- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, БҮРТГЭХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн
360 дугаар тогтоолын хавсралт
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ГАРГАХ, БҮРТГЭХ,
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /цаашид "ХБҮЦ" гэх/-ыг бүртгэх, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, ХБҮЦ гаргах, хөрөнгө итгэмжлэн удирдах, барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдох харилцааг зохицуулна. Энэ хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
1.2.Нийтэд санал болгон гаргах ХБҮЦ-ыг арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлийн журмаар зохицуулна.
1.3.Энэ журмаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэн удирдах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг итгэмжлэн удирдах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахгүй.
1.4.ХБҮЦ-ыг анхдагч зах зээлд санал болгон худалдах ажиллагааг гэрээний үндсэн дээр андеррайтерийн компаниар дамжуулан зохион байгуулж болно.
Хоёр. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх
тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлага
2.1.ХБҮЦ гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12.4, 26.1-т заасан этгээд байх;
2.1.2.эрх бүхий этгээдээс тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, хууль тогтоомж, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ сүүлийн нэг жилийн хугацаанд бүрэн биелүүлж ажилласан байх;
2.1.3.хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл /цаашид "ТУЗ" гэх/-ийн гишүүд болон бусад эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;
2.1.4.энэ журамд заасан бүтэц, зохион байгуулалт болон бусад шаардлага;
2.1.5.нягтлан бодох бүртгэлийн систем, бүртгэл, баримт бичгийн хадгалалт, хамгаалалтыг хангасан байх;
2.1.6.хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг тэрбум төгрөгөөс доошгүй, орон сууцны санхүүжилтийн компанийн хувьд хоёр тэрбум төгрөгөөс доошгүй мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн байх.
2.2.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12.4-т заасан Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага гэдэгт дараах этгээдийг тооцно:
2.2.1.үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг, уг үйл ажиллагааг тусгайлан хариуцах нэгжтэй хуулийн этгээд;
2.2.2.интернэт, тоон телевиз, телефон ярианы үйлчилгээ үзүүлдэг, эдгээр үйлчилгээнээс бий болох мөнгөн урсгалыг тусгайлан хариуцах санхүүгийн алба бүхий хуулийн этгээд;
2.2.3.Хорооноос тусгай зөвшөөрөлтэй урт хугацааны болон ердийн даатгалын компани.
Гурав. Тусгай зориулалтын компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн эрх хэмжээ
3.1.Тусгай зориулалтын компани /цаашид "ТЗК" гэх/-ийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх болон бусад харилцааг Компанийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
3.2.ТЗК гурваас доошгүй гишүүнтэй ТУЗ-тэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх бөгөөд хараат бус гишүүд нь Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 12.8-д заасан шаардлагыг хангасан байна.
3.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ТЗК-ийн ТУЗ-ийн гишүүн нь гурваас дээшгүй ТЗК-ийн ТУЗ-ийн гишүүний албан тушаалыг хавсран эрхэлж болно.
3.4.ТЗК-ийн ТУЗ нь холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэмд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.4.1.ТЗК-ийн хөрөнгийн бүртгэлийг хянаж, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалж ажиллах;
3.4.2.ТЗК-ийн нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгон гаргасан үнэт цаасны танилцуулгын хүрээнд татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
3.4.3.ТЗК-ийн нэр дээр данс нээх, аудит, тайлан бүртгэлийг хянах, хөрөнгө оруулагчдад төлөх төлбөр болон бусад төлбөр, зардлын төсвийг батлах;
3.4.4.ТУЗ-ийн хараат бус гишүүн нь ТЗК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, хөрөнгө оруулагчид хүргэх тогтоосон болон тухай бүр мэдээлэх мэдээллийн үнэн зөв, баталгаат байдалд хяналт тавьж ажиллах;
3.4.5.үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагч, аудитор болон хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдийг томилох, солих;
3.4.6.хөрөнгийг бүртгэлээс хасах, нэмэх.
3.5.ТЗК-ийн ТУЗ нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд нийт гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
Дөрөв. ХБҮЦ гаргах тусгай зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх
4.1.ХБҮЦ гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан өргөдөл, хоёрдугаар хавсралтад заасан баримт бичгийг нотлох баримтын хамт Хороонд цахим болон хэвлэмэл байдлаар ирүүлнэ. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
4.2.Барьцаат үнэт цаас гаргагчийн хувьд барьцаат үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон барьцаат үнэт цаас гаргах хүсэлтийг нэгэн зэрэг гаргаж болно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.3.ХБҮЦ гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг Хороо ажлын 15 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.4.Энэ журмын 4.3-т заасан хугацааг тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд, холбогдох хууль тогтоомж, журамд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
4.5.Холбогдох хууль тогтоомж болон энэ журмын шаардлагыг хангаагүй гэж үзвэл Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
Тав. Баталгаат үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасны танилцуулга, хүсэлтийг хянах, бүртгэх
5.1.ТЗК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван сарын дотор баталгаат үнэт цаасыг Хороонд бүртгүүлнэ.
