A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛД СУУРИЛСАН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Эрүүл мэндийн сайдын 2022 оны

03 сарын 15-ны өдрийн А/139 дүгээр

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛД СУУРИЛСАН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БОЛОН  ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл, зорилго

 

1.1 Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо (цаашид "эрт илрүүлэг" гэх)-нд хамруулах нь хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй халдварт болон халдварт бус өвчнийг эрт үед нь илрүүлснээр үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх зорилготой.

1.2 Энэхүү журам нь эрт илрүүлгийг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагууд зорилтот насны бүлэгт товлосон хугацаанд хийх үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.3 Эрт илрүүлэг нь анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлийг үнэлэх, эмнэл зүйн ерөнхий үзлэг хийх, багажийн болон лабораторийн шинжилгээг гүйцэтгэж, эмнэлзүйн дүгнэлт өгөх, зөвлөгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад оношийг тодруулахаар илгээх, хянах цогц үйл ажиллагаа юм.  

1.4 Энэхүү журмаар зохицуулагдаж буй эрт илрүүлэг нь төлбөртэй тусламж, үйлчилгээнд хамаарахгүй.

1.5 Эрт илрүүлгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийг дэмжих төв, тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад хийнэ.

1.6 Алслагдсан болон газар зүйн саад бэрхшээлтэй сум, баг, хороонд амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад шалтгаанаар эрүүл мэндийн байгууллагад хандах боломжгүй иргэдэд явуулын хэлбэрээр үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж болно.

1.7 Товлолт хугацаанд хийгдсэн аливаа үзлэг, шинжилгээний хариу дүгнэлтийг эрт илрүүлэгт хамрагдсанаар тооцож болно.

 

Хоёр. Эрт илрүүлэгт хүн амыг хамруулах үйл ажиллагааны зохион байгуулалт

 

2.1 Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь бүртгэлтэй хүн амын дараа оны эрт илрүүлэгт хамрагдах судалгааг жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний дотор Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлнэ.

2.2 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь энэхүү журмын 2.1-д заасан судалгааг нэгтгэн жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлнэ.

2.3 Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрт илрүүлэгт хамрагдах судалгаанд бүртгэгдсэн иргэн бүрт цахим урилгыг товлолт насанд хүрсэн сард нь багтаан илгээнэ.

2.4 Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах талаар иргэнд сануулах цахим урилга илгээх, дуудах, эргэн дуудах, бүртгэх, үзлэг, шинжилгээний хариу дүгнэлтийг мэдээлэх, эрсдэлтэй тохиолдлыг онош тодруулахаар илгээх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах талаар зөвлөмж өгөх үйлчилгээ бүрэн цахимжсан байна.  

2.5 Хүүхдийн эмгэгийн эрт илрүүлгийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу хийнэ. Хүүхдэд эрт илрүүлэг хийх эмч нар сургалтад хамрагдаж чадавхжсан байна.

2.6 Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэхээр ирсэн иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт эрт илрүүлэгт хамрагдах талаар зөвлөгөө өгч, мэдээллээр хангана.

 

Гурав. Эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлгийг зохион байгуулах

 

3.1 Иргэн эрт илрүүлэгт хамрагдахдаа эрүүл мэндийн байгууллагыг харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлнэ.  

3.2 Товлолт хугацаа нь иргэний төрсөн өдрөөс дараа жилийн төрсөн өдрийн өмнөх өдөр хүртэл үргэлжилнэ. 

3.3 Иргэн эрт илрүүлгийг товлолын дагуу жилд нэг удаа хийлгэх ба цахим бүртгэлийн програмд зөвхөн товлолт насанд хамаарах үзлэг, шинжилгээ, оношилгоог тохируулан оруулсан байна.

3.4 Иргэн харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлэгт хамрагдах эрүүл мэндийн байгууллагын жагсаалт болон хэзээ, хэрхэн хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө авч, сонголт хийнэ.

3.5 Эрт илрүүлгийг нийгмийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийг дэмжих төв болон тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг, клиникт товлолын дагуу хийнэ.

