A

A

A

Бүлэг: 1979

 

Сангийн сайдын 2022 оны

09 дүгээр сарын 09-ний өдрийн

А/185 дугаар тушаалын хавсралт

 

СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ,

ТҮҮНИЙГ ЯВУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг зохион байгуулахтай холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

 

1.2.Сугалаа явуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (цаашид "хууль" гэх) болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

 

Хоёр.Хамрах хүрээ

 

2.1.Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн систем ашиглагч этгээдээс (цаашид "борлуулагч" гэх) мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зориулалтаар худалдан авалт хийсэн хувь хүн (цаашид "сугалаанд оролцогч" гэх)-д энэ журам хамаарна.

 

Гурав.Сугалааны тохирол явуулах зарчим

 

3.1.Сугалааны тохирлыг сард нэг удаа явуулах бөгөөд сугалааны тохирлын урамшуулал нь энэ журмын 3.6-д заасны дагуу үндсэн урамшуулал, 3.8-д заасны дагуу байршлын нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ.

 

3.2.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг хангасан байна.

 

3.3.Төлбөрийн баримтад агуулагдах сугалааны дугаарыг зөвхөн нэгдсэн системээс олгоно.

 

3.4.Сугалааны дугаар нь хоёр /2/ латин том үсэг болон тэг /0/-ээс ес /9/ хүртэлх найман /8/ цифр бүхий тооноос бүтсэн AA00000000 дугаарлалтаас ZZ99999999 дугаарлалтын хооронд байна. Сугалааны дугаарын эхний 2 үсэг нь дахин давтагдашгүй серийн дугаарыг илэрхийлнэ.

 

3.5.Сугалааны тохирлыг сугалааны машинаас найман /8/ бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулна. Бөмбөлгийн дугаарлалт нь тэг /0/-ээс ес /9/ хүртэлх арван /10/ цифрээс бүрдэнэ.

 

3.6.Азтанд олгох сугалааны үндсэн урамшууллын дүнг дараах хоёр нөхцөлд үндэслэж тогтооно:

 

3.6.1.энэ журмын 3.5-д заасны дагуу сугалааны тохирол тодруулах найман /8/ бөмбөлгийн цифр нь сугалааны дугаарын цифртэй дараах байдлаар тохирч байвал сугалааны тохирлоор урамшуулал олгоно:

 

3.6.1.1.сугалааны дугаарын найман цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн урамшуулал буюу супер шагналыг;

 

3.6.1.2.сугалааны дугаарын сүүлийн долоон цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн долоон цифртэй дараалал болон утгаараа таарч байвал хоёрдугаар /2 дугаар/ зэргийн урамшууллыг;

 

3.6.1.3.сугалааны дугаарын сүүлийн зургаан цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн зургаан цифртэй дараалал болон утгаараа таарч байвал гуравдугаар /3 дугаар/ зэргийн урамшууллыг;

 

3.6.1.4.сугалааны дугаарын сүүлийн таван цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн таван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал дөрөвдүгээр /4 дүгээр/ зэргийн урамшууллыг;

 

3.6.1.5.сугалааны дугаарын сүүлийн дөрвөн цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн дөрвөн цифртэй дараалал болон утгаараа таарч байвал тавдугаар /5 дугаар/ зэргийн урамшууллыг;

 

3.6.1.6.сугалааны дугаарын сүүлийн гурван цифр нь энэ журмын 3.5-д зааснаар тодруулсан сүүлийн гурван цифртэй дараалал болон утгаараа таарч байвал зургаадугаар /6 дугаар/ зэргийн урамшууллыг.