5.2.ТЗК нь Хороонд баталгаат үнэт цаасаа бүртгүүлэх хүсэлт гаргахдаа хөрөнгө итгэмжлэн удирдагч болон Хороонд бүртгэлтэй аудит, хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч хуулийн этгээдийг томилсон байна.
5.3.Баталгаат үнэт цаасаа бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлт болон баталгаат үнэт цаасны танилцуулгад үнэт цаас гаргагчийн ТУЗ-ийн дарга, гишүүд гарын үсэг зурсан байх бөгөөд түүнд тусгагдсан мэдээллийн үнэн зөвийг ТЗК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүн хариуцна.
5.4.Баталгаат үнэт цаасанд санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгож болох бөгөөд ТЗК-ийн санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох эрх бүхий этгээдэд гаргаж өгсөн баримт бичиг нь Хороо, хөрөнгө оруулагчдад өгсөн мэдээлэлтэй адил байна.
5.5.Энэ журмын 5.4-т заасан санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох эрх бүхий этгээд нь ТЗК-д үзүүлсэн үйлчилгээ, гаргасан дүгнэлтэд үнэн зөв мэдээлэл тусгах бөгөөд худал, хуурамч, дутуу, төөрөгдүүлсэн, зөрүүтэй, алдаатай мэдээлэл тусгасны улмаас бусдад хохирол учруулсан тохиолдолд үүсэх хохирлыг хариуцах ба ХБҮЦ гаргах ажиллагаанд оролцогчидтой аливаа сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж ажиллана.
5.6.ТЗК нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 14.2-т зааснаас гадна баталгаат үнэт цаасыг бүртгүүлэх хүсэлт, энэ журмын гуравдугаар хавсралтад заасан баримт бичгийг нотлох баримтын хамт Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
5.7.Хөрөнгө оруулагч эрсдэл, өгөөжөө тооцох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай дараах мэдээллийг үнэт цаасны танилцуулгад тусгасан байна:
5.7.1.үнэт цаас гаргах харилцаанд оролцогчдын оноосон нэр, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн огноо, гэрээгээр хүлээсэн үүрэг, компанийн удирдлага, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, өмнө ХБҮЦ гаргах ажиллагаанд оролцож байсан туршлага;
5.7.2.ТЗК-ийн товч танилцуулга, ТУЗ-ийн дарга, гишүүдийн мэдээлэл, хөрөнгийн багцыг шилжүүлэн авсан гэрээ;
5.7.3.ТЗК татан буугдах тохиолдолд хөрөнгө оруулагчдад бий болох хохирлыг хэрхэн барагдуулах тухай;
5.7.4.хөрөнгийн багцыг бүрдүүлэх зорилгоор анхны үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл худалдагчаас шилжүүлж байгаа хөрөнгө тус бүрийг багцад сонгож оруулсан ерөнхий болон тусгай шалгуур үзүүлэлт, түүнийг тооцох харьцаа үзүүлэлт, шилжүүлэн авч буй хөрөнгийн дүн, хүүгийн түвшин, эргэн төлөгдөх хуваарь, мөнгөн урсгалын тооцоолол, хугацаа, барьцаа хөрөнгийн мэдээлэл, хөрөнгийн багцын чанарын үзүүлэлт;
5.7.5.хөрөнгийн багцад байгаа хөрөнгүүд эргэн төлөгдөх баталгаа алдагдаж, багцын мөнгөн урсгалд эрсдэл учирсан тохиолдолд анхны үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл худалдагчаас багцад бүртгэгдсэн эрсдэлтэй хөрөнгийг буцаан худалдан авах, эсхүл өөр төрлийн хөрөнгөөр солихтой холбоотой эрх, үүрэг, хариуцлагын талаар болон хөрөнгийн багц дахь хөрөнгөөс ХБҮЦ эзэмшигч этгээдээс гадна гуравдагч этгээд нэхэмжлэл гаргах, шаардах эрх хэрэгжүүлэх эсэх, үнэт цаастай холбоотойгоор үүсэж болзошгүй эрсдэлийн төрлүүд, эрсдэлийн удирдлагын цогц арга хэмжээний төлөвлөгөө;
5.7.6.хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн 20 болон түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа үүрэг гүйцэтгэгч нь хуулийн этгээд бол түүний санхүүгийн болон үйл ажиллагааны талаар;
