A

A

A

Бүлэг: 1979

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХУДАЛДАА,

ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг, хариуцлага, худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, тэдгээрт тавигдах шаардлагыг тодорхойлох, бүртгэлжүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нутгийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохицуулалт хийх, хяналт тавихад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан болон эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг удирдлага болгоно.

1.4.Энэ журам нь гадаадын хөрөнгө оруулалттай иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилнэ.

 

ХОЁР. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ, АНГИЛАЛ

2.1. Худалдаа:

2.1.1. хүнсний зах, худалдааны төв;

2.1.2. хүнсний бус барааны зах, худалдааны төв (барилгын материал, мод, авто техникийн, төрөлжсөн барааны г.м);

2.1.3. их дэлгүүр;

2.1.4. агуулах дэлгүүр;

2.1.5. бөөний төв;

2.1.6. хайпермаркет;

2.1.7. супермаркет;

2.1.8. минимаркет;

2.1.9. хүнсний дэлгүүр;

2.1.10. ая тухтай дэлгүүр (конвиниенс стоор);

2.1.11. үзүүлэнгийн танхим;

2.1.12. аутлет;

2.1.13. бутик;

2.1.14. төрөлжсөн барааны дэлгүүр;

2.1.15. мухлаг

2.1.16. түргэн үйлчилгээний цэг (цаашид "ТҮЦ" гэх);

2.1.17. улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ;

2.1.18. дахивар авах цэг;

2.1.19. бусад

2.2. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ:

2.2.1. ресторан;

2.2.2. баар (паб);

2.2.3. баар (караоке);

2.2.4. баар (диско клуб);

2.2.5. баар (бильярд);

2.2.6. баар (спорт);

2.2.7. баар (тайчих клуб);

2.2.8. кафе;

2.2.9. цайны газар (нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх);

2.2.10. түргэн хоолны газар;

2.2.11. сүлжээ хоолны газар;

2.2.12. кофе шоп;

2.2.13. явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг;

2.2.14. хүргэлтийн хоолны үйлчилгээ;

2.2.15. кейтеринг буюу захиалгат хоол үйлчилгээ;

2.2.16. эвэнт танхимын үйлчилгээ;

2.2.17. бусад

2.3. Ахуйн үйлчилгээ:

2.3.1. үсчин;

2.3.2. гоо засал;

2.3.3. хумс засал;

2.3.4. хувцас захиалга, засвар;

2.3.5. гутал засвар;

2.3.6. гэр ахуйн тавилгын засвар;

2.3.7. ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар;

2.3.8. алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар;

2.3.9. уран баримлын захиалга, засвар;

2.3.10. цүнх засвар;

2.3.11. нүдний шил захиалга, засвар;

2.3.12. цоож, түлхүүр засвар;

2.3.13. цаг засвар;

2.3.14. хими цэвэрлэгээ, угаалга;

2.3.15. гэрэл зургийн үйлчилгээ;

2.3.16. айл гэр, албан байгууллага цэвэрлэх үйлчилгээ;

2.3.17. айл гэр, албан байгууллага нүүлгэх үйлчилгээ;

2.3.18. эд бараа түрээслэх үйлчилгээ;

2.3.19. нийтийн халуун ус;

2.3.20. саун, алжаал тайлах төв;

2.3.21. бусад

2.4. Зочлох үйлчилгээ

2.4.1. зочид буудал;

2.4.2. дэн буудал;

2.4.3. жуулчны бааз;

2.4.4. амралтын газар;

2.4.5. гэр буудал;

2.4.6. бусад

2.5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ

2.5.1. фитнес, спининг;

2.5.2. усан бассейн;

2.5.3. боулинг;

2.5.4. аэробик, иог, спорт бүжгийн клуб;

2.5.5. бильярд;

2.5.6. спорт заал;

2.5.7. спорт талбай;

2.5.8. цанын бааз;

2.5.9. усан парк;

2.5.10. мөсөн гулгуур;