 

3.6.2.азтаны энэ журмын 4.1.4-т заасны дагуу сугалааны хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд бүртгэсэн энэ журмын 4.2, 3.11-т заасан шаардлагыг хангасан төлбөрийн баримтын тооноос хамаарч дараах байдлаар сугалааны тохирлын ангиллыг тодорхойлж урамшууллыг олгоно:

 

3.6.2.1.төлбөрийн баримтын тоо нь нэг /1/-ээс арав /10/ хооронд байвал сугалааны тохирлын 3 дугаар ангилал;

 

3.6.2.2.төлбөрийн баримтын тоо нь арван нэг /11/-ээс тавь /50/ хооронд байвал сугалааны тохирлын 2 дугаар ангилал;

 

3.6.2.3.төлбөрийн баримтын тоо нь тавин нэг /51/ буюу түүнээс дээш байвал сугалааны тохирлын 1 дүгээр ангилал.

 

3.7.Сугалааны тохирлоор энэ журмын 3.6.1-д заасан нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн буюу супер шагналын урамшууллын азтанаар нэг /1/ буюу түүнээс дээш азтан тодруулахад дараах зарчмыг баримтална.

 

3.7.1.нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн урамшуулал, хоёрдугаар /2 дугаар/ зэргийн урамшуулал, гуравдугаар /3 дугаар/ зэргийн урамшууллын сугалааны тохирлын үеэр боломжит азтаны тоог тэг /0/ болгох бөмбөлгүүдийг энэ журмын 6.4.5-д заасан хайрцгаас хасаж, үлдсэн бөмбөлгийг сугалааны машины хоргонд хийж санамсаргүй байдлаар үлээлгэж гаргана;

 

3.7.2.хоёрдугаар /2 дугаар/ эсхүл гуравдугаар /3 дугаар/ зэргийн урамшууллын азтаныг тодруулах сугалааны тохирлын үеэр боломжит азтаны тоо нэг /1/ болсон тохиолдолд тухайн нэг /1/ боломжит азтаныг шууд нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн урамшуулал буюу супер шагналын азтанаар тодруулна;

 

3.7.3.энэ журмын 3.7.2-т заасны дагуу нэгдүгээр /1 дүгээр/ зэргийн урамшууллын азтаныг тодруулсан тохиолдолд тухайн азтан нь хоёрдугаар /2 дугаар/ эсхүл гуравдугаар /3 дугаар/ зэргийн урамшууллын азтанаар давхар тодрохгүй болно;

 

3.7.4.энэ журмын 3.7.1, 3.7.2-т заасан "боломжит азтаны тоо" гэж сугалааны тохирлын үеэр азтан болох боломжтой сугалаанд оролцогчдын тоог ойлгоно.

 

3.8.Энэ журмын 3.6-д заасан урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгоно.

 

3.9.Энэ журмын 3.8-д заасан байршлын нэмэгдэл урамшууллыг дараах байдлаар тооцно:

 

3.9.1.байршлын нэмэгдэл урамшуулал нь төлбөрийн баримт хэвлэгдсэн аймаг, дүүрэг дэх тухайн сарын төлбөрийн баримтын өсөлтийн хувьтай тэнцүү байна;

 

3.9.2.төлбөрийн баримтын өсөлтийн хувийг тооцохдоо төлбөрийн баримт хэвлэгдсэн аймаг, дүүрэгт тухайн сард хэвлэгдсэн нийт төлбөрийн баримтын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулан тооцно;

 

3.9.3.өсөлтийн хувь нь тэг /0/ хувиас бага байгаа тохиолдолд байршлын нэмэгдэл урамшууллыг олгохгүй;

 

3.9.4.байршлын нэмэгдэл урамшуулал нь нэг зуун /100/ хувиас хэтрэхгүй байна.

 

3.10.Энэ журмын 5.2-т заасны дагуу батлагдсан урамшууллын зэрэг, ангилал нь тухайн татварын жилд хэвлэгдсэн төлбөрийн баримтыг хамруулан зохион байгуулж буй сугалааны тохирлын хүрээнд хүчинтэй болно.

 

3.11.Сугалааны тохирлыг зөвхөн өмнөх сард хэвлэгдсэн  энэ журмын 4.1.4-т заасны дагуу хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн төлбөрийн баримтуудаас тодруулна.

 

3.12.Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцно.

