A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/210 тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7 дугаар заалт, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны А/84, А/54, А/130 дугаар тушаалын хавсралтын 1.6 дахь заалтын дагуу  хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд /цаашид "байгууллага" гэх/-ийн магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх нөөц, чадавхийг төрөөс хүлээн зөвшөөрч хамгааллын үйлчилгээ үзүүлэх үндэслэл болно. 

1.3.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, бусдын нөлөөнд үл автах, шударга байх зарчимд тулгуурлана.

1.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх магадлан итгэмжлэх орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/-ийн дүгнэлтийг үндэслэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хуулийн этгээдэд магадлан итгэмжлэл олгоно.

1.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, олон нийтэд мэдээлэх ажлыг хэрэгжүүлнэ.

Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа  

2.1.Зөвлөл нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2.3.Зөвлөлийн үйл ажиллагааг дарга удирдан зохион байгуулж, нарийн бичгийн дарга хэрэгжилтийг хангана.

2.4.Зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй:

2.4.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах, магадлан итгэмжлэл олгох, сунгах, хүчингүй болгох дүгнэлт гаргах;

2.4.2.магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан байгууллагаас шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгааг гаргуулан авах;

2.4.3.үнэлгээний баг томилж, тухайн байгууллага дээр очиж үйл ажиллагаатай нь танилцах, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх;

2.4.4.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбогдож гарсан өргөдөл, гомдлыг хянаж шийдвэрлэх;

2.4.5.магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журмыг боловсронгуй болгох санал боловсруулж, танилцуулах;

   2.4.6.шаардлага хангаагүй байгууллагын хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, баримт бичгийг буцаах;

   2.4.7.магадлан итгэмжлэлийн үнэлгээг хүсэлт гаргаж байгаа байгууллагын өөрийн үнэлгээ, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллагын үнэлгээнд үндэслэн нэгдсэн  шийдвэр гаргана.  

2.4.8.магадлан итгэмжлэх байгууллагын хүсэлтийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэр гаргана.

2.5. Зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.5.1.зөвлөл нь ээлжит ба ээлжит бус хуралтай байна.

2.5.2.ээлжит хурал нь жилд нэг удаа, ээлжит бус хурлыг шаардлагатай тохиолдолд зарлан  хуралдуулна.

2.5.3.хурлын тов, хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга батална.

2.5.4.нарийн бичгийн дарга хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг гишүүдэд ажлын 3 хоногийн өмнө цаасаар, эсвэл цахим шуудангаар хүргүүлнэ.

    2.5.5.гишүүд хурлаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэсэн байна.

2.5.6.гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй бол хурлаас өмнө зөвлөлийн дарга, эсхүл нарийн бичгийн даргад мэдэгдэх ба хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа бичгээр өгч болно. Энэ тохиолдолд хуралд ирснээр ирцийг тооцно.

2.5.7.гишүүдийн 75-аас дээш хувь буюу 7 гишүүн хуралд хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.

                      2.5.8.магадлан итгэмжлэл олгох эсэх асуудлыг нээлттэй хурлаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн ил санал хураалтаар шийдвэрлэнэ. Гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд нууцаар санал хураалт явуулна.

                      2.5.9.хурлын шийдвэр нь гишүүдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.

                       2.5.10.зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

                       2.5.11.хуралд тухайн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор холбогдох мэргэжлийн хүмүүсийг санал хэлэх эрхтэйгээр оролцуулж болно.

                       2.5.12. хурлаас гаргасан шийдвэртэй холбогдон гаргасан гомдлыг зөвлөл дахин нэг удаа авч хэлэлцэн дүгнэлт гаргана.

                       2.5.13.хурлаас гаргасан эцсийн дүгнэлттэй санал нийлэхгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гомдол гаргаж болно.

Гурав. Үнэлгээний үйл явц, бүрдүүлэх баримт бичиг

3.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараах үе шаттай явагдана:

 

       3.1.1.үйлчилгээ үзүүлэх байгууллага магадлан итгэмжлэлд бэлтгэж өөрийн үнэлгээ хийнэ.

