A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 474 дүгээр

 тогтоолын 1 дүгээр хавсралт             

 

 

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ

ГАЗРЫН ДҮРЭМ

 

 

Нэг.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын

эрхэм зорилго

 

1.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын эрхэм зорилго нь Монгол Улсын Засгийн газрын оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршино.

 

1.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын зорилго нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх явдал юм.

 

1.3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

 

      1.3.1.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан (цаашид "байгууллага, албан тушаалтан" гэх), улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэл (цаашид "хууль тогтоомж, бодлого, шийдвэр" гэх)-ийг болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд холбогдох хуульд заасны дагуу хяналт тавих, байгууллагын дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

 

      1.3.2.байгууллага, албан тушаалтны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, санал, дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах;

 

      1.3.3.Засгийн газрын харьяа байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлига, хүнд суртлын индекс, олон нийтийн санаа бодол, өргөдөл, гомдлын шинж байдал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд тандалт судалгаа хийх, дүн шинжлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

 

      1.3.4.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах.

 

 

Хоёр.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын

үйл ажиллагааны зарчим

 

2.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд заасан зарчмыг баримтална.

 

Гурав.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын

тамга, тэмдэг

 

3.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар тогтоосон журмаар хийсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ.

 

Дөрөв.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга

бөгөөд Ерөнхий хянан шалгагч

 

4.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч тэргүүлнэ.

 

4.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч дараахь эрхтэй:

 

      4.2.1.байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өмнө хариуцан тайлагнах;

 

      4.2.2.ахлах хянан шалгагч, хянан шалгагч болон байгууллагын бусад албан хаагчийг томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;

 

      4.2.3.байгууллагыг өдөр тутмын удирдлагаар хангах, хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;

 

      4.2.4.батлагдсан төсөв, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан байгууллагын орон тоо, цалингийн санг тогтоох;

 

      4.2.5.эрхэлсэн асуудлаараа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад мэргэшлийн зөвлөгөө өгч, холбогдох мэдээллээр хангах;

 

      4.2.6.байгууллагын төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;

 

      4.2.7.тогтоосон журмын дагуу байгууллагын нэр дээр банканд харилцах данс нээх;

 

      4.2.8.байгууллагыг төлөөлж бусад байгууллагатай харилцах;

 

      4.2.9.албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж,  батлах;

 

      4.2.10.байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулж, гүйцэтгэлийг дүгнүүлэх;

 

      4.2.11.хяналт шалгалттай холбоотой дүгнэлт, албан шаардлага, санал хүргүүлэх.

 

4.3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.

 

4.4.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг гадаад, дотоодод байгууллагын дарга төлөөлнө. Байгууллагын даргын даалгаснаар болон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга байгууллагыг төлөөлж болно.

 

Тав.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын

зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэг

 

5.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

5.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар эрхэм зорилго, стратегийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй ажиллана.

 

5.3.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар дараахь зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна:

 

      5.3.1.Үнэлгээ, мониторингийн баг;

 

      5.3.2.Тандалт судалгааны баг (Үр дүнгийн шинжилгээний баг, Эрсдэлийн удирдлагын баг, Төлөвлөлт, зохицуулалтын багтай байна);

 

      5.3.3.Хяналт шалгалтын баг;

 

      5.3.4.Хуулийн баг;

 

      5.3.5.Менежментийн баг;

 

      5.3.6.Дотоод хяналтын баг.

 

5.4.Энэ дүрмийн 5.3.1-5.3.4-т заасан зохион байгуулалтын бүтцийн нэгж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

5.5.Энэ дүрмийн 5.3.5, 5.3.6-д заасан зохион байгуулалтын бүтцийн нэгж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үндсэн үйл ажиллагааг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

5.6.Үнэлгээ, мониторингийн багийг Ахлагч, Тандалт судалгааны багийг Ахлах судлаач, Хяналт шалгалтын багийг Ахлах хянан шалгагч, Хуулийн багийг Ахлах зөвлөх, Менежментийн багийг Ахлах менежер, Дотоод хяналтын багийг Ахлагч тус тус ахалж ажиллана.

 

5.7.Энэ дүрмийн 5.6-д заасан албан тушаалыг "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын Газрын дарга (зэрэглэл АА-2)-ын албан тушаалтай дүйцүүлнэ.

 

5.8.Энэ дүрмийн 5.4-т заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжийн энэ дүрмийн 5.7-д зааснаас бусад албан тушаалыг "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын Засгийн газрын ахлах референт (зэрэглэл АА-4), Засгийн газрын референт (зэрэглэл АА-5)-ийн албан тушаалтай дүйцүүлнэ.

 

5.9.Энэ дүрмийн 5.5-д заасан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаас бусад албан тушаалыг "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн          18 дугаар тогтоолын хавсралтын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын Засгийн газрын ахлах референт (зэрэглэл АА-4), Засгийн газрын референт (зэрэглэл АА-5), ахлах шинжээч (зэрэглэл АА-6), шинжээч (зэрэглэл АА-7), ахлах мэргэжилтэн (АА-9)-ийн албан тушаалтай дүйцүүлнэ.

 

5.10.Энэ дүрмийн 5.3.1, 5.3.2, 5.3.4-т заасан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн зарим албан тушаалд шинжээч-судлаач, судлаач, зөвлөхийг гэрээгээр ажиллуулж болно.

 

5.11.Үнэлгээ, мониторингийн баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.11.1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр дүгнэлт, зөвлөмж гаргах, мэргэжил, арга зүйгээр хангах, дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэх;

 

      5.11.2.яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх;

 

      5.11.3.байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

 

      5.11.4.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах асуудлаар санал, зөвлөмж гаргах.