5.7.7.үнэт цаасанд санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бол уг зэрэглэлийг тогтоосон байгууллага болон зэрэглэлийн тодорхойлолт, тэмдэглэгээ, тухайн зэрэглэлийг тогтооход суурилсан эдийн засаг, зах зээлийн нөхцөл бусад хүчин зүйлс;
5.7.8.үнэт цаасыг ангилалтай гаргах тохиолдолд тухайн ангиллын төрөл, төлбөр төлөгдөх болон хөрөнгө оруулагчийн эрхээ хэрэгжүүлэх дараалал, үйлчилгээний хөлс, шимтгэл;
5.7.9.үнэт цаасны тухайн хугацаанд төлөгдөх хүүгийн хэмжээнээс илүү гарсан мөнгөн урсгалыг хэрхэн зарцуулах талаарх мэдээлэл;
5.7.10.үнэт цаасыг эзэмшигч нь үнэт цаасаа эргүүлэн худалдаж авахыг шаардах, байгуулсан гэрээг цуцлах нөхцөлийг тусгасан эсэх;
5.7.11.үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтөд гуравдагч этгээдээс баталгаа, батлан даалт гаргасан эсэх;
5.7.12.үнэт цаасны нэрлэсэн үнэ, тоо ширхэг, анхдагч зах зээлд санал болгох, худалдах арга, хэлбэр;
5.7.13.үнэт цаасыг худалдан авагч хөрөнгө оруулагчид ногдох татварын мэдээлэл;
5.7.14.үнэт цаас гаргах ажиллагаанд хөндлөнгийн үйлчилгээ үзүүлсэн Хороонд бүртгэлтэй хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдийн гаргасан дүгнэлт;
5.7.15.үнэт цаас гаргах ажиллагаанд аудитын үйлчилгээ үзүүлсэн Хороонд бүртгэлтэй аудиторын гаргасан дүгнэлт;
5.7.16.үнэт цаасны төлбөрийг хөрөнгө оруулагчид олгохоос өмнө төлөгдөх бусад төлбөр, зардал;
5.7.17.үнэт цаас гаргах ажиллагаанд оролцож буй этгээдүүд хоорондоо нэгдмэл сонирхолтой болон холбоотой этгээд эсэх, бизнесийн холбоо харилцаатай эсэх.
5.8.Баталгаат үнэт цаасны үндсэн шинжийг тусгасан, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн, үнэн зөв мэдээллийг баталгаат үнэт цаасны танилцуулгад тусгана.
5.9.Баталгаат үнэт цаасны танилцуулгын эхний хуудсанд дараах сануулгыг тодоор бичсэн байна:
"Энэхүү танилцуулгад тусгасан баталгаат үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэсэн нь уг баталгаат үнэт цаасанд гаргасан аливаа баталгаа биш бөгөөд түүний агуулсан аливаа мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг Хороо хариуцахгүй! Баталгаат үнэт цаасыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч таны хувьд ЯМАГТ ЭРСДЭЛТЭЙ үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, баталгаат үнэт цаасны танилцуулга, баталгаат үнэт цаас гаргах ажиллагааг сайтар судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөж байна."
5.10.Баталгаат үнэт цаасыг үндсэн болон хүүгийн төлбөр эргэн төлөгдөх нөхцөл, хүүгийн хэмжээ, төлбөр төлөгдөх дараалал зэргээс хамааруулан ангилалтай гаргаж болно.
5.11.Хороонд бүртгүүлсэн баталгаат үнэт цаасыг хөтөлбөрийн буюу үе шаттайгаар санал болгон худалдахгүй.
5.12.Баталгаат үнэт цаасыг Хороо бүртгэснээс хойш зургаан сарын хугацаанд нийтэд санал болгож, эсхүл хаалттай хүрээнд худалдах ажиллагааг гүйцэтгэнэ.
Зургаа. Барьцаат үнэт цаасыг бүртгэх, хүсэлтийг хянах, бүртгэх
6.1.Барьцаат үнэт цаас нь орон сууцны зээл болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар зөвшөөрсөн бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой шаардах эрхээр баталгаажсан, тодорхой нөхцөлтэй үнэт цаас байна.
6.2.Банк, орон сууцны санхүүжилтийн компани нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван сарын дотор барьцаат үнэт цаасыг Хороонд бүртгүүлнэ.