 

3.13.Сугалааны дугаарын сүүлийн орноос эхлэн сугалааны тохирлын дугаарыг тодруулна.

 

3.14.Энэ журмын 3.8-д заасан тухайн сарын байршлын нэмэгдэл урамшуулал тооцсон хувийг дараагийн сарын 10-ны өдрийн дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

 

Дөрөв.Сугалааны тохирлын урамшуулалд оролцох нөхцөл

 

4.1.Сугалаанд оролцогч нь дараах нөхцөлийг хангасан байна:

 

4.1.1.хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д заасан нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэг (цаашид "хэрэглэгчийн хэсэг" гэх)-т өөрийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаар болон Монгол Улсад бүртгэлтэй банкны нэр, дансны дугаарыг кирилл үсгээр бүртгүүлж баталгаажуулсан байх;

 

4.1.2.борлуулагчаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх;

 

4.1.3.энэхүү журмын 4.1.2-т заасан худалдан авалтыг нотлох нэгдсэн системээс үүсгэсэн төлбөрийн баримт (цаашид "төлбөрийн баримт" гэх)-ыг авсан байх;

 

4.1.4.төлбөрийн баримтыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд энэ журмын 6.5-д заасан цагаас 24-өөс доошгүй цагийн өмнө бүртгүүлсэн байх.

 

4.2.Төлбөрийн баримт дараах шаардлагыг хангасан байна:

 

4.2.1.нэгдсэн системээс үүсгэсэн сугалааны дугаарын мэдээллийг (цаашид "сугалааны дугаар" гэх) агуулсан байх;

 

4.2.2.хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасан төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан байх.

 

4.3.Борлуулагч дараах үүрэгтэй байна:

 

4.3.1.бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүр төлбөрийн баримт үйлдэж, төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн системд бүртгэж нэгдсэн системээс олгогдсон төлбөрийн баримтыг сугалаанд оролцогчид олгох;

 

4.3.2.сугалааны дугаарыг зөвхөн худалдан авагчид олгох төлбөрийн баримтын хувь дээр хэвлэх;

 

4.3.3.сугалааны дугаар агуулсан төлбөрийн баримтын мэдээллийг тухай бүр, эсхүл 3 хоногийн дотор нэгдсэн системд үнэн зөв, бүрэн илгээсэн байх;

 

  4.3.4.кассын машины байршлыг нэгдсэн системд үнэн зөв, бүрэн илгээсэн байх;

 

4.3.5.нэгдсэн системээс борлуулагчид үүсгэсэн QR кодыг уншуулан үйлдсэн төлбөрийн баримт нь энэ журмын 4.2, 4.3.2. 4.3.3-т заасан шаардлагыг тус тус хангасан байх;

 

4.3.6.энэ журмын 4.3.3-т заасан хугацаанд борлуулагч мэдээллээ нэгдсэн системд илгээгээгүйгээс азтан урамшууллаа авах боломжгүй болсон тохиолдолд үүнтэй холбоотойгоор үүсэх хариуцлагыг борлуулагч бүрэн хариуцах;

 

4.3.7.энэ журмын 4.3.4-т заасан кассын машины байршлын мэдээллийг нэгдсэн системд илгээгээгүй эсхүл буруу илгээсэнтэй холбоотойгоор үүсэх хариуцлагыг борлуулагч бүрэн хариуцах.             

 

4.4.Нэгдсэн системд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг буцааж, нийт төлбөрийг хүлээн авсан худалдан авагч нь хэрэглэгчийн хэсэгт, борлуулагч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг энэ журмын 4.3.3-т заасан хугацаанд багтаан оруулснаар тухайн төлбөрийн баримтыг хүчингүйд тооцно.

 

4.5.Нэгдсэн системд бүртгүүлээгүй төлбөрийн баримтаар худалдан авсан бараа, ажил үйлчилгээг буцааж, нийт төлбөрийг буцаан олгосон борлуулагч нь бүртгэлийн машин, хэрэгслээрээ дамжуулан нэгдсэн системийн мэдээллийн санд холбогдох өөрчлөлтийг энэ журмын 4.3.3-т заасан хугацаанд багтаан оруулснаар төлбөрийн баримтыг хүчингүйд тооцно.

