A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 90 дүгээр

  тогтоолын 2 дугаар хавсралт          

 

 

 

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Кино урлагийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) нь үйл ажиллагаандаа, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг дагаж мөрдөнө. 

 

1.3.Зөвлөл нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.11-д заасны дагуу Ажлын албатай байна.

 

1.4.Зөвлөл нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Зөвлөл өөрийн бэлгэдэлтэй байж болно.

 

Хоёр.Зөвлөлийн зохион байгуулалт

 

2.1.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан (цаашид "хуралдаан" гэх) байна.

 

2.2.Хуралдааныг сард 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.

 

2.3.Хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

 

2.4.Зөвлөл нь үйл ажиллагааны чиглэлээр дараахь дэд зөвлөлийг байгуулж ажиллана:

 

      2.4.1.Монгол киног дэмжих дэд зөвлөл;

 

      2.4.2.Олон улсын хамтын ажиллагааны дэд зөвлөл;

 

      2.4.3.Олон нийтийн асуудал хариуцсан дэд зөвлөл.

 

2.5.Зөвлөл нь дарга, гишүүдийг энэ журмын 2.4-т заасан дэд зөвлөлд хуваарилах шийдвэр гаргана.

 

2.6.Зөвлөлийн дарга, гишүүд нь хоёроос илүүгүй дэд зөвлөлд орж ажиллана.

 

2.7.Дэд зөвлөл нь энэ журмын 2.8-2.10-т заасан үйл ажиллагааны чиглэлийн дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцан судалж, холбогдох саналыг боловсруулна. 

 

2.8.Монгол киног дэмжих дэд зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл:

 

      2.8.1.кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;

 

      2.8.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12-13 дугаар зүйлд заасны дагуу Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт, зээл олгох арга хэмжээний санал, дүгнэлт гаргах, төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийх;

 

      2.8.3.кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг сайжруулах талаар санал гаргах;

 

      2.8.4.хариуцсан асуудлын хүрээнд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг судлан, тайлбар авч, шийдвэрлэх талаар санал гаргах.

 

2.9.Олон улсын хамтын ажиллагааны дэд зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл:

 

      2.9.1.кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл ажиллагаанд холбогдох асуудлаар санал, дүгнэлт гаргах, хяналт тавих;

 

      2.9.2.кино бүтээх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээдэд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зөвшөөрөл олгох асуудлаар санал гаргах;

 

      2.9.3.хариуцсан асуудлын хүрээнд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг судлан, тайлбар авч, шийдвэрлэх талаар санал гаргах.

 

2.10.Олон нийтийн асуудал хариуцсан дэд зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл:

 

      2.10.1.Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

 

      2.10.2.кино түгээлтэд баримтлах насны ангилал тогтоох санал гаргах;

 

      2.10.3.мэдээллийн сан, цахим үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар санал гаргах, хяналт тавих;

 

      2.10.4.салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал гаргах;

 

      2.10.5.залуу уран бүтээлчид дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний талаар санал гаргах;

 

      2.10.6.кино архив, кино сурталчилгааны асуудлаар санал, дүгнэлт гарган танилцуулах;

      2.10.7.олон улсын кино арга хэмжээнд Монгол киног нэр дэвшүүлэх, оролцуулах талаар санал гаргах;

 

      2.10.8.хариуцсан асуудлын хүрээнд хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг судлан, тайлбар авч, шийдвэрлэх талаар санал гаргах.

 

2.11.Зөвлөлийн нарийн бичгийн даргаар зөвлөлийн Ажлын албаны аль нэг нэгжийн даргыг зөвлөлийн даргын санал болгосноор ажиллуулна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлөөс аливаа шийдвэр гаргахад саналын эрхгүй байна.

 

2.12.Хуралдааны товыг хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байна.

 

2.13.Хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд саналыг илээр гаргаж, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

2.14.Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдааны хэлэлцэх асуудлаар саналаа бичгээр гарган Зөвлөлийн даргад урьдчилан ирүүлснээр түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.

 

2.15.Зөвлөлийн хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө.

 

2.16.Зөвлөлийн тогтоолд зөвлөлийн дарга болон гишүүд, хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна.

 

2.17.Зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй гэж үзвэл зөвлөлийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, төсөл, арга хэмжээнээс татгалзсан шалтгааныг холбогдох этгээдэд танилцуулахгүй байж болно.

 

2.18.Зөвлөл нь мэдээлэл, судалгаа, баримтад үндэслэсэн, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шийдвэр гаргана.

