A

A

A

Бүлэг: 1979
СОНГУУЛЬ АЖИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Сонгуулийн ерөнхий хорооны

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн

29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

 

СОНГУУЛЬ АЖИГЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Сонгуулийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн ажиглалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Сонгууль ажиглахтай холбогдсон үйл ажиллагаанд энэ журам болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

1.3.Ажиглагч гэж холбогдох шатны сонгуулийн байгууллагад бүртгүүлэн үнэмлэх авсан, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын болон гадаад улсын иргэдийг ойлгоно.

1.4.Ажиглагчдыг дараах этгээд томилон ажиллуулж болно:

1.4.1.сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч;

1.4.2.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага;

1.4.3.гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар.

1.5.УИХ-ын сонгуулийн тухайд нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нэг санал авах байранд хоёр хүртэл, орон нутгийн сонгуулийн тухайд нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нэг санал авах байранд 3 хүртэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд нэр дэвшигч нэг санал авах байранд 3 хүртэл ажиглагч томилон ажиллуулах эрхтэй. Энэ хэсэгт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
1.6.Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нэг санал авах байранд 2 хүртэл ажиглагчийг томилон ажиллуулах эрхтэй.

1.7.Ажиглагч нь сонгууль ажиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ба энэ журмын хавсралтаар баталсан ажиглагчийн ёс зүйн дүрэмтэй танилцаж, гарын үсэг зурсан байна.

1.8.Ажиглагч бүртгүүлэх хүсэлт гаргасан бүх байгууллага ажиглагчийн ёс зүйн дүрэм болон сонгуулийн тухай хууль тогтоомжийг өөрийн илгээж буй ажиглагчдад танилцуулах үүргийг хүлээнэ.

1.9.Сонгууль ажигласан этгээд ажиглалтын тайлангаа зөвлөмжийн хамт Сонгуулийн ерөнхий хорооны gecm@gec.gov.mn цахим хаягаар хүргүүлнэ.      

Хоёр. Ажиглагч бүртгүүлэх хүсэлт гаргах

2.1.Энэ журмын 1.3.1, 1.3.2-т заасан этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтийг бүртгэлийн маягтын дагуу гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө дараах баримт бичгийн хамт цаасан, эсхүл цахим хэлбэрээр хэсгийн хороонд хүргүүлнэ:
Энэ хэсэгт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2.1.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

2.1.2.маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;

2.1.3.нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;

2.1.4.иргэний үнэмлэхийн хуулбар;

2.1.5.ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.

2.2.Гадаадын болон олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, гадаад улсын иргэн /цаашид "гадаадын ажиглагч" гэх/ сонгууль ажиглах, ажиглагчаар бүртгүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт цаасан, эсхүл цахим хэлбэрээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ:

2.2.1.ажиглагчаар томилсон тухай холбогдох байгууллагын албан хүсэлт;

2.2.2.маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;

2.2.3.нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;

2.2.4.гадаад паспортын хуулбар.

2.2.5.ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.

2.3.Ажиглагчийн бүртгэлийг цахимаар хийхдээ Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсаар дамжуулан гүйцэтгэнэ.
2.4.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
Энэ хэсгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор нэмсэн.

Гурав. Ажиглагч бүртгэх, үнэмлэх олгох

3.1.Сонгуулийн ерөнхий хороо энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор нягтлан шалгаж, хуульд заасан шаардлага хангасан этгээдийг гадаадын ажиглагчаар бүртгэж, үнэмлэх олгоно.

3.2.Хэсгийн хороо энэ журмын 2.1-д заасны дагуу ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хуульд заасан шаардлага хангасан этгээдийг ажглагчаар бүртгэж, үнэмлэх олгоно.
Энэ хэсэгт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

3.3.Хэсгийн хороо энэ журмын 2.1-д заасан баримт бичиг дутуу, шаардлага хангахгүй тохиолдолд хуульд заасан хугацаанд багтаан баримт бичгийн зөрчлийг арилгуулах, дахин бүрдүүлж ирүүлэхийг шаардах эрхтэй.

