A

A

A

Бүлэг: 1979
БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын

2021 оны 05 дугаар  сарын14-ний өдрийн

А/71 дүгээр тушаалын хавсралт

 

БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ, ХАСАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад багшлах хүсэлтэй бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэжлийн өндөр зэрэгтэй, үйлдвэрлэлд ажилласан туршлагатай, иргэнд багшлах эрх олгох, хасахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад багшаар ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, тасралтгүй хөгжлийг дэмжих, багшийн ёс зүй, нэр хүнд, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

1.3.  Багшлах эрх олгох, хасах үйл ажиллагаанд хүний эрх, шударга ёс, хууль дээдлэх, ил тод, нээлттэй, тогтвортой, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.

 

Хоёр. Сургалтын хөтөлбөр, агуулга

2.1.  Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын багшид багшлах эрх олгох сургалт нь боловсролын тодорхой түвшинд багшлах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн, шатлан суралцах агуулгын залгамж холбоо бүхий  агуулга, хөтөлбөртэй байна.

2.2.  Мэргэжлийн сургалтын байгууллагын багшид сургах зүйн гэрчилгээ олгох сургалт нь чадамжид суурилсан сургалтын үндсэн зарчимд нийцсэн байх бөгөөд тухайн салбар, мэргэжлийн онцлогт тохирсон, уян хатан хөтөлбөртэй байна.

2.3.  Тухайн сургалтын хөтөлбөрийг танхимын,  танхимын бус /зайн, цахим/ болон хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.

2.4. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтын хөтөлбөрт тавих ерөнхий шаардлагыг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

2.5. Журмын 2.1, 2.2-ын дагуу хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв боловсруулж,/цаашид МБСҮМАЗТ гэх/ баталгаажуулан, сургалтыг зохион байгуулна.

Гурав. Багшлах эрх олгох

 

              3.1. Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдах иргэн доорх шаардлагыг хангасан байна:

                    3.1.1.Бакалавр түүнээс дээш боловсролын зэрэгтэй;

                    3.1.2.Үйлдвэрлэлийн зохих дадлага, туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй;

3.2.    Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, сургалтын байгууллагын удирдлагад хүсэлтээ гаргах ба цахим бүртгэлд бүртгүүлсэн байна. Үүнд:

                    3.2.1.Өргөдөл; 

      3.2.2.Анкет;

      3.2.3.Журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан баримт бичгийн хуулбар;

      3.2.4. 3х4 хэмжээний 2 ширхэг цээж зураг.

3.3.  Шаардлага хангасан багшийн баримт бичгийг сургалтын байгууллагын албан бичгээр баталгаажуулан, МБСҮМАЗТ-д  01 ба 09 дүгээр сард багтаан хүргүүлнэ.

3.4. МБСҮМАЗТ нь багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтыг дууссанаас хойш ажлын 10 хоногт багтаан шаардлага хангасан багш нарын нэрсийн жагсаалт, тайланг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.5.  Багшлах эрх олгох болон сургах зүйн сургалтад хамрагдан сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн болон техникийн боловсролын багшид   "БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ" олгоно.

3.6. Сургах зүйн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэж, тэнцсэн мэргэжлийн сургалтын байгууллагын багшид "СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ" олгоно.

Дөрөв. Багшлах эрх хасах, сэргээх

4.1. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааны гүйцэтгэлд тавигдах шаардлагыг хангах чадваргүй, багшийн ёс зүйн хэм хэмжээ, нэр төрийг эрхэмлэн сахих үүргээ биелүүлээгүй, сахилгын болон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд багшлах эрхийг хасна.