6.3.Барьцаат үнэт цаас гаргах хүсэлт болон энэ журмын дөрөвдүгээр хавсралтад заасан баримт бичгийг нотлох баримтын хамт Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
6.4.Хороонд бүртгүүлэх барьцаат үнэт цаасны танилцуулгад дараах мэдээллийг тусгана:
6.4.1.барьцаат үнэт цаас гаргагчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг, ТУЗ, гүйцэтгэх удирдлага, компанийн танилцуулга;
6.4.2.барьцаат үнэт цаасны нэрлэсэн үнэ, тоо ширхэг болон хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн жагсаалт, хөрөнгийн үлдэгдэл, түүний эргэн төлөлтийн байдал зэрэг мэдээлэл;
6.4.3.барьцаат үнэт цаасны эргэн төлөлт, хүү, хүүг тооцох аргачлал, төлбөрийн хуваарь, үнэт цаас гаргагч барьцаат үнэт цаасыг эргүүлэн худалдан авах нөхцөл, хөрөнгө оруулагчийн эрх, тэдгээрийн бүртгэл, захиалга өгөх, худалдахтай холбоотой мэдээлэл;
6.4.4.хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн хүү, хувьсах хүүгийн нөхцөл, хөрөнгө эрсдэлд орсон тохиолдолд түүнийг солих нөхцөл;
6.4.5.хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн одоогийн үнэ, барьцааны бүртгэлд бүртгэгдсэн байдал;
6.4.6.хөрөнгийн багцад байгаа хөрөнгийн жигнэсэн дундаж өгөөж;
6.4.7.барьцаат үнэт цаас гаргахтай холбоотой барьцааны бүртгэлийг тооцоолсон баланс, орлогын мэдүүлэг;
6.4.8.үнэт цаасны эрсдэлийн шинжилгээ, гурван жилийн санхүүгийн тайлан тэнцлийн төсөөлөл;
6.4.9.барьцаат үнэт цаасны санал болгох үнийг тогтоосон арга, үнэлгээний компани үнэлгээ гаргасан бол үнэлгээний тайлан.
6.5.Барьцаат үнэт цаас гаргагч нь барьцаа хөрөнгийн барьцааг бүртгүүлж, бүртгэлийг хадгалах бөгөөд бүртгэлийг цахим хэлбэрээр хадгална.
6.6.Барьцаат үнэт цаас гаргагч нь барьцаатай холбоотой дараах мэдээллийг барьцааны бүртгэлд тусгана:
6.6.1.үүрэг гүйцэтгэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар, үндсэн зээлийн хэмжээ, хүү, хүүг тооцох арга, барьцааны зүйлийн хаяг, өмчлөх эрхийн гэрчилгээний дугаар, өмчлөгч болон хамтран өмчлөгчийн талаарх мэдээлэл;
6.6.2.барьцаат үнэт цаасны бүртгэлийн дугаар, түүний нэрлэсэн үнэ, эргэн төлөлтийн хуваарь, хүү, хүүг тооцох арга;
6.6.3.зээлийн үлдэгдэл, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн талаарх мэдээлэл;
6.7.Энэ журмын 6.6-д заасан мэдээлэлтэй зөвхөн Хороо болон барьцааны бүртгэлийг хянагч танилцах эрхтэй.
6.8.Барьцаат үнэт цаасны хөрөнгийн багц нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 32.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
6.8.1.орон сууцны зээлийн үлдэгдэл нь барьцаат үнэт цаасны эргэн төлөлтийн үлдэгдэлтэй тэнцүү буюу их байх бөгөөд үүнийг хангаагүй тохиолдолд нэмэлт хөрөнгөөр хөрөнгийн багцыг нэн даруй нэмэгдүүлнэ;
6.8.2.нийтийн болон амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан орон сууцны бус зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө олж авахад зориулан олгосон зээл тус тус байна;
6.8.3.үнэт цаас гаргагчийн нэр дээр бүртгэгдсэн барьцааны зүйлээс тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах;
6.8.4.барьцааны үл хөдлөх хөрөнгө нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр баригдсан хөрөнгө байх бөгөөд үүнд гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгө хамаарахгүй;
6.8.5.тухайн хөрөнгө нь эд хөрөнгийн даатгалд даатгагдсан байх ба хэрэв хөрөнгөд эрсдэл гарвал даатгалын нөхөн төлбөрөөр хөрөнгө оруулагчдад төлөх төлбөрийг барагдуулна;
6.8.6.барьцаанд бүртгэгдэхдээ тухайн хөрөнгө нь ямар нэгэн өр төлбөргүй, бусдын өмнө шаардах эрх үүсээгүй, эрхийн доголдолгүй байх бөгөөд хэрэв эрсдэл гарвал тухайн хариуцлагыг үнэт цаас гаргагч, хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч хамтран хариуцна.