3.6 Эрүүл мэндийн байгууллага нь эрт илрүүлгийг үндсэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр, үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй үзүүлэхээр зохион байгуулна.

3.7 Товлолт насанд эрт илрүүлэгт хамрагдах цахим урилга хүлээж авсан иргэн эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлгийн цахим бүртгэлд бүртгүүлж, халдварт болон халдварт бус өвчний анхдагч эрсдэлийн үнэлгээ хийлгэнэ.

3.8 Эрүүл мэндийн байгууллага нь товлолт насанд хийх эрт илрүүлгийг иж бүрэн хийх боломжгүй тохиолдолд бусад эрүүл мэндийн байгууллага, лаборатори, мэргэжлийн багтай хамтран ажиллах гэрээ байгуулж, туслан гүйцэтгүүлнэ. Энэ нь тухайн үндсэн үйлчилгээг үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

3.9 Эрт илрүүлгээр өөрчлөлтгүй гарсан тохиолдолд өвчний олон улсын ангиллын "Z" кодоор эмчийн үзлэгийн цахим бүртгэлд бүртгэж, мэдээллийн санд оруулна.

3.10 Эрт илрүүлгээр өөрчлөлттэй гарсан тохиолдолд өвчний олон улсын ангиллын холбогдох оношийн хамааралтай бүлгээр бүртгэж, эмч хяналтад авна.

3.11 Иргэн нэгэнт оношлогдсон өвчин эмгэгээр эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдахгүй.

3.12 Эрт илрүүлгээр өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад холбогдох журмын дагуу илгээнэ.

3.13 Онош тодруулахаар илгээсэн тохиолдлыг хүлээн авсан эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага нь оношийг баталгаажуулан эргэн мэдээлэх бөгөөд, цаашид авах арга хэмжээний талаар илгээсэн байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

3.13 Онош баталгаажсан тохиолдолд онош тавьсан болон онош тодруулахаар илгээсэн эрүүл мэндийн байгууллага хариуцна. Онош тавьсан эмч эрт илрүүлгийн цахим бүртгэлд тэмдэглэл хөтлөнө. 

3.14 Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв нь өөрийн байгууллагад бүртгэлтэй иргэний онош баталгаажсан тохиолдол, эмчийн хяналтад орсон мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлээс татан авч, дүн шинжилгээ хийж, хяналтад ороогүй иргэнтэй холбогдож, хяналтад орохыг зөвлөж, эмчлэх арга хэмжээг зохион байгуулна.

 

Дөрөв. Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг

 

4.1 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хүлээнэ. Үүнд:

4.1.1 Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг олон улсын туршлага, нотолгоо, судалгаа, мэргэжлийн тэргүүлэх байгууллага, мэргэжлийн салбар зөвлөлийн саналыг үндэслэн судалж, тогтмол шинэчлэх;

4.1.2 Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээний эмнэлзүйн заавар, удирдамжийг шаардлагатай тохиолдолд шинэчлэх;

4.1.3 Эрт илрүүлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах хүний нөөц, багаж, тоног төхөөрөмж, урвалж бодисоор эрүүл мэндийн байгууллагуудыг үе шаттай хангах;

4.1.4 Эрт илрүүлгийн үйл ажиллагааны зохион байгуулалт, үр дүн, зардлын үр ашиг, эрүүл мэндийн салбарт үзүүлэх үр нөлөөг үнэлэх, судлах, хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.5 Эрт илрүүлгийн цахим системийг эрүүл мэндийн салбарын бусад цахим платформуудтай холбох.

4.2 Эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага дараах чиг үүргийг хүлээнэ. Үүнд:

4.2.1 Эрт илрүүлгийн үйл ажиллагааг үндсэн тусламж, үйлчилгээний чиглэлээр энэ журмын 1.5-д заасан эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

4.2.2 Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн заавар, удирдамжийг ашиглан сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтанд эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанг хамруулах ажлыг зохион байгуулах;

4.2.3 Онош тодруулахаар илгээсэн тохиолдлыг хүлээн авч, оношийг баталгаажуулах, эмчилгээ, хяналтын зааварчилгаа өгөх, шаардлагатай тохиолдолд мэргэшсэн эмчийн шууд хяналтад авах, эргэн мэдээлэх;

4.2.4 Эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих төв, амбулаториор дамжуулан эрт илрүүлгийг зохион байгуулах. 