2.5.11. бусад

2.6. Авто үйлчилгээ

2.6.1. авто агрегат засвар;

2.6.2. авто кузов засвар;

2.6.3. дугуй засвар;

2.6.4. автомашины угаалга;

 

2.6.5 автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг, аккумлятор, дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа;

 

2.6.6. автомашины доторлогоо;

2.6.7. автомашины зогсоол (дулаан, ил);

2.6.8. шатахуун түгээх станц;

2.6.9. хий (газ) цэнэглэх станц (автомашин, ахуйн хэрэглээ);

2.6.10. бусад

2.7. Тоглоомын төв

  2.7.1. цахим тоглоомын төв;

  2.7.2. хүүхдийн тоглоомын төв;

  2.7.3. бусад

 2.8. Соёл урлагийн үйлчилгээ:

 

2.8.1. соёл урлагийн (дуу, хөгжим, бүжиг, кино, драм, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будаг, хувиргалт) сургалтын газар;

 

  2.8.2. дэлгэцийн болон дүрс бичлэгийн бүх төрлийн кино үзвэрийн газар

  2.8.3. соёлын төв, үзвэр үйлчилгээний газар;

  2.8.4. бусад.

 

ГУРАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ,

БҮРЭЛДЭХҮҮН, ЧИГ ҮҮРЭГ

3.1.Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.

3.2."Зөвлөл"-ийн дарга нь дүүргийн тухайн асуудал хариуцсан Засаг даргын орлогч байх бөгөөд "Зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг дүүргийн Засаг даргын захирамжаар батална.

3.3. "Зөвлөл" нь дараах байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:

3.3.1.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүнс, худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж;

3.3.2.дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж;

3.3.3.дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн асуудал хариуцсан нэгж;

3.3.4.дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж;

3.3.5.дүүргийн Цагдаагийн газар;

3.3.6.дүүргийн Онцгой байдлын хэлтэс;

3.3.7.дүүргийн Газрын харилцааны асуудал хариуцсан нэгж;

3.3.8.дүүргийн Татварын хэлтэс;

3.3.9.Зөвлөлийн бүрэлдэхүүнд хүний эрх, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, худалдаа, үйлчилгээний чиглэлийн мэргэжлийн холбоод, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэдийн төлөөллийг оролцуулж болно.

3.4."Зөвлөл" нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

3.4.1."Онлайн бизнес төв"-ийн "Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем"-д бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн бүрдүүлэх баримт бичгийг тогтоосон хугацаанд системд оруулсан эсэх, холбогдох хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавьж, бүртгэлийг баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд ажлын байрыг газар дээр нь очиж шалгах;

3.4.2.дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийг мэдээллийн систем ашиглан бүртгэлжүүлж, нэгдсэн санг бүрдүүлэх;

3.4.3.хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг сурталчилж, хэрэгжилтийг хангуулах;

3.4.4.ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах;

3.4.5. худалдаа, үйлчилгээний чиглэлээр нутаг дэвсгэртээ тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад уламжлах;

3.4.6. холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг бүрэн хангасан, үлгэр жишээ тохижилт хийсэн, тохирлын баталгаатай үйлчилгээг бодлогоор дэмжих;

3.4.7. энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас, бүтэн жилээр тайлагнаж, өгсөн үүргийг хугацаанд нь биелүүлэх.

3.5. Зөвлөлийн шийдвэр нь "Хурлын тэмдэглэл" байх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Зөвлөлийн шийдвэрийг тухайн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлнэ.

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

4.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1."Зөвлөл"-ийг удирдлагаар хангаж, хяналт тавина.

4.1.2. худалдаа, үйлчилгээний чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.

4.1.3.худалдаа, үйлчилгээнд хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновац нэвтрүүлсэн, тохирлын баталгаатай үйлчилгээг бодлогоор дэмжинэ.