4.2. Сургалтын байгууллагаас багшлах эрхийг хасуулах тухай саналаа дараах бичиг баримтын хамт  бүрдүүлж МБСҮМАЗ төвд хүргүүлнэ:

4.2.1. Багшлах эрхийн үнэмлэхний эх хувь;

           4.2.2. Багш ёс зүйн дүрмийг зөрчсөн болон  багшлах эрх хасах үндэслэлийг нотолсон баримт, тэмдэглэл, гомдол гаргасан этгээдийн өргөдөл;

         4.2.3. Сургалтын байгууллагын багш нарын  ёс зүйн зөвлөлийн дүгнэлт;

         4.2.4. Сургалтын байгууллагын албан бичиг

4.3. Зөрчил гаргасан нь холбогдох дээд байгууллагын дүгнэлтээр батлагдсан бол багшлах эрхийг 1 жилийн хугацаатай хасна.

            4.4.   Багшлах эрхээ хасуулсан багшийн эрхийг энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасны дараа сэргээж болно.

            4.5.  Энэ журмын 4.2-д заасан байгууллагын дүгнэлтийг үндэслэн "Багшлах эрх олгох, хасах" тухай шийдвэрийг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

Тав. Багшлах эрхийн үнэмлэх нөхөн олгох

5.1. Багшлах эрхийн үнэмлэхээ гэмтээсэн, гээж үрэгдүүлсэн тохиолдолд дараах баримт бичгийг  үндэслэн нөхөн олгож болно:

            5.1.1. Багшлах эрхийн үнэмлэх нөхөн авах тухай иргэний хүсэлт;

            5.1.2. Бичиг баримтын хуулбар;

            5.1.3. Багшлах эрхийн үнэмлэхийн үндсэн үнийг төлсөн төлбөрийн баримт;

            5.1.4. 3х4-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;

            5.1.5. Сургалтын байгууллагын тодорхойлолт.

            5.2.  МБСҮМАЗТ нь багшийн мэдээллийн санд үндэслэн багшлах эрхийн үнэмлэх нөхөн олгох үйл ажиллагааг  ажлын 21 хоногт багтаан зохион байгуулна.

Зургаа. Багшлах эрхийн үнэмлэхийн загвар

6.1.  Багшлах эрх авах шаардлага хангасан мэргэжлийн болон техникийн боловсролын багшид "БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ" олгоно.

6.2.  Мэргэжлийн сургалтын байгууллагад багшлах иргэнд МБСҮМАЗТ-өөс зохион байгуулдаг сургалтад хамрагдаж шаардлага хангасан тохиолдолд "СУРГАХ ЗҮЙН ГЭРЧИЛГЭЭ" олгоно.

6.3. Сургах зүйн гэрчилгээнд судалсан агуулгыг бүрэн оруулсан В5 хэмжээтэй байна.

6.4. Багшлах эрхийн үнэмлэхийн нүүрэн талд "Соёмбо" тэмдэг зурж, "БАГШЛАХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХ" гэж Монгол бичиг, крилл үсгээр алтан боронзоор бичнэ.

Долоо. Бусад

7.1. Багшлах эрх олгосон, хассан, нөхөн олгосон багш нарын мэдээллийг бүртгэх,   код олгох, мэдээллийн сан үүсгэх, бүртгэлийг шинэчлэх, лавлагаа олгох асуудлыг МБСҮМАЗТ хариуцна.

7.2. Багшлах эрх олгох, хасахтай холбоотой шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн багш холбогдох хууль тогтоомжид заасан хугацаанд шүүхэд хандаж болно.

7.3.  Багшлах эрхийн үнэмлэх олгосноос хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байх ба мэдээллийн санд бүртгэлтэй код, дугаартай байна.

7.4.  Багшлах эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусахаас 6 сарын өмнө хүсэлтээ гаргаж холбогдох сургалтад хамрагдан хугацааг 5 жилээр сунгуулна.

7.5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сунгуулаагүй тохиолдолд багшлах эрхийг тухай бүр хүчингүйд тооцно.

7.6.  Багшлах эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэн ашиглахыг хориглоно.

7.7.  Багшаар ажиллаж байгаад боловсролын салбарын захиргааны болон мэргэжлийн байгууллагад шилжин ажилласан бол багшлах эрх нь үнэмлэхний хүчинтэй хугацаагаар  хадгалагдана.

 

---------ooo--------