- Нүүр
- Сайдын тушаал
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн
А/199 дүгээр тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа болон төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан тушаалтан, иргэн, Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын албаны тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.
1.3. Энэхүү журамд заасан тээврийн хэрэгсэл гэдэгт зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл, мотоцикл, механизмыг хамааруулна.
Хоёр. Техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулах
2.1. Техникийн хяналтын үзлэгийг тухайн үзлэгийн төвийн техник, технологийн онцлогт тохируулан боловсруулсан технологийн картын дагуу бүрэн явуулна.
2.2. Технологийн картад стандартаар тогтоосон үзүүлэлт шаардлагыг хянан тогтоох арга, аргачлал, хугацаа, хүчин чадал зэргийг тооцож тусгана.
2.3. Техникийн хяналтын үзлэгийн төв /цаашид "үзлэгийн төв" гэх/ нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу тохирлын үнэлгээ хийлгэн итгэмжлэгдсэн байх бөгөөд үзлэгийн төвд тавигдах шаардлагыг стандартаар тогтооно.
2.4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хөтөлнө.
2.5. Үзлэгийн төв нь техникийн хяналтын үзлэг хийсэн талаарх мэдээллийг энэ журмын 2.4-д заасан сантай холбогдож дамжуулна.
2.6. Замын хөдөлгөөнд шууд оролцох боломжгүй өөрөө явагч механизмыг үзлэгийн явуулын төвөөр үзэж болно.
2.7. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй. /ЗТХС-ын 2022 оны А/313 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав/
2.8. Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд энэхүү журмын гуравдугаар хавсралтад заасан мэдээллүүдийг агуулсан гэрчилгээг монгол, англи хэл дээр хэвлэж олгоно.
2.9. Дор дурдсан тусгай тоноглол бүхий тээврийн хэрэгслийг эрх бүхий мэргэжлийн байгууллагын шалгаж, баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн техникийн хяналтын үзлэгт хамруулна.
2.9.1. автокраны, тээврийн хэрэгсэлд суурилагдсан өргөх төхөөрөмжийн, аюултай ачаа тээвэрлэх торхны, хийгээр ажилладаг автомашины баллоны болон түүнтэй адилтгах бусад даралтат савны баталгаажуулалтын талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт.
2.9.2. баталгаажуулалт нь гэрчилгээ, эсхүл дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд тодорхой хугацааг заасан байна.
2.10. Энэхүү журмын 2.9-т заасан дүгнэлтийг техникийн хяналтын үзлэгийн төвд цахим хэлбэрээр хүргүүлж болно.
2.11. Хийгээр ажилладаг тээврийн хэрэгслийн хийн баллоны баталгаажуулалт, хийн баллон, дамжуулах хоолой, хаалт, хавхлагын битүүмжлэлийг шалгана.
2.13. Зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, талбайд зорчих зориулалт бүхий “Чингэлэг тээвэрлэх автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл” MNS JT/T 1377:2022 стандартын шаардлага хангасан автомат удирдлагатай өөрөө явагч тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн техникийн баримт бичгийг үндэслэн техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн санд бүртгэнэ. /энэ заалтыг ЗТХС-ын 2022 оны А/313 дугаар тушаалаар нэмсэн./
Гурав. Техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаа
эрхлэгч байгууллагын эрх, үүрэг
3.1. Техникийн хяналтын үзлэгийн инженер нь хяналтын үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нарт тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.
3.2. Техникийн хяналтын үзлэгийн инженер нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийж бодит дүгнэлтийг гаргана.
3.3. Техникийн хяналтын үзлэгийн техникч нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийж дүгнэлт гаргахгүй.
3.4. Үзлэгт тэнцсэн тээврийн хэрэгслийн дүгнэлтийг цахимаар олгож, шаардлагатай бол гэрчилгээнд энэ тухай тэмдэглэгээ хийнэ.
3.5. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээ нь энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан загварт нийцсэн байна.
3.6. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын гэрчилгээнд энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан шаардлага тавигдана.
3.7. Засгийн газрын шийдвэрээр батлагдсан техникийн хяналтын үзлэг, явуулах хугацаа, төлбөрийн жишгийг үйл ажиллагаандаа баримтална.
3.8. Тухайн тээврийн хэрэгслийн баримт бичиг нь техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй зөрсөн, эсхүл засвартай байвал зөрчлийг арилгуулахаар тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага / хууль хяналтын, тээврийн хэрэгслийн бүртгэлийн, гаалийн болон бусад /-д шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандан холбогдох зөвлөмж чиглэлийг авна.
3.9. Үзлэгийн төв нь тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалт, баталгаажуулалтын бүртгэлийг хөтөлж, үзлэг явуулах дараалал, хугацааг агуулсан технологийн картыг үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байгууллагын даргаар батлуулан мөрдөж, шаардлагатай бусад техникийн баримт бичгийг боловсруулж үйл ажиллагаандаа ашиглана.
3.10. Үзлэгийн төвийн байршил, цагийн хуваарь зэрэг үйлчлүүлэгчид хэрэгцээт мэдээллийг хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээр нийтэд мэдээлэх, үзлэгт хамрагдах захиалгыг цахим сүлжээгээр хүлээн авах, дүгнэлтийг үйлчлүүлэгчид цахим хэлбэрээр хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
3.11. Үзлэгийн чанар, мэдээллийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бүрэн хамрагдсан эсэхэд тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллага, тээврийн цагдаагийн алба хамтран хяналт тавина.
3.12. Техникийн хяналтын үзлэгт орох тээврийн хэрэгслийн гэрчилгээг автоматаар таньснаар үзлэгийг эхлүүлнэ. Хэрэв гэрчилгээг алдаатай танивал энэ талаар тэмдэглэл үйлдэж, үзлэгийг эхлүүлж болно. Үзлэг дуусах үед улсын дугаарыг автоматаар таньснаар үзлэгийн үр дүнг баталгаажуулна.
