсэн байна.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.24.Эмийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нэр, тухайн зөвшөөрлийн дугаар, “ЭМИЙН ЗААВРААС ГАЖ НӨЛӨӨ, ЭСРЭГ ЗААЛТЫГ УНШИЖ, ЭМЧ, ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ" гэсэн анхааруулгыг сурталчилгааны бүх хугацаанд дэлгэцийн буланд тод гаргацтай байршуулна.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.25.Биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд “ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ӨВЧНИЙГ ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ ЗОРИЛГООР ХИЙГДЭЭГҮЙ БОЛНО” гэсэн анхааруулгыг сурталчилгааны бүх хугацаанд дэлгэцийн буланд тод гаргацтай байршуулна.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
3.26.Эрүүл мэндийн нэвтрүүлэгт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний тухай ярьж байгаа тохиолдолд журмын 3.24, 3.25-д заасан анхааруулгыг нэвтрүүлгийн туршид дэлгэцийн доогуур урсгах хэлбэрээр гаргана.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.

ДӨРӨВ. Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгаандхүүхэд хамгаалах зорилгоор тавих хязгаарлалт

4.1. Хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлэхэд Зар сурталчилгааны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

4.2. Хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлгийн дундуур зөвхөн хүүхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрүүлж болно.

4.3. Хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлэг гэдэгт “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS 6587:2016 стандартад заасан балчир болон бага насны буюу 3+, 6+ насны хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон, хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлэг хамаарна.

4.4. Балчир насны буюу 3+ насны ангилалтай нэвтрүүлэг, киноны дундуур зар сурталчилгаа нэвтрүүлэхгүй.

4.5. Бага насны буюу 6+ насны ангилалтай нэвтрүүлэг, киноны дундуур нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацаа нь 30 минутын хугацаанд таван минутаас илүүгүй байна.

4.6. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур холбогдох эрх бүхий байгууллагын гаргасан зөвлөмжийн дагуу чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн сурталчлахгүй, аливаа бараа, бүтээгдэхүүн байршуулахгүй.

4.7. Телевиз нь аливаа хэлбэрийн зар сурталчилгаа бэлтгэж нэвтрүүлэхдээ хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор редакцид хяналтын тогтолцоог бүрдүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасан хөтөлбөрийн дүрмийг мөрдөж ажиллана.
4.8.Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн 2.10-т заасны дагуу бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон сурталчлахгүй. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.

ТАВ. Хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөрт, захиалгат нэвтрүүлэг,теле худалдааны нэвтрүүлгийн зохицуулалт

5.1. Ивээн тэтгэгчтэй нэвтрүүлгийн ивээн тэтгэгчийг тухайн нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд болон нэвтрүүлгийн явцад дурдаж үзэгчдэд ойлгомжтой байдлаар мэдээлнэ.

5.2. Нэвтрүүлгийн үеэр бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор бүтээгдэхүүн байршуулах бол тухайн нэвтрүүлэгт саад учруулахгүйгээр, зохистой хэм хэмжээг баримтлан гаргана.

5.3. Телевиз нь хөтөлбөрийн ивээн тэтгэлт, бүтээгдэхүүн байршуулалтыг өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэхдээ энэхүү журмын 5.2-т заасан зарчмыг баримтлах өөрийн редакцийн бодлоготой, хяналт тавьж ажилладаг байна.

5.4. Мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийн хараат бус байдлыг хангах зорилгоор мэдээ, мэдээллийн нэвтрүүлэгт ивээн тэтгэлт авахгүй, бүтээгдэхүүн байршуулалт хийхгүй.

5.5. Төлбөрт, захиалгат нэвтрүүлгийг “төлбөрт нэвтрүүлэг” эсхүл “захиалгат нэвтрүүлэг” гэсэн тэмдэглэгээтэй нэвтрүүлэх бөгөөд телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны турш тодорхой илэрхийлнэ.

5.6. Теле худалдааны нэвтрүүлгийг зөвхөн теле худалдааны чиглэлээр дагнасан төрөлжсөн арилжааны телевизээр нэвтрүүлнэ.

5.7. Теле худалдааны нэвтрүүлэг дундуур тухайн сурталчилж байгаа бараа, бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, үнэ, үнийн хямдрал, захиалга авах утас зэрэг мэдээллийг агуулсан баннер гаргаж болно.

5.8. Теле худалдааны чиглэлээр төрөлжсөн телевизээр зөвхөн теле худалдааны нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлэх бөгөөд зар сурталчилгаа, бүтээгдэхүүн байршуулалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлт, төлбөр, захиалгат нэвтрүүлэг, нэвтрүүлэхгүй.

5.9. Төлбөртэй телевизээр бүтээгдэхүүн байршуулалт, хөтөлбөрийн ивээн тэтгэлтээс бусад зар сурталчилгаа, төлбөр, захиалгат нэвтрүүлэг, теле худалдааны нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй.

ЗУРГАА. Зар сурталчилгаанд тавих хяналт

6.1. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 24.4, 24.6 болон энэхүү журмын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийж ажиллана.

6.2. Телевиз нь өөрийн редакцид баримтлах бодлого, зохицуулалтын хүрээнд энэхүү журмын 3.22-3.264.6, 5.3, 5.4 дах заалтын хэрэгжилтэд дотооддоо хяналт, мониторинг хийж ажиллах бөгөөд журмын заалтыг мөрдөж ажиллаагүй нь илэрсэн, удаа дараа давтагдсан тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан.

6.3. Телевиз нь энэхүү журамд заасан өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн зар сурталчилгаа, нэвтрүүлэг, тэдгээрийн хугацаа, хувь хэмжээтэй холбоотой тайлан, мэдээллийг Зохицуулах хороонд хагас жил тутамд ирүүлнэ.

6.4. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалттай холбоотой болон энэхүү журмыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.

6.5. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон энэхүү журмын хүрээнд хийсэн мониторингийн дүн мэдээ, хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлж ажиллана.
6.11.Энэхүү журамд заасан зар сурталчилгааны хувь хэмжээ, цаг хугацааг  тооцоход тухайн хоногийн эфир эхэлсэн цагаас 00:00 цаг хүртэлх хугацааг хамруулан авч үзнэ.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэмсэн.
 

 

------ oOo ------