- Нүүр
- Эрх зүйн акт
- ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн
01 тоот тогтоолын хавсралт
ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос телевизийн үйлчилгээний хөтөлбөрт тавигдах шаардлага, бүтээл, нэвтрүүлгийн хувь, хэмжээг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү шаардлагыг Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчид (цаашид “Телевиз” гэх) дагаж мөрдөнө.
1.3.Телевиз нь хөтөлбөр бэлтгэн олон нийтэд түгээхдээ Монгол Улсын үндсэн хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм, журмыг мөрдөж ажиллана.
1.4.Олон нийтийн телевизийн үндсэн болон бусад сувгийн хөтөлбөрт тавигдах шаардлагатай холбоотой харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна.
Хоёр. Хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага
2.1.Телевиз нь хөтөлбөрөө бэлтгэж нэвтрүүлэхдээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлахаас гадна олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх чиглэлийг үндсэн үүрэг, зорилго болгон үзэгч, олон нийтийн эрх ашгийг дээдэлнэ.
2.2.Телевиз нь хөтөлбөрөө бэлтгэж, нэвтрүүлэхдээ баримтлах редакцын бодлого, дүрэмтэй байх бөгөөд өөрийн нэвтрүүлсэн хөтөлбөрт хариуцлага хүлээнэ.
2.3.Телевиз нь хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэхдээ Монгол хэлний зөв бичих дүрэм, найруулга зүйн хэм хэмжээг баримтална.
2.4.Өргөн нэвтрүүлгийн телевиз нь олон талт хөтөлбөртэй байх бөгөөд аль нэг чиглэлээр дагнасан төрөлжсөн хөтөлбөр дамжуулахгүй.
2.5.Олон талт хөтөлбөр гэж улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ, мэдээлэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, хүүхэд, боловсрол, соёл, урлаг, спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан бүтээл, нэвтрүүлгийн багцыг ойлгоно.
2.6.Арилжааны телевиз нь тодорхой чиглэлээр дагнасан төрөлжсөн хөтөлбөр дамжуулж болох бөгөөд төрөлжсөн чиглэлийн талаарх мэдээллийг үзэгчдэд ойлгомжтой илэрхийлнэ.
2.7.Телевиз нь зар сурталчилгаагаар дагнасан төрөлжсөн хөтөлбөр бэлтгэж дамжуулахгүй.
2.8.Теле худалдааны чиглэлээр төрөлжсөн телевизийн хөтөлбөр нь теле худалдааны нэвтрүүлгээр дагнасан байна.
2.9.Телевизийн нэвтрүүлэгт тусгай дугаар ашиглах тохиолдолд нэвтрүүлгийн эхлэлд болон нэвтрүүлгийн дундуур тусгай дугаарын үнэ тарифыг дурдаж, үзэгчид харагдахуйц байдлаар тодорхой, ил тод мэдээлнэ.
2.10.“Урсдаг” болон “үгэн” хэлбэрийн мэдээ, мэдээллийг “Өргөн нэвтрүүлгийн үгэн болон урсдаг мэдээллийн форматад тавих шаардлага” MNS 6607:2016 стандартын дагуу зөвхөн цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг дундуур нэвтрүүлнэ.
2.11.Гамшгийн болон онцгой байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээлэл, урсдаг болон үгэн хэлбэрийн мэдээг Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23.4-д заасан журмын дагуу нэвтрүүлнэ.
2.12.Төлбөртэй телевизийн хөтөлбөр тодорхой чиглэлээр дагнасан, төрөлжсөн байна.
Гурав. Бүтээл, нэвтрүүлгийн хувь хэмжээнд тавигдах шаардлага
3.1.Арилжааны телевизийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 50 хувиас доошгүй нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг байна.
3.2.Өргөн нэвтрүүлгийн телевизийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 60 хувиас доошгүй нь үндэсний бүтээл, нэвтрүүлэг байна.
3.3.Цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийн цагийг тухайн телевизийн үндэсний бүтээл, нэвтрүүлгийн хувь хэмжээнд оруулж тооцно.
