A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГТ МӨН ЧАНАРЫН ШҮҮЛТ ХИЙХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ПАТЕНТ ОЛГОХ, УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

1

 

Оюуны өмчийн газрын даргын

2021 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн

А/121 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГТ МӨН ЧАНАРЫН ШҮҮЛТ ХИЙХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ПАТЕНТ ОЛГОХ, УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэ журмаар Патентын тухай хуулийн (цаашид "хууль" гэх) дагуу Оюуны өмчийн байгууллагын хүлээн авсан бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийж, дүгнэлт гаргах, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөхтэй холбогдох харилцааг зохицуулна.

ХОЁР. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГТ ШҮҮЛТ ХИЙХ

2.1.Бүртгэлийн мэргэжилтэн бүрдэл хангасан бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийн анхдагч огноог тогтоон, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэж, цахим системд "бүрдэл хангасан" төлөвийг сонгож нэгжийн даргад шилжүүлнэ.

2.2.Нэгжийн дарга мэдүүлгийг шинжээчдэд хуваарилна.

2.3.Бүтээгдэхүүний загварын шинжээч патентын мэдүүлэг нь хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан бүтээгдэхүүний загварт патент олгох зүйл заалт, шалгуур хангаж буй эсэхийг тогтоох зорилгоор мөн чанарын шүүлт хийнэ.

2.4.Бүтээгдэхүүний загварын "шинэ" гэсэн шалгуурыг хангаж байгаа эсэхийг Монгол улсад мэдүүлсэн болон эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээгдэхүүний загварын санд болон бусад хэвлэл мэдээллийн эх сурвалжид хайлт хийж, хайлтаар илэрсэн ижил төсөөтэй бүтээгдэхүүний загваруудтай жишиж харьцуулах аргаар шүүлт хийж, тогтооно.

2.5.Бүтээгдэхүүний загвар нь "өвөрмөц шинж"-ийг агуулсан эсэхийг тогтоохдоо тухайн бүтээгдэхүүний загварын гадаад харагдах байдалд хамаарч буй дүрсийн, өвөрмөц хийцийн, хэлбэрийн болон өнгөний онцлогтой шийдэл мөн эсэх, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл агуулж буй эсэх болон оюуны бүтээлч шинж агуулсан эсэхийг харгалзан үзнэ.

2.6.Бүтээгдэхүүний загварын шинжээч патентын мэдүүлгийг хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгуурыг хангаагүй гэж үзвэл патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг Журмын хавсралт Маягт БЗ-11-ийн дагуу гаргаж, Журмын хавсралт Маягт БЗ-12-ийн дагуу үйлдсэн шүүлтийн тайлангийн хамт бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ.

2.7.Бүртгэлийн мэргэжилтэн патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг мэдүүлэг гаргагчийн Маягт БЗ-01-аар гаргасан өргөдлийн 2.4 эсхүл 3.3-т заасан байдлаар хүргүүлэх ба тухайн шийдвэрийг шуудангийн эсхүл цахим шуудангийн хаягаар илгээснээр, эсхүл цаасаар гардаж авснаар мэдүүлэг гаргагчид мэдэгдсэнд тооцох ба ийнхүү мэдэгдсэн өдрөөс хариу ирүүлэх хугацаа тоологдож эхэлнэ.

2.8.Мэдүүлэг гаргагч Патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хариу ирүүлэх ба шинжээч хариуг үндэслэлгүй гэж үзвэл Патент олгохоос татгалзах тухай эцсийн шийдвэрийг Журмын хавсралт Маягт БЗ-13-ын дагуу гаргаж, нэгжийн даргаар хянуулан бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ.

2.9.Мэдүүлэг гаргагч шинжээчийн гаргасан патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг эс зөвшөөрч, үндэслэл бүхий хариуг хуулийн хугацаанд ирүүлээгүй бол шинжээч тухайн бүтээгдэхүүний загварт патент олгохоос татгалзах тухай эцсийн шийдвэрийг Журмын хавсралт Маягт БЗ-14-ийн дагуу гаргаж, нэгжийн даргаар хянуулан бүртгэлийн мэргэжилтэнд шилжүүлнэ.

2.10.Мэдүүлэг гаргагч үндэслэл бүхий хариуг хуулийн хугацаанд ирүүлээгүй буюу урьдчилсан шийдвэр нь мэдүүлэгт хамаарах зарим бүтээгдэхүүний загварт хамаарч байвал шинжээч шаардлага хангасан бусад бүтээгдэхүүний загварын хувьд Журмын хавсралт Маягт БЗ-12-ийн дагуу шүүлтийн тайлан, патент олгох тухай шинжээчийн дүгнэлтийг Журмын хавсралт Маягт БЗ-15-ийн дагуу тус тус үйлдэж, нэгжийн даргаар хянуулан мэдүүлэг гаргагчид бүртгэлийн мэргэжилтнээр дамжуулан хүргүүлнэ.