6.9.Барьцаат үнэт цаасны барьцаа хөрөнгийн зээлийн хэмжээнд аливаа хэлбэрийн хязгаарлалт тавихгүй.
6.10.Үнэт цаас гаргагч нь үнэт цаас гаргах өргөдөл, үнэт цаасны танилцуулгад тодорхойлсноор хөрөнгө оруулагчдад хуваарилахаас өмнө дараах төлбөрүүдийг төлнө:
6.10.1.энгийн бүртгэл, зарлал мэдэгдэл, үнэт цаас гаргах зардал, төлбөр;
6.10.2.үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч, хөрөнгө итгэмжлэн удирдагч, аудит, хөрөнгийн үнэлгээчин, хадгаламжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөр;
6.10.3.ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал;
6.10.4.баталгаа гаргагчтай бол түүнд төлсөн төлбөр, хураамж;
6.10.5.зээлийн зэрэглэл тогтоох этгээд болон үнэт цаасны зуучлагчид төлсөн төлбөр;
6.10.6.хуулиар төлөх үүрэг хүлээсэн албан татвар, төлбөр, хураамж;
6.10.7.Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс;
6.10.8.хууль болон гэрээгээр тодорхойлсон бусад төлөгдөх зардлууд.
6.11.Энэ журмын 6.10-д заасан төлбөр нь баримтаар нотлогдож байх бөгөөд хууль зөрчиж, хөрөнгө оруулагчийн эрх ашигт хохиролтой гэрээ хэлцэл байгуулж, эсхүл зах зээлийн ханшаас өндөр үнэ тогтоож төлбөр төлөхийг хориглоно.
6.12.Энэ журмын 6.6-д заасан мэдээллийг хөрөнгө оруулагч нарт тогтмол мэдээлж байх бөгөөд хэрэв өөрчлөлт орсон бол ажлын гурван өдрийн дотор хөрөнгө оруулагчдад мэдээлнэ.
6.13.Барьцаат үнэт цаасыг Хороо бүртгэснээс хойш зургаан сарын хугацаанд нийтэд санал болгох, эсхүл хаалттай хүрээнд худалдах ажиллагааг гүйцэтгэнэ.
Долоо. Үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага,
хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ
7.1.Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь нэг тэрбум төгрөг байх бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн эх үүсвэрээс бусад мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн байна.
7.2.Үйлчилгээ үзүүлэгч нь дараах шаардлага хангасан байна:
7.2.1.банк, санхүүгийн зах зээлд гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
7.2.2.үйлчилгээ үзүүлэгчийн ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, ТЗК-д үйлчилгээ үзүүлж буй хоёроос доошгүй мэргэжилтнүүд нь санхүүгийн зах зээл дээр тасралтгүй нэг ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
7.2.3.шаардлагатай хүний нөөцийн болон нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо гаргах, программ, техник хангамжийн нөхцөлөөр бүрэн хангагдсан байх;
7.2.4.Хорооноос баталсан компанийн засаглалын кодексыг үйл ажиллагаандаа мөрдөж, холбогдох дүрэм, журамдаа энэ талаар тусгасан байх;
7.2.5.гурваас доошгүй ТУЗ-ийн гишүүнтэй, тэдгээрийн гуравны нэг нь хараат бус гишүүн байх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй тайлагнадаг байх;
7.2.6.тусгай зөвшөөрөлтэй этгээд бол төрийн эрх бүхий төрийн байгууллагаас баталсан зохистой харьцааны шалгуурыг хангаж ажилласан, засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг хангасан этгээд байх.
7.3.Үйлчилгээ үзүүлэгч нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон ТЗК-тай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ямагт ТЗК болон хөрөнгө оруулагчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулна.
7.4.Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үйл ажиллагааны улмаас ТЗК болон хөрөнгө оруулагчид хохирол учруулсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээх бөгөөд ТЗК-тай сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж ажиллана.
7.5.ТЗК нь үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, шинэ үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулахын өмнө тухайн үйлчилгээ үзүүлэгчийн хууль болон энэ журмын шаардлага хангасан эсэх тухай нотлох баримтыг Хороонд ирүүлнэ.