3.4.Телевизийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувиас доошгүй нь өөрийн бүтээл, нэвтрүүлэг байх бөгөөд өөрийн редакцын бодлогын хүрээнд тухайн телевизэд бэлтгэсэн байна.
3.5.Төлбөртэй болон тодорхой чиглэлээр дагнасан, төрөлжсөн хөтөлбөртэй арилжааны телевизэд энэхүү шаардлагын 3.4-д заасан хувь хэмжээний шаардлага хамаарахгүй бөгөөд өөрийн редакцын бодлогын хүрээнд бэлтгэсэн тодорхой хэмжээний өөрийн бүтээл, нэвтрүүлэгтэй байна.
3.6.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевизийн 7 хоногийн хөтөлбөрийн нийт цагийн 30 хувиас доошгүй нь тухайн орон нутгийн иргэдэд чиглэсэн, тухайн орон нутагт бүтээсэн мэдээ, мэдээлэл, бүтээл, нэвтрүүлэг байна.
3.7.Улаанбаатар хотын алслагдсан Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевизэд энэхүү шаардлагын 3.6, 3.12-д заасан шаардлага хамаарна.
3.8.Үндэсний бүтээл, нэвтрүүлэг, өөрийн бүтээл, нэвтрүүлэг, орон нутгийн бүтээл, нэвтрүүлэгт реклам, арилжаа сурталчилгааны нэвтрүүлэг, үгэн болон урсдаг зарын цаг хамаарахгүй.
3.9.Телевизээр нэвтрүүлсэн аливаа бүтээл, нэвтрүүлгийн давталтыг тухайн бүтээл, нэвтрүүлгийн хувь хэмжээнд оруулж тооцно.
3.10.Монгол Улс болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх өргөн нэвтрүүлгийн телевиз нь үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ дараах шаардлагыг хангана. Үүнд:
3.10.1.Жилд 200 цагаас багагүй хугацааны үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг нэвтрүүлэх ба нийт цагийн 20 хувиас доошгүй нь шинэ бүтээл байна;
3.10.2.Жилд 130 цагаас багагүй хугацааны 6+, 12+ насны ангилалтай (бага, өсвөр насны) хүүхдэд зориулсан нэвтрүүлэг нэвтрүүлэх ба нийт цагийн 20 хувиас доошгүй нь шинэ бүтээл байна;
3.10.3.Жилд 90 цагаас багагүй хугацааны балчир насны буюу 3+ насны ангилалтай хүүхдэд зориулсан нэвтрүүлэг нэвтрүүлнэ;
3.10.4.Жилд 180 цагаас багагүй хугацааны танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлнэ.
3.10.5.Энэхүү шаардлагын 3.10.2-т заасан хүүхдийн нэвтрүүлгийн нийт цагийн 20 хувиас доошгүй нь дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл бичгэн тайлбартай байна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар тогтоолоор нэмсэн.
3.11.Шинэ бүтээл гэдэгт тухайн жилд шинээр бүтээсэн нэвтрүүлгийг тухайн телевизээр анх удаа нэвтрүүлснийг ойлгоно.
3.12.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх өргөн нэвтрүүлгийн телевиз нь үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг, хүүхдийн нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлэхдээ дараах шаардлагыг хангана. Үүнд:
3.12.1.Жилд 180 цагаас багагүй хугацааны үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг нэвтрүүлнэ;
3.12.2.Жилд 150 цагаас багагүй хугацааны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг нэвтрүүлнэ;
3.12.3.Жилд 90 цагаас багагүй хугацааны танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлнэ.
3.13.Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гэдэгт телевизээр нэвтрүүлэх зориулалтаар бэлтгэсэн хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд чиглэсэн танин мэдэхүйн мэдлэг, боловсрол олгох нэвтрүүлгийг ойлгоно.
3.14.Балчир насны буюу 3+ насны ангилалтай хүүхдэд зориулсан нэвтрүүлэг нь үндэсний бүтээл байх ба нэг нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 15 минутаас ихгүй байна.
3.15.Хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт хүүхдийн болон хүүхэлдэйн киног оруулж тооцохгүй.
3.16.Танин мэдэхүйн нэвтрүүлэг гэдэгт шинжлэх ухаан, түүх, соёл, зан заншил, хэл бичиг, утга зохиол, урлаг, соёлын өвийг тайлбарлан таниулсан баримтат бүтээл, нэвтрүүлгийг ойлгоно.
3.17.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2.4-ийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх телевиз нь өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх цаг үеийн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, танин мэдэхүйн нэвтрүүлэг зэргийг дохионы хэлний хэлмэрчтэй эсхүл хадмал тайлбартай гаргах үе шаттай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ. Тус төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хугацааны хуваарийг Зохицуулах хороонд ирүүлэх ба хагас жил тутам тайлагнана.
3.18.Телевизээр нэвтрүүлэх гадаадын аль нэг улсын кино нь тухайн телевизийн улиралд нэвтрүүлэх нийт гадаад киноны 50 хувиас хэтрэхгүй байна.
3.19.Телевиз нь киноны чиглэлээр дагнасан, төрөлжсөн хөтөлбөр дамжуулах тохиолдолд зөвхөн аль нэг гадаад улсын киногоор дагнасан, төрөлжсөн хөтөлбөр бэлтгэж дамжуулахгүй.
Дөрөв. Хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр тавих шаардлаг
4.1.Телевиз нь хөтөлбөр бэлтгэж дамжуулахдаа хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор редакцад хяналтын тогтолцоог бүрдүүлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасан хөтөлбөрийн дүрмийг мөрдөж ажиллана.
4.2.Телевиз нь нэвтрүүлэг, бүтээлд Монгол Улсын холбогдох хуулиар хориглосон болон энэхүү шаардлагын 4.1-д заасан хөтөлбөрийн дүрэмд тусгасан зохисгүй контент бүхий зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүдүүлэг, доромж үг хэллэг байгаа эсэхийг хянаж, зохисгүй агуулга бүхий хэсгийг хасах, дууг хаах, дуут сигналаар орлуулах, дүрсийг бүдгэрүүлэх зэрэг техникийн хязгаарлалт хийх арга хэмжээ авна.
4.3.Телевиз нь 18+ насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээтэй кино, нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлэхээс өмнө Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор хязгаарласан эсэхийг нягтална.
4.4.Телевиз нь өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлэх кино, нэвтрүүлгийн агуулгад насны ангилал тогтоож, түүнийг таних тэмдэг, тэмдэглэгээг “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS 6587:2016 стандартад заасны дагуу зурагтын дэлгэц дээр үзүүлж, олон нийтэд нэвтрүүлгийн насны ангиллын тэмдэг, тэмдэглэгээг сурталчилж, таниулна.
4.5.Хүүхдийн чиглэлээр дагнасан төрөлжсөн хөтөлбөртэй арилжааны телевизээр 18+ насны ангилалтай нэвтрүүлэг, кино нэвтрүүлэхгүй.
4.6.Хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлгийг оройн 21:00 цагаас хойш нэвтрүүлэхгүй.
4.7.Насанд хүрэгчдэд буюу 18-аас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлэхгүй.
4.8.Телевиз нь үзэгч, хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамтай байх ба журамд хүүхэд хамгааллын чиглэлээр санал, гомдол хүлээж авах, гомдол маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.
Тав. Хөтөлбөрт тавих хяналт
5.1.Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.4, 23.5, 23.8, 23.9 болон энэхүү шаардлагын хэрэгжилтэд хяналт, мониторинг хийж ажиллана.
5.2.Телевиз нь энэхүү шаардлагад заасан өөрийн хөтөлбөрөөр нэвтрүүлсэн нэвтрүүлэг, бүтээл, тэдгээрийн хугацаа, хувь хэмжээтэй холбоотой тайлан, мэдээллийг Зохицуулах хороонд хагас жил тутамд ирүүлнэ.
5.3.Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.6, 23.7 дах заалттай холбоотой болон энэхүү шаардлагыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, холбогдох арга хэмжээг авна.
5.4.Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон энэхүү шаардлагын хүрээнд хийсэн мониторингийн дүн мэдээ, хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлж ажиллана.
- - - o O o - - -
Текст томруулах
A
A
A