 

5.12.Тандалт судалгааны баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.12.1.Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 8.1-д заасан тандалт судалгааг хийх;

 

      5.12.2.энэ дүрмийн 5.13, 5.14, 5.15-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;

 

      5.12.3.Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 8.1-д заасан тандалт судалгааны тайланг тухай бүр гаргах;

 

      5.12.4.байгууллага, албан тушаалтны талаарх өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуульд заасан хугацаанд нэгтгэн гаргах.

 

5.13.Үр дүнгийн шинжилгээний баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.13.1.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хэрэглэгчийн сэтгэл ханамж, авлига, хүнд суртлын түвшинд үндэслэн судалгаа, дүн шинжилгээ хийх;

 

      5.13.2.иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын дүн мэдээ, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх;

 

      5.13.3.хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд судалгаа, дүн шинжилгээ хийх;

 

      5.13.4.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа чанартай, хүртээмжтэй, шуурхай байгаа эсэхэд хэрэглэгчийн үнэлгээ авах ажлыг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх;

 

      5.13.5.судалгаа шинжилгээний чиглэлээр гадаад, дотоод болон олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах;

 

      5.13.6.нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд болон бодлого, эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, судалгаа, шинжилгээнд тулгуурлан дүгнэлт, санал, зөвлөмж гаргах.

 

5.14.Эрсдэлийн удирдлагын баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.14.1.эрсдэлийн удирдлагын талаар баримтлах журам, заавар, гарын авлагыг боловсруулан хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;

 

      5.14.2.энэ дүрмийн 5.13.1, 5.13.2-т заасан үр дүнд тулгуурлан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд эрсдэл үүсгэж болзошгүй, үүсгэж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлох;

 

      5.14.3.байгууллага, албан тушаалтанд эрсдэлийг бууруулж ажиллах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлэх;

 

      5.14.4.хяналт шалгалтын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг холбогдох зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй хамтран тодорхойлж, хяналт тавих, тайлагнах;

 

      5.14.5.эрсдэлийн удирдлагыг сайжруулах талаар судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж боловсруулах.

 

5.15.Төлөвлөлт, зохицуулалтын баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.15.1.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үүсэж болзошгүй эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн хяналт шалгалтыг төлөвлөх;

 

      5.15.2.хяналт шалгалтын дүн, тайлан, судалгаа болон өөрийн үйл ажиллагаанд хамаарах хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээллийг олон нийт танилцах боломжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

 

      5.15.3.байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;

 

      5.15.4.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

 

      5.15.5.байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн иргэний өргөдөл, гомдол шийдвэрлэлтэд хяналт тавих.

 

5.16.Хяналт шалгалтын баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.16.1.байгууллага, албан тушаалтны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;

 

      5.16.2.байгууллага, албан тушаалтны албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;

 

      5.16.3.эрхэлсэн асуудлын хүрээнд өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах;

 

      5.16.4.Засгийн газрын шийдвэр, Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өгсөн үүргийн дагуу улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг хянан шалгах;

 

      5.16.5.хяналт шалгалт хийсэн талаарх дүнг мэдээллийн санд хөтлөх, нэгтгэх, Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад байгууллагад танилцуулах ажлыг зохион байгуулах;

      5.16.6.Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 10.2 дахь хэсэгт заасан хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг танилцуулах ажлыг зохион байгуулах;

 

      5.16.7.хяналт шалгалтын дүнг үндэслэн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;

 

      5.16.8.эрх бүхий байгууллага, албан тушаалтанд санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах, албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах;

 

      5.16.9.байгууллага, албан тушаалтны дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

 

5.17.Хуулийн баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.17.1.судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн хууль тогтоомж, бодлого, шийдвэр, журам, стандартыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар байгууллага, албан тушаалтанд санал, зөвлөмж хүргүүлэх ажлыг зохион байгуулах;

 

      5.17.2.байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль тогтоомж, бодлого, шийдвэр, журам, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, шинэчлэх ажлыг зохион байгуулах;

 

      5.17.3.хууль зүйн зөвлөгөө, мэдээллээр хангах, байгууллагыг шүүхэд төлөөлөх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.

 

5.18.Менежментийн баг дараахь үндсэн чиг үүрэгтэй:

 

      5.18.1.төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага, манлайллыг хэрэгжүүлэх;

 

      5.18.2.Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах;

 

      5.18.3.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

 

      5.18.4.байгууллагын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

 

      5.18.5.урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;

      5.18.6.байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг сүлжээ, систем, программ хангамж, техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

 

      5.18.7.байгууллагын архив, албан хэргийг хөтлөх, дотоод үйл ажиллагаатай холбоотой иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих.

 

5.19.Дотоод хяналтын баг дараахь үндсэн үүрэг чиг үүрэгтэй:

 

      5.19.1.байгууллага, түүний зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, зөвлөмж өгөх;

 

      5.19.2.байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомж, бодлого, шийдвэр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;

 

      5.19.3.байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт хийх;

 

      5.19.4.хянан шалгагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, шийдвэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ авах;

 

      5.19.5.байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх ажлыг зохион байгуулах.

 

5.20.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай мэдээллийг монгол, англи хэлээр харуулсан цахим хуудастай байна.

 

Зургаа.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын

ажиллах нөхцөл, баталгаа

 

6.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.

 

6.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг боловсруулан баталж, түүнд тусгасан арга хэмжээг үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.

 

6.3.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Долоо.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх

газрын төсөв

 

7.1.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар төсөвтэй байна.

7.2.Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын төсвийн төслийг боловсруулах, батлах, захиран зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг төсвийн хууль тогтоомжоор зохицуулна.

 

 

 

 

---о0о---