2.11.Бүтээгдэхүүний загварын шинжээч патентын мэдүүлгийг хуулийн 28, 29, 30 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан гэж үзвэл Журмын хавсралт Маягт БЗ-12-ын дагуу шүүлтийн тайлан, патент олгох тухай шинжээчийн дүгнэлтийг Журмын хавсралт Маягт БЗ-15-ын дагуу тус тус үйлдэж, нэгжийн даргаар хянуулан мэдүүлэг гаргагчид бүртгэлийн мэргэжилтнээр дамжуулан хүргүүлнэ.

ГУРАВ. НИЙТЭД МЭДЭЭЛЭХ

3.1.Журмын 2 дугаар зүйлийн 2.9-д заасан дүгнэлт гарсан бүтээгдэхүүний загварын ном зүй, тодорхойлолт, зургийг Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлж, нийтэд мэдээлнэ.

ДӨРӨВ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТ ОЛГОХ

4.1.Журмын 2 дугаар зүйлийн 2.10-заасны дагуу нийтэд мэдээлснээс хойш гурван сарын дотор сонирхогч этгээдээс аливаа эсэргүүцэл гаргаагүй бол оюуны өмчийн байгууллагын дарга патент олгох тухай шийдвэр гаргана.

4.2.Бүртгэлийн мэргэжилтэн патент олгох тухай шийдвэрийн талаарх мэдэгдлийг хураамжийн мэдэгдлийн хамт Журмын хавсралт Маягт БЗ-16-ын дагуу үйлдэж, бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргагчид Маягт БЗ-1-аар гаргасан өргөдлийн 2.4 эсхүл 3.3-т заасан байдлаар хүргүүлэх ба тухайн мэдэгдлийг шуудангийн эсхүл цахим шуудангийн хаягаар илгээснээр, эсхүл цаасаар гардаж авснаар мэдүүлэг гаргагчид мэдэгдсэнд тооцох ба ийнхүү мэдэгдсэн өдрөөс хураамж төлөх хугацаа тоологдож эхэлнэ.

4.3.Мэдүүлэг гаргагч хураамжийн мэдэгдэлд заасан хураамжийг төлсөн тохиолдолд тухайн бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэж, эзэмшигчид патент олгоно.

4.4.Эзэмшигчийн тооноос үл хамааран нэг бүтээгдэхүүний загварт нэг патент бичиж олгоно.

ТАВ. УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

5.1.Патент эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тухай Оюуны өмчийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Журмын хавсралт маягт БТ-17-ийн дагуу ирүүлнэ.

5.2.Патент эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн тухай Оюуны өмчийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Журмын хавсралт Маягт БЗ-18-ийн дагуу ирүүлнэ.

5.3.Гэрээ байгуулсны улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэд Гэрээний хуулбарыг хавсаргана.

5.4.Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны улмаас эзэмшигч өөрчлөгдсөн бол хүсэлтэд өөрчлөн байгуулагдсаныг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийн хуулбарыг хавсаргана. Энэ нь бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаа байж болно.

5.5.Нэгээс дээш эзэмшигчтэй патентын зарим хамтран эзэмшигч өөрчлөгдсөн бол өөрчлөлтөд хамаарахгүй хамтран эзэмшигчээс уг өөрчлөлт хийснийг зөвшөөрсөн тухай баримт бичгийг бичгээр авч, хүсэлтэд хавсаргана.

5.6.Гэрээ байгуулснаас эсхүл нэгдсэний улмаас бус хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэрийн улмаас эзэмшигч өөрчлөгдвөл хүсэлтэд энэ өөрчлөлтийг нотолсон баримт бичгийн хуулбарыг хавсаргана.

5.7.Бүртгэлийн мэргэжилтэн Журмын 5.1, 5.2-т заасан хүсэлтийг хүлээн авч, хянах ба шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардаж болно.

5.8.Хүсэлтийг хүлээн авч, улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай мэдэгдлийг Журмын хавсралт Маягт БЗ-19, Маягт БЗ-20-ийн дагуу үйлдэж хүсэлт гаргагчид цаасаар эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

5.9.Улсын бүртгэлд өөрчлөлт орсон тухай Оюуны өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлж, нийтэд мэдээлнэ.

ЗУРГАА. ПАТЕНТЫГ ХҮЧИНТЭЙ БАЙЛГАХ ХУГАЦААНЫ ХУРААМЖ ТӨЛӨХ

6.1.Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлнө.

6.2.Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгах эхний 5 жилийн тэмдэгтийн хураамжийг патент авахдаа төлнө.

6.3.Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгах хугацааны дараагийн жилүүдийн хураамжийг тухайн патентын хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө төлөх ба энэ хугацаанд төлөөгүй бол хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш хөнгөлөлтийн хугацаа болох зургаан сарын дотор төлнө.

6.4.Бүртгэлийн мэргэжилтэн тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ба энэ тухай мэдэгдлийг Журмын хавсралт Маягт БЗ-21-ын дагуу үйлдэж, нэгжийн даргаар хянуулж, эзэмшигчид цаасаар эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ.

 

--- oOo ---