3.4.Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байна.

3.5.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо өөрийн харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн хэсэг тус бүрээр гаргасан ажиглагчдын талаарх мэдээллийг нэгтгэн, санал авах өдрөөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бичгээр болон цахимаар бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
Энэ хэсгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор нэмсэн.

Дөрөв. Сонгууль ажиглах

4.1.Ажиглагч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглах бөгөөд сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан эрх эдэлнэ.

4.2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.12, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.12, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12-т заасны дагуу санал авах байрын багтаамжаас хамаарч бүх ажиглагч санал авах байранд нэгэн зэрэг ажиглалт хийх боломжгүй бол хэсгийн хороо ажиглагч томилох эрх бүхий этгээдийн тус бүр нэг ажиглагчийг ээлжээр ажиглалт хийх боломжоор хангана.

4.3.Ажиглагч нь хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцох, сонгогчийн сонгох эрхэд саад учруулах, хуульд заагаагүй эрх эдлэхийг шаардах эрхгүй.

4.4.Санал авах байранд санал авах ажиллагаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.11, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.11-д заасан хяналтын камер болон цахимаар ажиглах боломжоор хангана. Энэ хэсэгт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан.
4.5.Ажиглагч нь сонгогч болон сонгуульд оролцогч бусад талуудаас сонгогчийн санал татах, худалдан авах зэрэг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн шинжтэй хууль бус үйлдлийн талаар бүх шатны сонгуулийн хороод болон цагдаагийн байгууллагад холбогдох баримтын хамт гомдол гаргаж, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй.
Энэ хэсгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор нэмсэн.
Тав. Сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг ажиглах

5.1.Сонгуульд оролцож буй нам, эвслийн болон сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийх эрх бүхий төрийн бус байгууллагуудын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдэл, програм хангамжийг шалган турших, баталгаажуулах ажлыг ажиглах эрхтэй.

5.2.Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой ажиглалт хийх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд дараах баримт бичгийн хамт энэ журмын 5.1-д заасан ажиллагаа эхлэхээс өмнө хүргүүлэн бүртгүүлнэ:

5.2.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

5.2.2.маягтын дагуу гаргасан ажиглагчийн өргөдөл;

5.2.3.нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;

5.2.4.иргэний үнэмлэхийн хуулбар;

5.2.5.ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан уг дүрмийн хуулбар.                                

Зургаа. Бусад

6.1.Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар хүсэлт гаргасан этгээд нь сонгууль ажиглахтай холбогдон гарах зардлаа бүрэн хариуцна. Гадаадын ажиглагчийн Монгол Улсад зорчих эрх, Монгол Улсад байх зөвшөөрөл болон сонгууль ажиглахтай холбогдон гарах бусад зардлыг түүнийг урьсан болон илгээсэн тал, эсхүл ажиглагч өөрөө хариуцна.

6.2.Ажиглагч сонгуулийн хууль тогтоомж илтэд зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан тохиолдолд хэсгийн хорооны дарга цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

6.3.Ажиглагч энэ журам болон сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хэсгийн хорооны дарга ажиглагчийн бүртгэлийг хүчингүй болгож, санал авах байраас гаргана.

6.4.Гадаадын ажиглагч сонгуулийн тухай хууль тогтоомж, ажиглагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд хэсгийн хорооны дарга тухайн ажиглагчид сануулга өгч, ажиглагчийг анх бүртгэсэн байгууллага (сонгуулийн төв байгууллага)-д нэн даруй мэдэгдэнэ. Ажиглагч сануулгыг үл хэрэгссэн бол энэ тухай ажиглагчийг анх бүртгэсэн байгууллагад мэдэгдэн санал авах байрнаас гаргах хүртэл арга хэмжээ авч болно.

6.5.Ажиглагч сонгуулийн тухай хууль болон энэ журамд заасныг зөрчвөл холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---