A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 201 дүгээр

 тогтоолын хавсралт                            

 

 

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛЖ

НИЙТЛЭХ, ШИНЭЧЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан нийтийн мэдээлэл хариуцагч мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Нийтийн мэдээлэл хариуцагч (цаашид "мэдээлэл хариуцагч" гэх)  нь хууль болон энэ журамд нийцүүлэн нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих талаар дотоод журам батлан мөрдүүлж болно. 

 

Хоёр.Нээлттэй мэдээллийн сан үүсгэх, цахим хуудсанд

байршуулж нийтлэх

 

2.1.Мэдээлэл хариуцагч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6-д заасан өөрт хамаарах нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж, ""Төрийн байгууллагын веб сайтад тавих шаардлага" Монгол Улсын MNS 6285:2017" стандартыг хангасан, Веб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал (WCAG 2.1 зөвлөмж)-д нийцсэн өөрийн цахим хуудас (цаашид "цахим хуудас" гэх)-д байршуулж нийтэлнэ.

 

2.2.Мэдээлэл хариуцагч нь энэ журмын 2.1-д заасан цахим хуудсанд мэдээллийн агуулгыг бүлэглэх, цэс үүсгэх, хайлтын системд хайлт хийх, цахим хуудасны бусад мэдээлэлтэй холбоосоор харилцан холбогдох боломжтой байдлаар байршуулж нийтэлнэ.  

 

2.3.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг байршуулж нийтлэх, шинэчлэх, цахим хуудасны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хариуцах  ажилтныг (цаашид "эрх бүхий ажилтан" гэх) томилон ажиллуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

 

2.4.Эрх бүхий ажилтан нь цахим хуудсанд байршуулж нийтлэх нээлттэй мэдээллийн үнэн зөв байдлыг хангана.

 

2.5.Мэдээлэл хариуцагч нь цахим хуудсанд эрх бүхий ажилтны нэр, албан тушаал, холбоо барих мэдээллийг нийтэлнэ.

 

2.6.Нээлттэй мэдээллийг дүрс, видео, аудио хэлбэрээр цахим хуудсанд байршуулсан тохиолдолд түүний тайлбарыг оруулна.

 

2.7.Нээлттэй мэдээлэл нь их хэмжээтэй тохиолдолд цахим хуудсанд ачаалал үүсгэхгүй байдлаар байршуулна.

2.8.Нээлттэй мэдээлэл агуулсан мэдээллийн сан үүсгэхдээ ""Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Кирилл болон монгол үсгийн нэгдсэн код" MNS 5552:2005" стандартыг дагаж мөрдөнө.

 

Гурав.Нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх

 

3.1.Мэдээлэл хариуцагч нь цахим хуудсанд байршуулж нийтэлсэн нээлттэй мэдээллийг шинэчлэх тохиолдолд шинээр веб холбоос оноож, өмнөх хувилбарыг архивлаж, хандах боломжийг бүрдүүлнэ. 

 

3.2.Мэдээлэл хариуцагч нь цахим хуудсыг шинэчлэх, эсхүл шинээр үүсгэх тохиолдолд архивласан болон байршуулж нийтэлсэн нээлттэй мэдээллийг тухайн байршуулж нийтэлсэн огноогоор шинэ цахим хуудсанд хуулах, эсхүл устахгүй байхаар шинэчлэлийг хийнэ.

 

3.3.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.9, 8.11-д заасан хугацаанд, бусад мэдээллийг тухай бүр шинэчилж, тогтмол хяналт тавина.

 

Дөрөв.Цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг

хангах, хяналт тавих

 

4.1.Мэдээлэл хариуцагч нь цахим хуудасны мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангах бөгөөд холбогдох стандартыг дагаж мөрдөнө.

 

4.2.Мэдээлэл хариуцагч нь цахим хуудсанд техникийн алдаа, аюулгүй байдлын зөрчил, саатал гарсан тохиолдолд шалтгааныг даруй тодруулж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

 

4.3.Мэдээлэл хариуцагч нь албан ёсны эх сурвалжийг үндэслэн нээлттэй мэдээлэл байршуулж нийтлэх, шинэчлэхдээ цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана.

  

Тав.Бусад зүйл

 

5.1.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэхэд шаардагдах программ хангамж, техник хэрэгсэл, хөрөнгө, хүний нөөц, ажлын байрны нөхцөлийг бүрдүүлнэ.

 

5.2.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй мэдээллийг цахим хуудсанд байршуулж нийтлэх, шинэчлэхтэй холбогдох үүргийг эрх бүхий ажилтны албан тушаалын, эсхүл ажлын байрны тодорхойлолтод тусгана.

 

 

 

 

---o0o---