A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 90 дүгээр 

 тогтоолын 1 дүгээр хавсралт.           

 

 

 

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА,

ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Кино урлагийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн дарга, гишүүнийг нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална.

 

1.2.Зөвлөлийн дарга, гишүүнийг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, ашиг сонирхлоос ангид байх, шударга, ил тод, хараат бус байх, эрх тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.

 

Хоёр.Сонгон шалгаруулалт зарлах, нэр дэвшүүлэх

 

2.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах талаар болон холбогдох материал хүлээн авах, бүртгэх хугацааг товлож олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

2.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.3-д заасны дагуу төсөв, санхүү, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж буй холбогдох нэгжийн даргын нэрийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ. 

 

2.3.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.4, 9.5-д заасан Зөвлөлийн гишүүнд  нэр дэвшигч нь энэ журмын 2.5 дахь заалтын хүрээнд зөвхөн нэг чиглэлийг сонгон мэргэжлийн төрийн бус байгууллагаас, эсхүл бие даан нэр дэвшиж болно. 

 

2.4.Энэ журмын 2.3-т заасан нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна:

 

      2.4.1.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.4, 9.5-д заасан шаардлагыг хангасан байх;

 

      2.4.2.ял шийтгэлгүй байх;

 

      2.4.3.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан биш байх;

 

      2.4.4.урлаг, уран сайхны болон кино урлагийн бизнесийн чиглэлээр тодорхой амжилт гаргасан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх.

 

2.5.Энэ журмын 2.3-т заасан нэр дэвшигч нь дараахь чиглэлүүдээс сонгоно: 

 

      2.5.1.продюсерын;

 

      2.5.2.найруулагчийн;

 

      2.5.3.зураглаачийн;

 

      2.5.4.зохиолчийн (утга зохиол, кино зохиол);

 

      2.5.5.кино түгээлт, кино наадмын;

 

      2.5.6.нийгэм, соёлын антропологи, урлаг судлал, кино судлал, кино урлагийн боловсрол олгох;

 

      2.5.7.кино урлагтай холбоотой сургалт, судалгаа, технологийн салбарын.

 

2.6.Энэ журмын 2.1-д заасны дагуу нэр дэвшигчийн дараахь баримт бичгийг зарласан хугацааны дотор хүлээн авч бүртгэнэ:

 

      2.6.1.кино урлагийг хөгжүүлэх чиглэлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар санал, төлөвлөлтийн  шийдэл бүхий 3-аас ихгүй хуудас эссэ бичвэр;

 

      2.6.2.анкет, намтар;

 

      2.6.3.иргэний үнэмлэхийн хуулбар;

 

      2.6.4.боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар ("Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем"-ээр дамжуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн сангаас шалгана);

 

      2.6.5.2 хувь цээж зураг (4х6см хэмжээтэй);

 

      2.6.6.киноны санхүүжилт, кино хөгжүүлэлт, кино зураг авалт, киноны эвлүүлэг, дууны найруулга, кино түгээлтийн болон нэр дэвшсэн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагын талаар нотлох баримт, лавлагаа;

 

      2.6.7.сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын албан бичиг;

 

      2.6.8.ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;

 

      2.6.9.шаардлагатай гэж үзсэн бусад баримт материал.

 

Гурав.Нэр дэвшигчийг бүртгэх, шалгаруулах

 

3.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх)-ийг байгуулж, удирдамжийг батална.

 

3.2.Ажлын хэсгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын албан хаагч болон кино урлагийн салбарт тодорхой хувь нэмэр оруулж, хүлээн зөвшөөрөгдсөн иргэдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

 

3.3.Ажлын хэсгийн гишүүд хөндлөнгийн нөлөөнд автахгүй ажиллах талаар баталгаа гаргаж, сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хурлаар хэлэлцэн олонхын саналаар шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ.

 

3.4.Нэр дэвшигчидтэй холбоотой баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаж дараахь шаардлагыг хангаагүй тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхгүй:

 

      3.4.1.нэр дэвшихтэй холбоотой материал, баримт бичгийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй;

 

      3.4.2.нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;

 

      3.4.3.заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч.

 

3.5.Ажлын хэсэг нь удирдамжид заасны дагуу сонгон шалгаруулалтыг баримт бичгийн болон ярилцлагын гэсэн 2 үе шаттайгаар нэр дэвшигчид оноо өгч зохион байгуулна.

 

3.6.Баримт бичгийн үе шат нь хуульд заасан шалгуураас гадна боловсролын түвшин, мэргэшил, ур чадвар, туршлагыг нарийвчлан тогтоох, эссэ бичвэрийг үнэлэхэд чиглэгдэнэ.

 

3.7.Нэр дэвшигчийг авсан онооны дарааллаар дүнг гаргаж, энэ журмын 2.5-д заасан чиглэлийн дагуу жагсаана.

 

3.8.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг холбогдох баримт бичиг, тайлангийн хамт сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

3.9.Энэ журмыг зөрчсөн нь тогтоогдож тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд дараагийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг нэр дэвшүүлнэ.

 

3.10.Нэр дэвшигчийг Зөвлөлийн гишүүнээр Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.6-д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, чөлөөлнө.

 

3.11.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Зөвлөлийн даргын албан тушаалын тодорхойлолтыг баталж, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.7-д заасны дагуу томилж, чөлөөлнө.

 

3.12.Зөвлөлийн дарга, гишүүнийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.12-т заасан үндэслэлээр, эсвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хязгаарлалт зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил үүссэн нь тогтоогдсон, эсвэл Зөвлөлийн хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр жилд гурваас дээш удаа тасалсан эсхүл Зөвлөлийн үйл ажиллагаанд холбогдох журам зөрчсөн бол хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэл болно.

 

3.13.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацааг нэг удаа сунгах эсэхийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  шийдвэрлэнэ.

 

3.14.Зөвлөлийн дарга, гишүүн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

---o0o---