 

4.3 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дараах чиг үүргийг хүлээнэ. Үүнд:

4.3.1 Эрүүл мэндийн анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлийг үнэлэхэд энэ журмын 1.5-д заасан эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах;

4.3.2 Эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн заавар, удирдамж, гарын авлага, сургалтын хөтөлбөрт санал өгөх;

4.3.3 Эрт илрүүлгийн товлолт насны бүлэг бүрээр иргэнд зориулсан гарын авлага, сургалт, сурталчилгааны материалыг боловсруулж, түгээх;

4.3.4 Эрт илрүүлгийн товлолын талаарх мэдээллийг сурталчлах нэгдсэн загварыг гаргаж, эрүүл мэндийн байгууллагуудад түгээх, байгууллагын вэбсайт, цахим хуудсанд байршуулах;

4.3.5 Эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулж, товлолын дагуу хамрагдахыг хүн амд уриалсан мэдээллийг шинжлэх ухааны нотолгоонд түшиглэн хүн бүрт ойлгомжтой байхаар боловсруулж, мэдээллийн бүх төрлийн сувгаар хүртээмжтэй түгээх;

4.3.6 Эрт илрүүлгийн тайлан, мэдээг хагас болон бүтэн жилээр нэгтгэж, дүн шинжилгээ хийж бодлого, шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах.

4.4 Эрүүл мэндийн хөгжлийн төв дараах чиг үүргийг хүлээнэ.

4.4.1 Эрт илрүүлгийг зохион байгуулахад шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, судлаачдыг чадавхижуулах богино хугацааны сургалтыг улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулах;

4.4.2 Эмнэлзүйн заавар, удирдамж болон сургалтад ашиглах хичээл, гарын авлагын нэгдсэн санг үүсгэн, байгууллагын веб сайт, цахим хуудсанд байршуулах;

4.4.3 Эрт илрүүлэгт ашиглах эрүүл мэндийн анхан шатны бүртгэлийн маягтыг шинэчлэх, давхардлыг арилгах;

4.4.4 Эрт илрүүлгийн тоо мэдээг цуглуулж, өдөр тутмын чанарын хяналт тавьж, нэгтгэн мэдээлэх;

4.4.5 Эрт илрүүлгийн урилга илгээх, дуудах-эргэн дуудах, эрүүл мэндийн лавлагаа гаргах нэгдсэн цахим програм хангамжийг хариуцан, шуурхай тасралтгүй байдлыг ханган ажиллах;

4.4.6 Цахим системийн сургалтыг эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанд зохион байгуулж, тасралтгүй, тогтмол хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах.

4.5 Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар дараах чиг үүргийг хүлээнэ.

4.5.1 Эрт илрүүлэгт шаардагдах лабораторийн урвалж бодис, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслэлийн судалгааг гаргаж, тэдгээрийн хангамж, ашиглалт, чанар аюулгүй байдалд хяналт, зохицуулалт хийх;

4.5.2 Эрт илрүүлэгт ашиглагдах эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн худалдан авалт зохион байгуулах, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

4.5.3 Эрт илрүүлэгт шаардагдах эмнэлгийн хэрэгслийн зах зээл дэх үнийн судалгааг жил бүр гаргаж, зохиомол хөөрөгдөлт бий болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, тогтмол хянах.