Найм. Хөрөнгө итгэмжлэн удирдагч, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ
8.1.ХБҮЦ-тай холбоотой хөрөнгө итгэмжлэн удирдах /цаашид "ХИУ" гэх/ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгох бөгөөд тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
8.1.1.энэ журмын 7.2.1-д заасан шаардлагыг хангасан байх;
8.1.2.эрх бүхий албан тушаалтан, ХИУ үйл ажиллагааг хариуцан ажиллах мэргэжилтэн нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийн журмын шаардлагыг хангасан байх;
8.1.3.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 20.1, 20.2-т заасан үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай хүний нөөцийн болон нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо гаргах, программ, техник хангамжийн нөхцөлөөр хангагдсан байх;
8.1.4.гүйцэтгэх захирал, ХИУ үйл ажиллагааг хариуцан ажиллах мэргэжилтэн нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авсан байх.
8.2.Хөрөнгө итгэмжлэн удирдагчийн эрх хэмжээг хөрөнгө итгэмжлэн удирдагч болон ТЗК-ийн хооронд байгуулсан ХИУ гэрээгээр тогтоох бөгөөд уг гэрээнд дараах зүйлийг тусгана:
8.2.1.хөрөнгийн барьцаа, баталгаагаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах чиглэлээр үйлчилгээ үзүүлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахыг мэдэгдэж, хэрэгжилтэд хяналт тавих болон бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх харилцаа;
8.2.2.үүрэг гүйцэтгэгч хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хөрөнгө оруулагч болон ТЗК-ийн эрхийг баталгаажуулах арга хэмжээ авах талаарх мэдээлэл;
8.2.3.хөрөнгийн ашиглалт, нөөц хөрөнгийн талаар зөрчил гарвал энэ тухай нэн даруй ТЗК-ийн ТУЗ-д мэдэгдэх зохицуулалт.
8.3.Хөрөнгө итгэмжлэн удирдагч ХИУ гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл биелүүлэх чадваргүй болсон, дампуурах нөхцөл байдал бий болсон бол ТЗК гэрээг цуцалж, шинэ хөрөнгө итгэмжлэн удирдагчтай гэрээ байгуулна.
8.4.Хөрөнгө итгэмжлэн удирдагч нь ХИУ гэрээ дуусгавар болоход шинээр томилогдсон хөрөнгө итгэмжлэн удирдагчид ТЗК-ийн хөрөнгөд хамаарах бүх баримт бичиг, данс, тооцоо, бэлэн мөнгө, тайлан зэргийг цахим болон бусад хэлбэрээр ямар нэгэн шимтгэлгүйгээр хүлээлгэн өгөх үүрэгтэй.
8.5.Шинээр хөрөнгө итгэмжлэн удирдагчтай гэрээ байгуулах хүртэл ТЗК-ийн ТУЗ өөрөөр шийдвэрлээгүй бол хөрөнгө итгэмжлэн удирдагчийн үүргийг өмнөх хөрөнгө итгэмжлэн удирдагч хэрэгжүүлнэ.
8.6.Баталгаат үнэт цаас гаргах бүрт хөрөнгө итгэмжлэн удирдагчтай байна.
8.7.ТЗК нь ХИУ гэрээгээр хоёрдогч хөрөнгө итгэмжлэн удирдагчийг ажиллуулж болно. Энэ тохиолдолд анхдагч хөрөнгө итгэмжлэн удирдагч, ТЗК-ийн хооронд байгуулсан ХИУ гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх бөгөөд хоёрдогч хөрөнгө итгэмжлэн удирдагч нь анхны хөрөнгө итгэмжлэн удирдагчийн хяналт дор ажиллана.
8.8.ТЗК нь хөрөнгө итгэмжлэн удирдагч солигдсон тухай бүр ажлын гурав өдөрт багтаан Хороо болон хөрөнгө оруулагчдад мэдэгдэх үүрэгтэй.
8.9.ХИУ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ журмын тавдугаар хавсралтын дагуу гаргасан өргөдөл, зургаадугаар хавсралтад заасан баримт бичгийг нотлох баримтын хамт Хороонд цаасаар болон цахимаар ирүүлнэ.
8.10.Хороо нь ХИУ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
8.11.Энэ журмын 8.10-т заасан хугацааг тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд, холбогдох хууль тогтоомж, журамд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
8.12.ХИУ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь холбогдох хууль тогтоомж болон энэ журмын шаардлагыг хангаагүй гэж үзвэл Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
8.13.Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн үндэслэлээр татгалзсан өдрөөс хойш тухайн хүсэлт гаргагч хуулийн этгээдээс ХИУ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг нэг жилийн дотор дахин хүлээн авахгүй.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
Ес. Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа,
түүнд тавигдах шаардлага
9.1.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийг хуульд заасан журмын дагуу барьцаат үнэт цаас гаргагч томилох бөгөөд түүнтэй гэрээ байгуулна.