 

           3.1.2.аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүсэлт, баримт бичгийн бүрдлийг хянаж, хавсралтад заасны дагуу үнэлгээ хийж шаардлага хангасан байгууллагуудын магадлан итгэмжлэлийг шийдвэрлүүлэхээр хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

3.1.3. Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага магадлан итгэмжлэх хүсэлтийг хүлээн авч материалд дүн шинжилгээ хийж  нэгтгэн шаардлага хангасан материалыг байгууллагын дэргэдэх магадлан итгэмжлэх oрон тооны бус зөвлөлд хүргүүлнэ.

 

3.2.Магадлан итгэмжлэх хүсэлт гаргасан байгууллага дараах бэлтгэлийг хангасан байна:

 3.2.1.энэ журмын 1 дүгээр  хавсралтад хамаарах хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ дараах баримт бичгийн хамт аймаг, дүүргийн гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлэх;

3.2.1.байгууллагын бүтэц,байр, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл;

3.2.2.хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хөтөлбөр, хамрах хүрээ /аймаг, дүүрэг, хороо гм/;

3.2.3.үйлчилгээ үзүүлэх хэрэгцээний судалгаа;

3.2.4.үндсэн ажилтнуудын товч анкет, хүүхэд хамгааллын чиглэлээр мэргэшсэн диплом, лицензи, гэрчилгээний хуулбар (нэг хүний анкет мэдээлэл 2 хуудсаас хэтрэхгүй байх);

3.2.5. магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахаас өмнөх хоёр жилийн хугацаанд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчийн тоо, үр дүн;

3.2.6.энэ журмын хавсралтад заасан "Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх үнэлгээний хүснэгт"-ийн дагуу үзүүлэх үйлчилгээг сонгон байгууллага өөрийн үнэлгээний багийг томилж, үнэлгээ хийсэн  тайлан;

3.2.7.байгууллагын сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан.

              3.3. Магадлан итгэмжлэх бэлтгэл ажлын хүрээнд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас мэдээлэл авах, зөвлөмжийг хэрэгжүүлэх.

Дөрөв. Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, аргачлал

 

4.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт нь байгууллагын, хөрөнгө, санхүүгийн чадавхийг тодорхойлох доор дурдсан шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ:

     4.1.1.байгууллагын чадавхийг уг журмын 2 дугаар хавсралтад заасан байгууллагын ерөнхий үнэлгээний хүснэгтийн дагуу үнэлж мэдээлэл, хүний нөөц, үйл ажиллагааны тогтворжилт, хөрөнгө, санхүүгийн чадавхийг тоног төхөөрөмжийн хангамж, санхүүгийн байдлын шалгуур үзүүлэлтээр үндсэн үнэлгээ хийнэ.

     4.1.2.хүүхэд хамгааллын үйлчилгээний чадавхийг шуурхай тусламжийн, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээ,  түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, халамж, асрамжийн төвийн үйлчилгээ эрхлэх шалгуур үзүүлэлтийн дагуу нэмэлт үнэлгээ хийж үйлчилгээний чиглэлээ тодорхойлно.

 

4.2.Энэ журмын 2 дугаар хавсралтад заасан ерөнхий үнэлгээн дээр үйлчилгээний төрлөөс шалтгаалж 3, 4, 5 дугаар хавсралтад заасны дагуу нэмэлт оноог олгоно.

4.3.Үнэлгээний багийн зүгээс үнэлгээг хийж байх явцад  тухайн байгууллагын хувьд 3 хүртэл шалгуур үзүүлэлтийг хамааралгүй, үнэлэх шаардлагагүй гэж үзвэл тайлбарт тэмдэглэн тухайн шалгуурын авбал зохих дээд оноог шууд өгч, үнэлгээний нийт оноонд оруулж тооцно. 

4.6.Энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан "Магадлан итгэмжлэгдэх хуулийн этгээдийн үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, зорилтот бүлэг, үйлчилгээний төрөл"-ийн хүрээнд хүсэлт гаргасан байгууллагын өөрийн үнэлгээний тайлан, нотлох баримтад холбогдох гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, үнэлгээний баг газар дээр нь очиж танилцан үнэлгээ хийнэ.  

