A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ

ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

"ТЕЛЕВИЗЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.4, 3 дугаар зүйлийн 3.7, 3.18, 3.181, 3.20, 3.21, 3.22, 3.23, 3.24, 3.25, 3.26, 4 дүгээр зүйлийн 4.8, 6 дугаар зүйлийн 6.11, 6.2 дах хэсэгт дараахь агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.
1.1. Энэхүү журмын 3 дугаар зүйлд "3.20.Энэ журмын 3.10-т заасан арилжаа сурталчилгааны нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийг хамааруулж тооцно." гэж; "3.21.Сугалааны тохирлоос (хонжвор, шалгаруулалтаас) бусад хэлбэрийн эд мөнгөний хонжворт сугалааны нэвтрүүлгийг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасан телевизээр нэвтрүүлэхгүй." гэж; "3.22. Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийг үндэслэнэ." гэж; "3.23.Энэхүү журмын 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.10, 2.11 заасан нэвтрүүлэг, зар сурталчилгаа, баннер, үг хэллэгийг түгээхэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, нотолгоонд суурилсан, эх сурвалжид үндэслэсэн, зөвхөн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхэд чиглэсэн байна." гэж; "3.24.Эмийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нэр, тухайн зөвшөөрлийн дугаар, "ЭМИЙН ЗААВРААС ГАЖ НӨЛӨӨ, ЭСРЭГ ЗААЛТЫГ УНШИЖ, ЭМЧ, ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ" гэсэн анхааруулгыг сурталчилгааны бүх хугацаанд дэлгэцийн буланд тод гаргацтай байршуулна." гэж; "3.25.Биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд "ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ӨВЧНИЙГ ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ ЗОРИЛГООР ХИЙГДЭЭГҮЙ БОЛНО" гэсэн анхааруулгыг сурталчилгааны бүх хугацаанд дэлгэцийн буланд тод гаргацтай байршуулна." гэж; "3.26.Эрүүл мэндийн нэвтрүүлэгт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний тухай ярьж байгаа тохиолдолд журмын 3.24, 3.25-д заасан анхааруулгыг нэвтрүүлгийн туршид дэлгэцийн доогуур урсгах хэлбэрээр гаргана." гэж; 4 дүгээр зүйлд "4.8.Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн 2.10-т заасны дагуу бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон сурталчлахгүй." гэж; 6 дугаар зүйлд "6.11.Энэхүү журамд заасан зар сурталчилгааны хувь хэмжээ, цаг хугацааг тооцоход тухайн хоногийн эфир эхэлсэн цагаас 00:00 цаг хүртэлх хугацааг хамруулан авч үзнэ." гэж; 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийн "...Өрсөлдөөний тухай хууль," гэсний дараа "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль" гэж; 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсгийн "....3.2 ба" гэсний дараа "3.3" гэж; 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсгийн "....энэхүү журмын" гэсний дараа "3.22-3.26" гэж тус тус нэмэх.
1.2. Энэхүү журмын "3.18.Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй." гэснийг "Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр сурталчлан, худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй." гэж өөрчлөн найруулах. 1.3. Энэхүү журмын "1.4.Телевиз нь зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана." гэснийг "1.4.Телевиз нь зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана." гэж өөрчлөх.
1.4.  Журмын 3.181 дах хэсгийг хасах. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2022 оны 59 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