9.2.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хороо олгох бөгөөд хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
9.2.1.гүйцэтгэх захирал, мэргэжилтэн нь эдийн засаг, эрх зүй, банк, санхүүгийн мэргэжилтэй, хоёроос доошгүй жил банк, санхүүгийн салбарт ажилласан туршлагатай байх;
9.2.2.үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх авсан нэгээс доошгүй мэргэжилтэнтэй байх;
9.2.3.эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;
9.2.4.үнэт цаас гаргагчтай аливаа хэлбэрийн холбоогүй, нэгдмэл сонирхолгүй, сонирхлын зөрчилгүй байх.
9.3.Энэ журмын 9.2-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ энэ журмын долоодугаар хавсралтад заасан баримт бичгийг нотлох баримтын хамтаар Хороонд цаасаар болон цахимаар ирүүлнэ.
9.4.Хороо нь тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
9.5.Энэ журмын 9.4-т заасан хугацааг тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд, холбогдох хууль тогтоомж, журамд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
9.6.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь холбогдох хууль тогтоомж болон энэ журмын шаардлагыг хангаагүй гэж үзвэл Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 377 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
9.7.Хөрөнгийн багцын бүртгэлийг хянагч нь хөрөнгийн багцын бүртгэлд төлөвлөгөөт шалгалтыг сард нэгээс доошгүй удаа хийх бөгөөд шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдөрт багтаан шалгалтын тайланг үнэт цаас гаргагч болон Хороонд тус бүр нэг хувийг хүргүүлэх ба энэ талаар нийтэд мэдээлнэ.
9.8.Барьцаат үнэт цаасны барьцаатай холбоотой эх хувь бүхий бичиг баримтуудыг үнэт цаас гаргагч нь баталгаатай, аюулгүй орчинд хадгалах үүрэгтэй.
Арав. Аудит, хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч хуулийн этгээдэд тавих шаардлага,
түүний хяналт хийх хэлбэр
10.1.ХБҮЦ гаргагч нь өөрийн үйл ажиллагаанд Хороонд бүртгэлтэй хөндлөнгийн аудитын компаниар жилд нэгээс доошгүй удаа аудит хийлгэж, ХБҮЦ гаргах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулна.
10.2.Хороонд бүртгэлтэй аудитын компани нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 40.1-д заасны дагуу ХБҮЦ гаргагчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийх эрхтэй.
10.3.ХБҮЦ гаргагчийн үйл ажиллагаанд хийх аудитын шалгалт нь дараах хүрээг хамарсан байна:
10.3.1.тайлант хугацааны хөрөнгийн орлогын ашиглалтын байдал;
10.3.2.үндсэн зээлийн эргэн төлөлтийн хэмжээ, зээлийн үлдэгдэл;
10.3.3.ХБҮЦ-ны эргэн төлөлтийн байдал, алдагдал;
10.3.4.ХБҮЦ-ны үлдэгдэл, үндсэн зээлийн баланс;
10.3.5.төлбөрийн чадваргүй байдал, зөрчил, алдагдал;
10.3.6.ХБҮЦ-ны танилцуулгад тусгагдсан дансны тайлан тооцоо, одоогийн тайлан тэнцэл, нөөц, тэдгээрийн урсгалд тавих хяналт;
10.3.7.Аудитын тухай хууль болон Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан бусад.
10.4.Хороонд бүртгэлтэй хууль зүйн зөвлөгөө үзүүлэгч хуулийн этгээд нь нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд ХБҮЦ гаргах ажиллагаанд дараах агуулгын хүрээнд дүгнэлт гаргана:
10.4.1.ТЗК-ийг үүсгэн байгуулах ажиллагаа болон түүнийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн байдал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, гэрчилгээ, тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр эсэх;
10.4.2.ХБҮЦ гаргах тухай шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн эсэх;
10.4.3.ТЗК-ийн дүрэм, үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах журмууд нь хууль тогтоомжид нийцсэн эсэх;
10.4.4.Баталгаат үнэт цаас гаргах ажиллагаанд оролцогч этгээд буюу анхны үүрэг гүйцэтгүүлэгч, худалдагчтай байгуулсан хөрөнгө шилжүүлэх, худалдах, худалдан авах, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, хэлцэл зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үр дагавар байгаа эсэх;
10.4.5.ХБҮЦ гаргагч нь хөрөнгө итгэмжлэн удирдагч, бусад оролцогчидтой ашиг сонирхлын зөрчилтэй эсэх;
10.4.6.хөрөнгийн багц дахь хөрөнгийн төрөл бүрээс хамааруулан санамсаргүй түүврийн аргаар сонгох замаар үнэт цаас гаргагчаас тогтоосон хууль зүйн шалгуур үзүүлэлт хангаж буй эсэх;
10.4.7.багцын хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдох гэрээ, хэлцэл нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, гэрээ, хэлцэлд үүргийн гүйцэтгэлийн зүйлтэй холбоотой аливаа шаардах эрхийг шилжүүлэхгүй болон хэрэгжүүлэхгүй байхыг үүрэг болгосон, эсхүл шилжүүлэхийг хориглосон, хязгаарласан нөхцөл тусгасан эсэх.
