A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

"ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 62 дугаар зүйлийн 62.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК /О.Эрдэнэгэрэл/, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ /Б.Өлзийбаяр/, журмын хэрэгжилтийг хангаж, чанд мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

3. Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгох, худалдах ажиллагааг андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани дангаараа болон хамтран зохион байгуулахтай холбогдуулан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн12.2-т заасан тодорхойлолт, 12.5-д заасан дүгнэлтийг тухай бүр гаргаж ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Монголын үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/-д тус тус үүрэг болгосугай.

4. Үнэт цаасыг анхдагч зах зээлд нийтэд санал болгох, худалдах ажиллагааг зохион байгуулах, үнэт цаасны хоёрдогч зах зээлд хувьцааны үнийг тогтворжуулах чиг үүрэг нэмэгдсэнтэй холбогдуулан өөрийн гишүүн андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанийн хүний нөөц, санхүүгийн чадавхыг сайжруулж, ёс зүйн дүрэм, журмыг чанд мөрдүүлэн ажиллахыг "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ /Б.Өлзийбаяр/-д даалгасугай.

5. Тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч өөрийн гишүүн байгууллагад тус журмыг ойлгуулж хэвшүүлэх, журмын шаардлагыг 2021 онд багтаан хангуулах чиглэлээр анхаарч ажиллахыг "Монголын хуульчдын холбоо" ТББ /Б.Өнөмөнх/, "Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт" ТББ /Б.Энхболд/, "Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт" ТББ /Д.Нацагдорж/-д тус тус зөвлөсүгэй.

6. Тогтоолын 1-д заасан журмыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

7. Тогтоолын 1-д заасан журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 451, 452, 453, 2014 оны 435, 2015 оны 408, 443 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН