A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь  дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам
Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь  дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусадтай адил нийгмийн амьдралд тэгш, бие даан оролцох боломжийг олгоход оршино.

1.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан бие даан амьдрах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээ (цаашид "үйлчилгээ" гэх)-нд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамруулахад иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага (цаашид "үйлчилгээ үзүүлэгч" гэх) болон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хоорондын харилцааг тус журмаар зохицуулна.

1.3.Хувийн туслах үйлчилгээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан 18 ба түүнээс дээш насны хүн (цаашид "үйлчилгээ авагч" гэх) тус тус хамрагдана.

 

Хоёр.Үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг хянан шийдвэрлэх

 

2.1.Үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэн тус журмын 3-т заасан баримт бичгийг бүрдүүлж, өөрийн оршин сууж буй нутаг дэвсгэрийн сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өгнө.

2.2.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан иргэнд нөхцөл байдлын үнэлгээ хийж, нэг сард авах үйлчилгээний цагийг тодорхойлсон дүгнэлт гаргана.

2.3.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан хүний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

2.4.Байнгын асаргаа шаардлагатай хүн өөрөө хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргаж болно.

2.5.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь энэ журмын 2.3-т заасны дагуу Амьжиргааг дэмжих зөвлөлийн гаргасан шийдвэрийг холбогдох баримт бичгийн хамт ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

2.6.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэ журмын 2.5-д заасан шийдвэр, баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянаж, үйлчилгээнд хамрагдах иргэнд хувийн хэрэг нээн баталгаажуулж, сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хүргүүлнэ.

2.7.Үйлчилгээнд хамрагдах иргэн нийгмийн халамжийн бусад төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа тохиолдолд энэ журмын 3-т заасан баримт бичгийг давхардуулан шаардахгүй.

2.8.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн үйлчилгээнд хамрагдах эрх үүссэн тухай хүсэлт гаргасан иргэнд мэдэгдэж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын талаар танилцуулж, үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авна.

 

                       Гурав.Үйлчилгээнд хамрагдах иргэний

   бүрдүүлэх баримт бичиг

 

3.1.Үйлчилгээнд хамрагдах иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

3.1.1.үйлчилгээнд хамрагдахыг хүссэн өргөдөл;

3.1.2.иргэний үнэмлэхний хуулбар;

3.1.3.эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар.

 

Дөрөв.Үйлчилгээний төрөл, зохион байгуулалт

 

4.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу бие даан амьдрах үйлчилгээ нь дараах төрөлтэй байна. Үүнд:

                        4.1.1.хувийн туслах үйлчилгээ;

                        4.1.2.зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх үйлчилгээ.

4.2.Энэ журмын 4.1-д заасан үйлчилгээг зохион байгуулах сургалтын жишиг хөтөлбөрийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

4.3.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг тус хуулийн 18.6 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар сонгон шалгаруулах ажлыг энэ журмын 2.3-т заасны дагуу сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.

           

Тав.Санхүүжилт

 

5.1.Зөвлөлдөх бүлэг буюу харилцан суралцах, зөвлөгөө өгөх болон Хувийн туслах үйлчилгээний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэхээс бусад зардлыг Нийгмийн халамжийн сангаас, Хувийн туслах үйлчилгээний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус тус санхүүжүүлнэ.

5.2.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасны дагуу үйлчилгээ үзүүлэх гэрчилгээтэй иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.

5.3.Гэрээг байгуулахдаа нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан гэрээний загварыг баримтална.

5.4.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэхэд хамрагдах иргэний тоо, шаардагдах хөрөнгийн хэмжээг нийгмийн халамжийн үйлчилгээний төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталсан аргачлал, заавраар тооцож санхүүжилтийг олгоно.

5.5.Хувийн туслах үйлчилгээний зардлын нэг цагийн үнийн дүнгийн 10 хувийг үйлчлүүлэгч хувь хүн өөрөө төлнө.

5.6.Үйлчилгээ үзүүлэгч нь улирал тутам үйл ажиллагааны, сар бүр санхүүгийн тайлан, холбогдох баримтын хамт бүрдүүлэн сар бүрийн 25-ны дотор аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

5.7.Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага гэрээгээр гүйцэтгэж буй үйлчилгээний гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг дараа сарын 10-ны дотор үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлнэ.

 

Зургаа.Бусад

 

6.1.Үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хяналт тавина.

6.2.Хуурамчаар баримт бичиг үйлдсэн иргэн болон үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, нийгмийн халамжийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг хууль зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.3.Сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь дараах тохиолдолд үйлчилгээг зогсооно.

            6.3.1.үйлчилгээнд хамрагдаж буй иргэн нас барсан;

6.3.2.хуурамч материал бүрдүүлэн үйлчилгээнд хамрагдсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон.

            6.4.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, урамшуулах ажлыг зохион байгуулна.

            6.5.Үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн сан бий болгон, холбогдох мэдээ тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргаж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

__o0o__