ТАВ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 5.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт энэ журмын 2.1-2.8-д заасан худалдаа, үйлчилгээг эрхлэхэд хууль тогтоомж, стандартад зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

5.1.1. худалдаа үйлчилгээ эрхлэх барилга байгууламж, цэг салбарын гадна болон дотор орчныг холбогдох стандартын шаардлагын дагуу тохижуулж, эрүүл, аюулгүй байдлыг хангасан байх;

5.1.2. галын аюулгүй байдлын тухай хуулийн дагуу галын аюулгүй байдлыг хангаж, дүгнэлт гаргуулсан байх;

5.1.3.гадна хаяг, хаягийн байгууламж нь холбогдох журам, стандарт шаардлагад нийцсэн байх, худалдаа, үйлчилгээний ангиллыг стандартаар тогтоосон нэршлээр байршуулсан байх;

5.1.4.стандартын шаардлага хангасан кассын машин, и-баримт хэвлэх төхөөрөмж, пос терминалтай байх;

5.1.5.зах, худалдааны төв, их дэлгүүр, хайпермаркет, супермаркет, жуулчны бааз, амралтын газар, зочид буудал, үзвэр, үйлчилгээний газрууд барилга байгууламжийн орох хэсэг, дотоод орчин, ариун цэврийн өрөөнд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан тохижилтыг стандартын дагуу хийсэн, шаардлагатай хэрэглэгдэхүүн, тэмдэг, тэмдэглэгээг бий болгосон байх;

5.1.6.худалдаа, үйлчилгээний газар нь Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, иргэн, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй, гэр хороолол, зуслан, ногоон бүсэд байрлалтай бол сайжруулсан ариун цэврийн байгууламжтай байх;

5.1.7.агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулах бол халаалтын асуудлыг цахилгаан болон бусад агаарын бохирдол үүсгэхгүй шийдлээр шийдсэн байх;

5.1.8.худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэртэй байх.

 5.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэхэд энэ журмын 5.1-д зааснаас гадна үйлчилгээний төрлөөс хамаарч дараах тусгай шаардлага тавигдана:

5.2.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд дараах тусгай шаардлага тавигдана:

5.2.1.1.хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэл"-д бүртгүүлсэн байх;

5.2.1.2.хоол, хүнсний хүргэлтийн үйлчилгээ болон 24 цагийн үйлчилгээ эрхлэх хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдааны газар тохирлын гэрчилгээ авсан байх;

5.2.1.3.хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар нь холбогдох стандартын шаардлагыг хангасан өөх тос баригчийг суурилуулж, ашиглалтын хэвийн ажиллагааг хангасан байх;

5.2.1.4.ресторан нь хүүхдэд зориулсан хоолны цэстэй, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон ширээ сандал, хоолны хэрэгсэлтэй, 100-аас дээш суудалтай ресторанд хүүхэд саатуулах орчин бүрдүүлсэн байх;

5.2.1.5.энэ журмын 2.2.2-2.2.7-д заасан ангиллын үйлчилгээний газар зөвшөөрөгдөх дуу чимээний хэмжилтийг дуу шуугиан хэмжих итгэмжлэлийн эрхтэй лабораториор хийлгэсэн байх, нийтийн орон сууц, гэр хорооллын дунд болон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбайн орчимд байрладаг бол өдрийн цагаар 55 дБА, шөнийн цагаар 50 дБА-аас хэтрэхгүй байх.

5.2.2.Зах, худалдааны төв, их дэлгүүр, хайпермаркетад дараах тусгай шаардлага тавигдана:

5.2.2.1.зах, худалдааны төвийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдсон газарт байгуулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу "Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ" хийлгэсэн байх;

5.2.2.2.зах, худалдааны төвд түрээслэгчдийн хувцас солих, цай уух өрөөг тусгайлан төлөвлөж тохижуулсан байх;

5.2.2.3.их дэлгүүр, хайпермаркетад хүүхэд саатуулах орчин бүрдүүлсэн, ариун цэврийн өрөөнд хүүхдийн тэрэгтэй орох боломжтой, хүүхдийн живх солих тавцантай байхаар зохион байгуулсан байх;

5.2.2.4.хэрэглэгчдийн гомдол, саналыг түргэн шуурхай барагдуулах "Хэрэглэгчийн төв"-тэй байх.