Арван нэг. Тусгай зориулалтын компанийн тогтоосон хугацаанд болон
тухай бүр ирүүлэх мэдээллийн төрөл, мэдээлэх хэлбэр
11.1.ТЗК нь үйл ажиллагаандаа нээлттэй, ил тод байх зарчмыг баримтална.
11.2.ТЗК нь хөрөнгөтэй холбоотой мэдээллийг хадгалах нэгдсэн системтэй, эсхүл гуравдагч этгээдэд гэрээний үндсэн дээр мэдээллийг хадгалуулж болох бөгөөд хадгалагч этгээд мэдээллийн найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
11.3.ТЗК нь дараах мэдээлэлд өөрчлөлт орсон бол дараа сарын 10-ны өдрийн дотор Хороо болон хөрөнгө оруулагчид цахим хэлбэрээр мэдээлнэ:
11.3.1.төлбөр, зарлага, хөрөнгө оруулагчдад төлөх үнэт цаасны эргэн төлөлтөөс бусад хөрөнгө, хөрөнгө оруулалтаас олсон орлогын зарцуулалт;
11.3.2.хөрөнгийн багцын мэдээлэл, тэдгээрийн шинж байдал;
11.3.3.хөрөнгийн багцад нэмэгдсэн, хасагдсан хөрөнгө, нэмэх хасах болсон үндэслэл, шалтгаан, үнэт цаасны жигнэсэн дундаж хүү, эргэн төлөгдөх нөхцөл, үлдэгдэл хөрөнгийн тоо хэмжээ;
11.3.4.төлөгдөөгүй хөрөнгийн үлдэгдэл болон зээлийн харьцаа, төлөгдсөн үндсэн зээл, үндсэн төлбөр, баталгаат үнэт цаасны үлдэгдэл, бэлэн мөнгөний төвлөрсөн хэмжээ, түүний ашиглалт;
11.3.5.санхүүгийн үзүүлэлт, тоо баримтууд, улирлын санхүүгийн тайлан;
11.3.6.хууль тогтоомж, энэ журам, ТЗК-ийн дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу мэдээлэх бусад.
11.4.ТЗК нь жилийн үйл ажиллагааны тайланг дараа жилийн 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлэх бөгөөд уг тайланд дараах мэдээллийг тусгасан байна:
11.4.1.ТЗК-ийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлт;
11.4.2. үнэт цаасны танилцуулгад заасан хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч хөрөнгө итгэмжлэн удирдагч этгээдийн тайлан;
11.4.3.хөрөнгийн багцад бүртгэгдсэн хөрөнгийн 5-аас дээш хувьтай тэнцэх хэмжээний үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч, зээлийн баталгаа гаргагчийн сүүлийн тайлангаас гарсан баталгаат үнэт цаас болон үүсгэн байгуулагчид мэдэгдсэн мэдэгдэл, санхүүгийн баримтын талаарх мэдээлэл;
11.4.4.ТЗК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан, гарсан шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл.
11.5.ТЗК-ийн дүрэмд зөвхөн Хорооны зөвшөөрлөөр өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт оруулсан дүрмийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэх үүрэгтэй.
11.6.ТЗК нь хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, ТУЗ-ийн дарга, гишүүдэд өөрчлөлт оруулсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор энэ тухай Хороонд албан бичгээр мэдэгдэнэ.
11.7.ТЗК нь баталгаат үнэт цаасыг нийтэд санал болгон нээлттэй, эсхүл хаалттай хүрээнд худалдах ажиллагааг андеррайтерийн компаниар дамжуулан зохион байгуулснаас үл хамааран олон нийтэд танилцуулах, сурталчлах, захиалга авах, хуваарилах хугацаа, хуваарийн талаар уг ажиллагааг эхлүүлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө Хороонд албан бичгээр мэдэгдэнэ.
11.8.ТЗК нь энэ журмын 11.7-д заасны дагуу баталгаат үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдаж, үнэт цаасны танилцуулгад заасан хөрөнгийг амжилттай татан төвлөрүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдөрт багтаан уг ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг Хороонд ирүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A