 

4.6.Энэ журмын 4.4-д заасны дагуу сугалааны тасалбар хүчингүй болохоос өмнө сугалааны тохирол таарч урамшуулал хожсон бол сугалаанд оролцогчид урамшууллыг олгоно.

 

Тав.Сугалааны урамшуулал болон үйл ажиллагааны зардал

 

5.1.Сугалааны урамшуулал болон сугалаа явуулах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

 

5.2.Энэ журмын 3.6-д заасан сугалааны урамшууллын зэрэг, ангиллыг жил бүрийн эхний сарын хоёр дахь долоо хоногт багтааж татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

Зургаа.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаа

 

6.1.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүнд дараах байгууллагын төлөөлөл оролцоно:

 

6.1.1.Сангийн яам;

 6.1.2.Авлигатай тэмцэх газар;

 6.1.3.Татварын ерөнхий газар;

  6.1.4.Цагдаагийн ерөнхий газар;

 6.1.5.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар;

 6.1.6.Иргэдийн төлөөлөл.

 

6.2.Энэхүү журмын 6.1-т заасан төлөөллийг тухайн байгууллага болон иргэнээс бичгээр өгсөн хүсэлтийг үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга бүрэлдэхүүнд томилно.

 

6.3.Хяналт тавих бүрэлдэхүүн нь сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд дараах хяналтыг хийнэ:

 

6.3.1.холбогдох хууль, журамд нийцэж байгаа эсэх;

6.3.2.ил тод, шударга явагдаж байгаа эсэх;

6.3.3.хөндлөнгийн нөлөө болон зөрчил байгаа эсэх;

6.3.4.сугалааны машины хэвийн үйл ажиллагаатай байгаа эсэх.

 

6.4.Сугалааны зохион байгуулагч буюу хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т заасан нэгдсэн систем хариуцагч нь сугалааны тохирол тааруулах нэвтрүүлгийг орон даяар шууд дамжуулах нөхцөлийг хангасан байна:

 

6.4.1.сугалааны тохирол явуулахаас 2-оос багагүй цагийн өмнө бэлэн болсон байх;

 

6.4.2.сугалааны тохирол явуулах үйл ажиллагаанд хяналт тавих бүрэлдэхүүн ажиллах нөхцөлөөр хангасан байх;

 

6.4.3.сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг шууд дамжуулах, хянах нөхцөлд 3-аас доошгүй талаас бичлэг хийх боломжтой камер болон дагалдах тоног төхөөрөмжийг суурилуулсан байх;

 

6.4.4.тунгалаг, хоргон бүтэцтэй сугалааны урамшууллын тохирол тааруулах бөмбөлөг бүхий сугалааны машин суурилуулсан байх;

 

6.4.5.сугалааны тохирол тодруулах бөмбөлгүүдийг тусгайлан бэлдсэн найман /8/ тунгалаг хайрцаг тус бүрд тэг /0/-ээс ес /9/ хүртэлх цифрийн дарааллаар байрлуулсан байх;

 

6.4.6.сугалааны урамшууллын тохирлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хэрэглэгчийн хэсгээр шууд дамжуулах;

 

6.4.7.Сугалааны тохирол явуулах үйл ажиллагааг камер болон бусад тоног төхөөрөмжөөр бүрэн дүрсжүүлэн баримтжуулна;

 

6.4.8.Сугалааны машинаас гарах бөмбөлөг бүрийн цифрийн дугаарыг дэлгэцээр тодруулж харуулна.

 

 6.5.Сугалаа явуулах үйл ажиллагааг сар бүрийн гурав дахь Лхагва гаригт Улаанбаатар хотын цагийн бүсийн 13:00 цагт олон нитийн газар зохион байгуулна.

 

6.6.Шаардлагатай тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн энэ журмын 6.5-д заасан сугалааны тохирол явуулах хугацаанд өөрчлөлт оруулж болно.