Тав. Магадлан итгэмжлэл олгох, сунгах, хүчингүй болгох

5.1.Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дүнгээр нийт 80 ба түүнээс дээш хувийн үнэлгээ авсан байгууллагад магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаагаар олгоно.  

5.2.Зөвлөлийн хурлаар баталгаажсан хурлын тэмдэглэл, шийдвэрийг үндэслэн магадлан итгэмжлэлд тэнцсэн байгууллагад үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээг олгох бөгөөд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гарын үсэг зурж баталгаажсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

                 5.3.Магадлан итгэмжлэгдсэн байгууллага нь үйлчилгээ үзүүлэх эрхийн гэрчилгээний хүчинтэй хугацааг дуусахаас 20 хоногийн өмнө магадлан итгэмжлэлийн  хугацаа сунгуулах хүсэлтийг, дараах материалын хамт бүрдүүлж,  хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Зөвлөлд ирүүлнэ:

5.3.1.сунгуулах хүсэлт гаргахаас өмнөх хоёр жилийн хугацаанд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний тайлан, нотлох баримт (тайлан нь магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүүлэлтүүдийн  дагуу бичигдэж, ажил, үйлчилгээний нотлох баримтуудыг хавсаргасан байна);

5.3.2.хүсэлт гаргасан хуулийн этгээдийг магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлсэн үнэлгээний хуудас бүхий аймаг, нийслэл, дүүргийн гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан байгууллагын дүгнэлт бүхий албан бичиг;

5.4. Байгууллага магадлан итгэмжлэлийн хугацаанд хүсэлт гаргаагүй бол хүчингүйд тооцно.

5.5.Энэ журмын 5.3.2-т заасан дүгнэлт, зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар магадлан итгэмжлэлийн хугацааг дахин 1-2 хүртэлх жилийн хугацаагаар сунгана. 

        5.6.Магадлан итгэмжлэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

5.6.1.зөвлөлийн хурлаас тухайн байгууллага нь цаашид үйлчилгээ  үзүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан;

                        5.6.2.магадлан итгэмжлэл авахаар хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

                        5.6.3.магадлан итгэмжлэл авсан байгууллага нь гэрээний хугацаанд хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлээгүй нь нотлогдсон, гэрээний заалтыг зөрчсөн.

Зургаа. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан

төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг

6.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага магадлан итгэмжлэгдэх үйл ажиллагааг доор дурдсаны дагуу зохион байгуулна:

                         6.1.1.аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн  асуудал хариуцсан байгууллагаас магадлан итгэмжлүүлэх байгууллагын хүсэлтийг хүлээн авч,  баримт бичгийг хянан бүрдүүлж, зөвлөлд хүргүүлэх;

                          6.1.2.хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, зарцуулалтад хяналт тавих;

                          6.1.3.магадлан итгэмжлэгдсэн байгууллагад сургалт, арга зүйн зөвлөгөө өгөх;

          6.1.4.магадлан итгэмжлэгдсэн байгууллагын хүүхэд хамгааллын үйлчилгээний талаарх санал гомдлыг шуурхай шийдвэрлэж, дүгнэлтийг зөвлөлд хүргүүлэх;

                         6.1.5.магадлан итгэмжлэх байгууллагын шалгаруулалтыг жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулж, ил тод байдлыг хангах;

                        6.1.6.магадлан итгэмжлэгдсэн байгууллагын бүртгэл мэдээлэл, хөдөлгөөн, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилтийн тайлан, хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлтийг хэлэлцэж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жилд нэг удаа хүргүүлнэ.

    6.1.7.магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйлчилгээний үр дүнд суурилан "Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжүүлэх журам"-ын дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой норматив зардал болон шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээний эрхэд үндэслэн санхүүжилт олгоно.

Долоо. Хяналт, шинжилгээ, үнэлгээ

7.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас явцын хяналт, шинжилгээ, үнэлгээг жилд нэг удаа хийнэ.

7.2.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагтаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

7.3.Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйлчилгээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг үйлчлүүлэгчийн оролцоог хангасан байдлаар буюу санал асуулгын аргаар зохион байгуулж болно.                

 

---oOo---