5.2.3.Улирлын чанартай худалдаа, үйлчилгээ, ТҮЦ-т дараах тусгай шаардлага тавигдана:

5.2.3.1.улирлын чанартай, түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг дүүргээс баталсан байршилд эрхлэх ба худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаажилттай бараа бүтээгдэхүүнийг худалдах, түүгээр үйлчлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, жин хэмжүүр баталгаажсан, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх, орчны цэвэрлэгээг хариуцах;

5.2.3.2.явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг нь дүүргээс баталсан, холбогдох стандартад заасны дагуу экологийн цэвэр орчин, хатуу хучилт бүхий талбайд байрших, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх, орчны цэвэрлэгээг хариуцах;

5.2.3.3.ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах.

 5.2.4.Авто үйлчилгээнд дараах тусгай шаардлага тавигдана:

5.2.4.1.автомашины угаалгын газар нь үйлчилгээнээс гарч байгаа бохир усыг тунгааж, цэвэрлэх, цэвэршүүлсэн (саарал) усыг дахин ашиглах тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байх.

 

ЗУРГАА."ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ"-ИЙН "ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛИЙН

СИСТЕМ"-Д БҮРТГҮҮЛЭХ

6.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нийслэлийн нэгдсэн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээний нэгдсэн ulaanbaatar.mn портал системийн "Онлайн бизнес төв"-ийн "Үйлчилгээ эрхлэх бүртгэл" цэсэд нэвтэрч бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлнэ:

6.1.1.цахим системийн "Үйлчилгээ эрхлэх бүртгэл" цэсэнд хандаж хүсэлт гаргах бөгөөд Төрийн үйлчилгээний танилт нэвтрэлтийн "ДАН" системд нэвтэрч овог нэр, хаяг, утас, цахим хаягийг мэдээлнэ.

6.1.2.эрхлэх үйлчилгээний төрлийг сонгож, "үйлчилгээ авах" хэсэгт нэвтэрнэ.

6.1.3.тухайн үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлага, хүлээх үүрэгтэй танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээс хуулийн этгээд бол "Улсын бүртгэлийн гэрчилгээ"-ний мэдээлэл, иргэн бол "Иргэний үнэмлэх"-ийн мэдээллийг, мөн үйлчилгээ эрхлэх байрны "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ", газрын гэрчилгээний мэдээллийг татаж харуулна.

6.1.4.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2011 оноос өмнөх тушаалаар нийтийн орон сууцны зориулалтыг өөрчилсөн байранд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа бол уг тушаалыг, түрээсийн байранд үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд түрээсийн гэрээг "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ"-ний хамт файл хэлбэрээр системд оруулна.

6.1.5.худалдаа, үйлчилгээ эрхлэх газрын хаяг болон байршлын мэдээллийг газрын зураглал дээр тэмдэглэж оруулна.

6.1.6.татвар төлөгчийн дугаарыг системд оруулна.

6.1.7.худалдаа, үйлчилгээ эрхлэхэд иргэн, хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

6.1.7.1.галын аюулгүй байдлын дүгнэлт;

6.1.7.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэл (бүртгүүлсэн тохиолдолд системээс татаж харуулна)

6.1.7.3.хог тээврийн гэрээ;

6.1.7.4.зах, худалдааны төв эрхлэх бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, "Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт";

6.1.7.5.авто засвар, авто угаалгын үйлчилгээ эрхлэх тохиолдолд "Машин угаах техникийн нөхцөл", "Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлт";

6.1.7.6.энэ журмын 2.6.1-2.6.4-д заасан төрлийн үйлчилгээ эрхлэх бол "Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ", "Тохирлын гэрчилгээ";

6.1.8.энэ журмын 6.1.7-д заасан баримт бичгийг өмнө нь бүрдүүлсэн бол "Тийм", бүрдүүлээгүй бол "Үгүй" хариултыг сонгоно. "Үгүй" хариултыг сонгосон тохиолдолд хүсэлт  холбогдох байгууллагуудад системээр илгээгдэнэ.