4.6 Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дараах чиг үүргийг хүлээнэ.  Үүнд:

4.6.1 Эрт илрүүлэгт шаардлагатай санхүүжилтыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам, хянах шалгуур үзүүлэлтийг боловсруулж батлуулах;

4.6.2 Эрүүл мэндийн байгууллагын шатлал тус бүрээр санхүүжилтыг тооцож, жил бүрийн төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгахаар санал боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчид хуульд заасан хугацаанд хүргүүлэх;

4.6.3 Эрт илрүүлгийг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах;

4.6.4 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран олон нийтэд сурталчлах, халдварт болон халдварт бус өвчлөлийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад эрт илрүүлгийн ач холбогдлын талаар эрүүлт мэндийн байгууллага болон даатгуулагчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах;

4.6.5 Эрт илрүүлгийн үр дүнгийн талаарх мэдээллийг улсын хэмжээнд сар бүр нэгтгэн нээлттэй мэдээлэх;

4.6.6 Эрт илрүүлгийн санхүүжилтийн талаарх үр дүн, үр ашиг, үр нөлөөний талаарх судалгаа, тооцооллыг хийж, хяналт тавих.

4.7 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар дараах чиг үүрэг хүлээнэ. Үүнд: 

4.7.1 Эрт илрүүлгийг зохион байгуулахад харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийг хамруулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах;

4.7.2  Эрт илрүүлгийг үндсэн тусламж, үйлчилгээний хүртээмж, оношилгоо эмчилгээний чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зохион байгуулах;

4.7.3 Эрт илрүүлгийн мэдээ, мэдээллийн шуурхай, үнэн зөв байдлыг хангаж, тайланг хүлээн авч нэгтгэн, сар бүр Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргэх;

4.7.4 Эрт илрүүлэгт шаардагдах  лабораторийн урвалж бодис, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслэл болон бүртгэлийн маягт, цахим програм, хүний нөөцийн хангамж, сургалтын хэрэгцээнд үнэлгээ хийж, жил бүрийн төсөвт суулгах шаардлагатай зардлыг тооцон орон нутгийн болон эрүүл мэндийн салбарын төсвийн төсөлд тусгах саналыг боловсруулж эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх.

 

Тав. Эрт илрүүлгийн талаарх мэдээллийн ил тод байдал,

 эрт илрүүлгийн үр дүнг үнэлэх

 

5.1 Эрт илрүүлгийн товлолын дагуу хамрагдах талаар иргэнд сануулж цахим урилга илгээх, дуудах-эргэн дуудах, бүртгэх, үзлэг шинжилгээний хариу дүгнэлтийг мэдээлэх, эрсдэлтэй тохиолдлыг онош тодруулахаар илгээх, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн зөвлөмжийг өгөх үйлчилгээ бүрэн цахимжсан байна.  

5.2 Иргэн эрт илрүүлэгт хамрагдах товлол, хэрхэн хамрагдах заавар зөвлөгөө, дараалал, алгоритм, эрт илрүүлгийн хариу дүгнэлт, дараагийн шатлалд онош баталгаажуулах тусламж үйлчилгээнд илгээх бичиг, эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг цахим, үүрэн утас, хэвлэмэл байдлаар авах боломжоор хангагдсан байна. 

5.3 Өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага нь эрт илрүүлэгт хамрагдах өвчин, эмгэгийн жагсаалт, товлол, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх журмын талаар иргэдийг нээлттэй, ил тод мэдээллээр хангаж ажиллана.

5.4 Эрүүл мэндийн даатгалын байгууллага урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн үр дүнгийн талаар дараах мэдээллийг улсын хэмжээнд сар бүр нэгтгэн цахим хуудсаар нээлттэй мэдээлнэ. Үүнд:

5.4.1      Эрт илрүүлэгт хамрагдах хүний тоо;

5.4.2 Эрт илрүүлэгт хамрагдсан хүний тоо;

5.4.3 Эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн хүний тоо; 

5.4.4 Онош тодруулахаар илгээсэн хүний тоо;

5.4.5 Илрүүлсэн өвчин эмгэгийн тохиолдлын тоо.

5.5 Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлгийн арга хэмжээний үр дүнг 2 жил тутамд, зардал үр ашгийн дүн шинжилгээг 5 жил тутамд гүйцэтгэнэ. 

5.6 Эрт илрүүлгийн үр дүнгийн үнэлгээ, зардлын үр ашгийн дүн шинжилгээнд тулгуурлан энэхүү журмыг тогтмол шинэчилж байна.  

 

 

 

---oOo---