 

6.7.Сугалааны зохион байгуулагч нь хэрэглэгчийн хэсгээр дамжуулж сугалаанд оролцогчид дараах мэдээллийг тогтмол хүргэнэ:

 

  6.7.1.тухайн сард хэрэглэгчийн хэсэгт бүртгэгдсэн нийт төлбөрийн баримтын тоо;

 

  6.7.2.тухайн сард хэрэглэгчийн хэсэгт аймаг, дүүрэг тус бүрээс бүртгэгдсэн төлбөрийн баримтын тоо;

 

6.7.3.тухайн сугалааны тохиролд оролцож буй сугалаанд оролцогчийн сугалааны дугаарын мэдээлэл;

 

6.7.4.сугалааны оролцогчийн хожих боломжит урамшууллын дүнгийн мэдээлэл;

 

6.7.5.сугалаанд оролцогч азтан болсон тохиолдолд тохирол таарсан сугалааны дугаарын мэдээлэл;

 

6.7.6.сугалааны тохирлын шууд дамжуулалт эхлэх хугацаа;

6.7.7.сугалааны тохирлын мэдээлэл;

6.7.8.энэ журмын 3.8-д заасан тухайн сарын байршлын нэмэгдэл урамшууллын мэдээлэл.

 

Долоо.Сугалааны тохирлын урамшуулал олгох үйл ажиллагаа

 

7.1.Азтан нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа энэ журмын 3.12-т заасан хугацаанд багтаан нэгдсэн системд дараах байдлаар хүсэлт гаргаж, баталгаажуулна:

 

 7.1.1.сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нь 2, 3, 4, 5, 6 дугаар зэрэглэлд хамаарах бол хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна;

 

 7.1.2.сугалааны тохирлын урамшууллын хэмжээ нь 1 дүгээр зэрэглэлд хамаарах бол хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяалах татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгнө;

 

 7.1.3.татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэл тооцож, хяналт тавьж ажиллана.

 

7.2.Татварын алба нь энэ журмын 7.1-д заасан хүсэлтийг тулган баталгаажуулж, ажлын 7 хоногт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

7.3.Энэ журмын 7.1-д заасны дагуу хүсэлтээ баталгаажуулсан азтан сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш ажлын 15 хоногийн дотор олгоно.

 

7.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн санд сугалааны урамшуулал олгох тусгай данстай байна.

 

7.5.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллаар олгох мөнгөн дүн, мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

 

7.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төрийн сангийн нэгж (цаашид "Төрийн сан" гэх) урамшууллын санхүүжилтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тусгай дансанд санхүүжүүлнэ.

 

7.7.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тусгай дансанд урамшууллын санхүүжилт орсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу төлбөрийн хүсэлт /ТТ-1 маягт/ болон файлыг Төрийн санд хүргүүлнэ.

 

7.7.1.хүлээн авагчийн нэр;

7.7.2.хүлээн авагчийн регистрийн дугаар;

7.7.3.хүлээн авагчийн банк;

7.7.4.хүлээн авагчийн дансны дугаар;

7.7.5.мөнгөн дүн;

7.7.6.сугалааны дугаар.

 

7.8.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллыг Төрийн сангийн тусгай дансаар дамжуулан азтан тус бүрийн дансанд шилжүүлнэ.

 

7.9.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улирал бүрийн эцэст тооцоо хийж, энэ журмын 7.8-д заасан тусгай данс үлдэгдэлтэй бол санхүүжилт хийсэн данс руу буцаан төвлөрүүлнэ.

 

7.10.Төлбөрийн баримтыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлсэн сугалаанд оролцогч нь тус сугалааны анхны эзэмшигч байна.

 

7.11.Тохирол таарсан төлбөрийн баримтыг хоёр буюу түүнээс дээш этгээд эзэмшиж байгаа талаар маргаан үүссэн тохиолдолд анхны эзэмшигч нь тохирол таарсан төлбөрийн баримтын хууль ёсны эзэмшигч гэж үзэж холбогдох урамшууллыг олгоно.