6.1.9.энэ журмын 6.1.7.1-д заасан "Галын аюулгүй байдлын дүгнэлт"-ийг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс олгоно.

6.1.10.энэ журмын 6.1.7.3-т заасан "Хог тээврийн гэрээ"-г дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулна.

6.1.11.энэ журмын 6.1.1-6.1.6-д заасан мэдээллийг оруулсны дараа, 6.1.7.1-6.1.7.6-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн эсэхээс үл хамааран QR код бүхий "Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн хуудас"-ыг хэвлэн авч, үйл ажиллагааг эхлүүлж болно.

6.1.12.тавигдах шаардлага, стандартыг хангаагүй, хуулиар болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон байршилд байрласан, мэргэжлийн байгууллагаас холбогдох дүгнэлт олгох боломжгүй тохиолдолд хариуцсан албан хаагч тайлбарыг системд тэмдэглэлээр оруулж "татгалзах" үйлдэл хийнэ.

6.2.Энэ журмын 2.1-2.3, 2.6, 2.7.2-т заасан үйлчилгээний хүсэлтийг тухайн дүүргийн худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан нэгж хүлээн авч, дүүргийн "Зөвлөл" хянан баталгаажуулна.

6.3.Энэ журмын 2.4-т заасан үйлчилгээг нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан газар, 2.5-д заасан үйлчилгээг нийслэлийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан газар, 2.7.1-д заасан үйлчилгээг нийслэлийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан газар, 2.8-д заасан үйлчилгээг нийслэлийн соёл, урлагийн асуудал хариуцсан газар тус тус хүлээн авч, хянан баталгаажуулна.

6.4.Хувь хүний мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу зохицуулна.

6.5.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн санг төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээр дамжуулан цахим хэлбэрээр ашиглахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр батлагдсан мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглахтай холбоотой журмыг мөрдөнө.

 

ДОЛОО. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН  ЭРХ

7.1. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь дараах эрхтэй байна:

7.1.1.холбогдох хууль тогтоомж, журам, стандартын шаардлага хангасан тохиолдолд "Онлайн бизнес төв"-ийн "Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем"-д бүртгүүлж худалдаа, үйлчилгээ эрхлэх;

7.1.2.төрийн бодлого, хууль, журам, стандартуудтай холбоотойгоор санал боловсруулж, шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргах;

7.1.3.худалдаа, үйлчилгээндээ хүний эрхэд суурилсан, нийгэм, байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновац нэвтрүүлсэн, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд шагнал, урамшуулалд хамрагдах;

7.1.4.худалдаа, үйлчилгээтэй холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт, нийслэлээс дэвшүүлсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар холбогдох байгууллагаас мэдээлэл авах;

7.1.5.охирлын гэрчилгээ"-тэй хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар хүргэлтийн үйлчилгээ эрхлэх;

7.1.6.энэ журамд заасан эрх зөрчигдсөн гэж үзвэл дээд шатны байгууллага, албан тушаалтан, эрх бүхий байгууллагад гомдол гаргах.