 

Гурав.Зөвлөлийн дарга, гишүүдийн эрх, үүрэг

 

3.1.Зөвлөлийн дарга нь тус зөвлөл болон түүний Ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах бөгөөд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

      3.1.1.кино урлагийн талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

 

      3.1.2.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох, хуралдааныг товлох, зохион байгуулах;

 

      3.1.3.Зөвлөлийг гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх;

 

      3.1.4.Зөвлөлийн Ажлын албаны нэгжийн дарга, ажилтны ажил үүргийн хуваарийг тогтоох, тэдгээрийг томилж, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох; 

 

      3.1.5.Зөвлөлийн болон дэд зөвлөлийн хуралдаан зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг зохион байгуулахад хяналт тавих, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх;

 

      3.1.6.Зөвлөлийн Ажлын албаны ажилтны мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;

 

      3.1.7.Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

 

      3.1.8.иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ, хэлэлцээр байгуулах; 

 

      3.1.9.Зөвлөлийн шийдвэрээр олгосон зөвшөөрөлд гарын үсэг зурж баталгаажуулах;

 

      3.1.10.хууль тогтоомж болон энэ журамд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тушаал, шийдвэр гаргаж, биелэлтийг хангуулах;

 

      3.1.11.Зөвлөлийн төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;

 

      3.1.12.Зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;

 

      3.1.13.ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

 

      3.1.14.хуульд зааснаас бусад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ тарифыг хууль тогтоомжийн хүрээнд батлах, мөрдүүлэх;

 

      3.1.15.Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих;

 

      3.1.16.хууль тогтоомжид заасан бусад.

 

3.2.Зөвлөлийн гишүүн дараахь эрх, үүрэгтэй:

 

      3.2.1.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвлөлийн Ажлын албанд зөвлөлийн даргаар уламжлан үүрэг даалгавар өгч,  гүйцэтгэлд нь хяналт тавих;

 

      3.2.2.Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах;

 

      3.2.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах;

 

      3.2.4.Зөвлөлийн хурлаас шийдвэрлэсний дагуу энэ журмын 2.4-т заасан дэд зөвлөлд харьяалагдан, санал дүгнэлт гаргаж, зөвлөлийн болон дэд зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох;

 

      3.2.5.хэлэлцэх гэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны дүнд ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлаар хэлэлцүүлэх, санал хураалтад оролцохоос татгалзах;

 

      3.2.6.Зөвлөл, дэд зөвлөлийн хуралдааны дэгийг чанд сахиж, ажиллах;

 

      3.2.7.байгууллага, хувь хүний хуулиар хамгаалсан нууцыг задруулахгүй байх;

 

      3.2.8.Зөвлөлөөс албан ёсоор мэдээлснээс бусад асуудлаар мэдээлэл хийхгүй байх.

 

3.3.Зөвлөлийн даргын түр эзгүйд түүний зөвшөөрснөөр хуралдааныг насаар хамгийн ахмад зөвлөлийн гишүүн даргална.

 

3.4.Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.12-т заасны дагуу дуусгавар болсон тохиолдолд зөвлөлийн гишүүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 

3.5.Зөвлөлийн гишүүнд хуралдаанд оролцсон байдлаас хамаарч урамшуулал олгоно. Зөвлөлийн гишүүний урамшууллын хэмжээг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр зөвлөл батална.

 

Дөрөв.Зөвлөлийн бүрэн эрх

 

4.1.Зөвлөл нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.16-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

      4.1.1.Зөвлөлийн стратеги төлөвлөгөө боловсруулан, хэлэлцэж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, батлагдсан төсөв, стратегийн хүрээнд зөвлөлийн Ажлын албаны нэгжийн чиг үүргийг батлах;

 

      4.1.2.Зөвлөлийн төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж дүгнэлт гаргах;

 

      4.1.3.Зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, зааврыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;

 

      4.1.4.шаардлагатай тохиолдолд гадаад, дотоодын мэргэшсэн судлаач, шинжээч ажиллуулах;

 

      4.1.5.кино урлагийн салбарын мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглалт хэрэглээг дэмжих, тогтвортой ажиллагааг хангах;

 

      4.1.6.Зөвлөлийн үйл ажиллагааг цахим системээр зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах, холбогдох журмыг батлах;

      4.1.7.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12.1, 15.1, 20.1-д тус тус заасан дэмжлэг, зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох бусад этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах;

 

      4.1.8.кино урлагийн салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;

 

      4.1.9.кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн болон холбогдох бусад стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргах;

 

      4.1.10.кино үйлдвэрлэлтэй холбоотой бусад асуудал.

 

Тав.Бусад зүйл

 

5.1.Зөвлөл түүний Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг улсын төсөв, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

 

5.2.Зөвлөл нь монгол, англи хэлээр өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг харуулсан албан ёсны цахим систем, хуудастай байна.

 

5.3.Зөвлөлийн дарга, гишүүд энэ журмыг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

---o0o---