 

7.12.Хэрэглэгчийн хэсэгт азтаны урамшуулал олголтын мэдээллийг дараах хэлбэрээр харуулна:

 

7.12.1. "хүсэлт ирүүлсэн" (азтан хүсэлтээ холбогдох журмын дагуу ирүүлсэн);

 

7.12.2."хүсэлт баталгаажсан" (ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан);

 

7.12.3."хянагдаж байгаа" (өргөдөл, гомдлын дагуу холбогдох мэдээллийг шалгаж байгаа);

 

7.12.4."буцаагдсан" (мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүсэлтийг буцаасан);

 

7.12.5."Төрийн сангийн газарт хүргүүлсэн" (баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн санд хүргүүлсэн);

 

7.12.6."урамшууллыг олгосон" (урамшууллыг азтаны дансанд шилжүүлсэн);

 

7.12.7."системд хянагдаж буй төлөв" (хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж байгаа);

 

7.12.8."санхүүжилт татсан" (энэ журмын 7.13.3, 7.13.4-т заасан шаардлагыг хангаагүйн улмаас санхүүжилт буцаан татагдсан);

 

7.12.9."хүчингүй болсон" (тухайн төлбөрийн баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд).

 

7.12.Энэ журмын 7.14-т заасан мэдээллийн үнэн зөв байдлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

 

7.13.Дараах тохиолдолд сугалааны урамшууллыг олгохгүй:

 

7.13.1.сугалаанд оролцогч энэ журмын 4.1-д заасан нөхцөлийг хангаагүй;

 

7.13.2.сугалаанд оролцогч энэ журмын 3.12-т заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй;

 

7.13.3.энэ журмын 7.1.2-т заасан азтан энэ журмын 3.12-т заасан хугацаанд харьяалах татварын албанд биечлэн очиж баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй;

 

7.13.4.энэ журмын 4.1.1-д заасан мэдээлэл зөрүүтэйн улмаас банкнаас гүйлгээ буцсан тухай мэдээллийг нэгдсэн системээс мэдэгдсэнээс хойш энэ журмын 3.12-т заасан хугацаанд залруулж, хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулаагүй;

 

7.13.5.азтан нь энэ журмын 4.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаагүй.

 

 7.14.Төрийн сан нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн төлбөрийн хүсэлтийн дагуу гүйлгээ хийсэн талаарх мэдээллийг төлбөрийн хүсэлт ирүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

Найм.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухай мэдээлэл

 

8.1.Татварын алба нь азтанаас ирүүлсэн гомдлын дагуу борлуулагчийн мэдээллийг нэгдсэн системд баталгаажуулах арга хэмжээг гомдол ирүүлснээс хойш ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэнэ.

 

8.2.Сугалаатай холбоотой маргааныг дараах байдлаар тодруулна:

 

8.2.1.сугалаанд оролцогчийн худалдан авалтын мэдээлэл нэгдсэн системд 72 цагийн дотор ирээгүй тохиолдолд борлуулагчаас тодруулах;

 

8.2.2.сугалааны тохирлын зохион байгуулалттай холбоотой асуудлыг сугалааны зохион байгуулагчаас тодруулах;

 

8.2.3.урамшууллыг олгохтой холбоотой асуудлыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тодруулах.

 

Ес.Бусад

 

9.1.Сугалаанд оролцогч нь дараах эрхтэй:

 

9.1.1.сугалааны нөхцөлтэй холбогдуулан мэдээлэл авах;

9.1.2.төлбөрийн баримтыг үндэслэн урамшуулал олгохыг сугалааны зохион байгуулагчаас шаардах.

 

9.2.Төлбөрийн баримтын мэдээллийг нэгдсэн системд илгээгээгүй, бүртгүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг борлуулагч, сугалаанд оролцогч хариуцна.

 

9.3.Сугалаанд оролцогч нь энэ журмын 4.1.1, 7.1-д заасан мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

 

 

-o0o-