 

НАЙМ. ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮҮРЭГ

 8.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 5.1-5.2-т заасан тавигдах шаардлагыг хангаж, холбогдох хуулиар хүлээснээс гадна дараах үүргийг биелүүлж ажиллана:

 8.1.1.татвар төлөгчөөр бүртгүүлж, цахим төлбөрийн баримтын системд холбогдон, үйлчилгээ үзүүлэх тухай бүр төлбөрийн баримт олгох, Нийслэл хотын албан татварын тухай хуульд заасан бараа, үйлчилгээ эрхлэх тохиолдолд нийслэл хотын албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх;

  8.1.2.холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөж, нутгийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж, хотын соёл, тохижилт, ногоон байгууламжийг сайжруулахад хувь нэмэр оруулах;

 8.1.3.гамшиг, ослын үед нийслэлийн хүн амыг хоол хүнсээр хангах, хүнсний бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэхэд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах;

 8.1.4.тогтоосон цагийн хязгаарыг мөрдөж ажиллах;

 8.1.5.орчны 50м хүртэлх талбайг зураглалаар тогтоосон хил хязгаарт тухайн гудамжны стандарт ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижуулах, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хариуцах;

 8.1.6.галын аюулгүй байдлын норм, дүрэм, стандартыг хангаж ажиллах;

 8.1.7.эрх бүхий байгууллагатай "Хог тээврийн гэрээ" байгуулж, хураамжийг заасан хугацаанд төлөх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах зориулалтын хогийн савыг дотор болон гадна орчинд байршуулан ангилан ялгах, дахин ашиглах боломжтой ангилсан хог хаягдлыг хуваарийн дагуу тусад нь тээвэрлүүлэх;

 8.1.8.эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөгөөр иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх;

 8.1.9.мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй чадавхтай баг бүрдүүлж ажиллах, ажилтнуудаа ур чадварын болон чадамжийн сургалтад тогтмол хамруулж мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг, дэвийг ахиулах;

 8.1.10.үйлчилгээний онцлогт нийцсэн ажлын хувцас өмсөж, албан тушаал, нэр бүхий энгэрийн тэмдэг зүүх;

 8.1.11.хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хоолны цэсэндээ шим тэжээлийн мэдээлэл /илчлэг/-ийг тусгах;

 8.1.12.хүнсний зориулалтын уут, сав, баглаа боодлыг худалдаа, үйлчилгээнд нэвтрүүлэх;

 8.1.13.Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан "Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаал"-д багтсан хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд хүүхдэд худалдахгүй байх; 

 8.1.14.ТҮЦ нь цөөн, энгийн нэр төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй барааг худалдах;

 8.1.15.ТҮЦ эрхлэгчид нь инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх;

 8.1.16.мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалах, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөгдсөн цэг, биржээр дамжуулан худалдах;

 8.1.17.мод, барилгын материал, элс, хайрга, цемент, шохой, чулууны худалдаа, дахивар нөөцийн цэгийг дүүргээс зөвшөөрсөн байршилд эрхлэх;

 8.1.18.ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг энэ журмын 2.1.1, 2.1.4, 2.1.6, 2.1.7-д заасан ангиллын худалдааны газарт төрөлжсөн тасгаар худалдах, аюулгүй ажиллагааны санамж, зааварчилгааг дагалдуулах.

8.1.19.автомашины угаалга эрхлэгчид нь үйл ажиллагаандаа дэвшилтэт хэлбэр, шинэ үйлчилгээ, техник технологи нэвтрүүлэх, цэвэршүүлсэн усыг дахин ашиглах.

8.1.20.Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 18 насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй байх, насанд хүрсэн эсэхийг тодорхойлох зорилгоор баримт бичгийг шалгах, шалгуулахаас  татгалзсан тохиолдолд электрон тамхи, түүний  дагалдах хэрэгслийг худалдахгүй байх; 
Энэ заалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэмсэн.
 

 

ЕС. ХЯНАЛТ ТАВИХ

9.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн худалдаа, үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын газар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна.

9.2.Хяналтын байгууллага энэ журмын 6.1-д заасан мэдээлэлд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлнэ.

 

АРАВ. ХАРИУЦЛАГА

10.1.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10.2.Энэ журмыг 3-аас дээш удаа зөрчсөн, холбогдох хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчлийг арилгуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хяналт шалгалтын дүн, эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалж, "Үйлчилгээ эрхлэх бүртгэл"-ийг системд идэвхгүй болгоно.

 

 

1