3.13. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг автоматаар таних теле хяналтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь "Теле хяналтын системийн ерөнхий шаардлага" MNS 6423:2019 стандартад нийцсэн байна.
3.14. Суурин болон явуулын төвөөр гүйцэтгэх тээврийн хэрэгслийн үзлэг, техникийн хяналтын үйл ажиллагааг теле хяналтын дор зохион байгуулж, дүрс бичлэг хийх, сүлжээнд холбох зэрэг техник, технологийн нөхцөл, шаардлагыг бүрдүүлсэн байна.
3.15.Тээврийн хэрэгслийн өнгө, хөдөлгүүр, зориулалт зэрэгт холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам стандартын дагуу техникийн өөрчлөлт хийсэн дүгнэлтийн хуудсыг тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ.
Дөрөв. Тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч
иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг
4.1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсны дараа тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулна.
4.2. Иргэн, хуулийн этгээд нь бүртгэлийн харьяаллаас үл хамааран техникийн хяналтын үзлэгийн аль ч төвд тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулах эрхтэй.
4.3. Иргэн, хуулийн этгээд нь нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийг хагас жил тутамд, бусад тээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулах үүрэгтэй.
4.4. Тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь техникийн хяналтын үзлэгт хамруулахын өмнө дараах бэлтгэл ажлуудыг хангасан байвал зохино.
4.4.1. баримт бичгийн бүрдлийг хангасан байх;
4.4.2. техникийн хяналтын үзлэгийн төлбөрийг төлсөн байх;
4.4.3. Цагдаагийн байгууллагаас бэлэн бус хэлбэрээр хуулиар оногдуулсан торгууль, олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх. /энэ заалтыг ЗТХС-ын 2022 оны А/313 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
4.4.4. тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэн техникийн хяналтын үзлэг хийх боломжийг бүрдүүлсэн байх;
4.4.5. стандартад заасан иж бүрдлийг хангасан байх;
4.4.6. арлын дугаарыг ил болгон цэвэрлэж техникийн баримт бичигтэй тулган шалгах нөхцөлийг бүрдүүлэх.
4.5. Дараах тохиолдолд хугацаа үл харгалзан тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:
4.5.1. хөдөлгүүр сольсон, өнгө өөрчилсөн, тээврийн хэрэгслийн зориулалтыг үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр өөрчилсөн, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;
4.5.2. тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;
4.5.3. зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл, гэмтэл гарсан, түүнийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;
4.5.4. тээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрлэгчийн технологийн шаардлагын дагуу угсарсан зэрэг хамаарна.
Тав. Бусад
5.1. Тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч нь технологийн картын дагуу үзлэг хийхийг шаардаж, чанаргүй үйлчилгээ үзүүлсэн гэж үзвэл гомдлоо тухайн байгууллагын удирдлагад, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон харьяалах дээд шатны байгууллагад хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ.
5.2. Үйлчилгээтэй холбоотой гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
5.3. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
---000---
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199
дугаар тушаалаар батлагдсан "Тээврийн
хэрэгслийн техникийн хяналтын үзлэг,
оношлогоо явуулах журам"-ын
нэгдүгээр хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН
ХЯНАЛТЫН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
А. Гэрчилгээний нүүр тал
Гэрчилгээний суурь өнгө цагаан, бичиглэл нь хар өнгөтэй байна.
85 мм
55 мм
Б. Гэрчилгээний ар тал
Гэрчилгээний ар тал цулгуй, цагаан буюу ямар нэгэн мэдээлэлгүй байна.
B.Бусад
Гэрчилгээг тухайн автотээврийн хэрэгслийн урд салхины шилний дотор талаас, жолооны хүрдтэй талын буланд жолоочийн харах орчныг хязгаарлахгүй, ил харагдахаар байрлуулна.
---000---
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/199
дугаар тушаалаар батлагдсан "Тээврийн
хэрэгслийн техникийн хяналтын үзлэг,
оношлогоо явуулах журам"-ын
хоёрдугаар хавсралт
Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд олгох
техникийн хяналтын гэрчилгээнд зайлшгүй тусгагдах мэдээллүүд
Тээврийн хэрэгслийн арлын дугаар (VIN) Vehicle identification number (VIN number or chassis number) |
|
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар Vehicle registration number |
|
Техникийн хяналт үзлэгт орсон он, сар, өдөр Date of vehicle technical inspection |
|
Техникийн хяналт үзлэгт орсон өдрийн одометрийн заалт Odometer readings on the day of vehicle technical inspection |
|
Тээврийн хэрэгслийн ангилал Vehicle category |
|
Илэрсэн алдаа, доголдол Faults and defects identified by vehicle technical inspection |
|
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн дүн Vehicle technical inspection results |
|
Дараагийн техникийн хяналт үзлэгт орох хугацаа эсвэл олгосон гэрчилгээний дуусах хугацаа Date of next technical inspection or expiration date of issued certificate |
|
Техникийн хяналт үзлэгийн төв эсвэл байгууллагын нэр, хаяг, Техникийн хяналтын үзлэг хариуцсан ажилтны гарын үсэг Name of Vehicle Technical Inspection Organization or Inspection Station and address Signature of Inspector |
|
Бусад мэдээлэл Other information |
|
Тайлбар:Техникийн хяналтын олон улсын хорооны зөвлөмж болон Европын холбоо ба Европын холбооны парламентаас гаргасан 2014.04.03-ны өдрийн удирдамжаар техникийн хяналтын үзлэгийн гэрчилгээний агуулгыг тодорхойлсон байдаг.
---000---
Текст томруулах
A
A
A