- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2023 оны 01 дүгээр
сарын 05-ны өдрийн 11 дүгээр
тогтоолын хавсралт
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж (цаашид "хүүхдийн мөнгө" гэх) олгоход энэ журмыг баримтална.
1.2.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхдийн мөнгө олгох өрхийг тодорхойлох босго шугамыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу тогтооно.
1.3.Хүүхдийн мөнгийг Монгол Улсын 0-18 хүртэлх насны дараахь хүүхдэд олгоно:
1.3.1.энэ журмын 1.2-т заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрхийн;
1.3.2.төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа.
1.4.Хүүхдийн мөнгийг банкны дансаар дамжуулан олгох бөгөөд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгө авах банкийг сонгож, уг банканд данс нээлгэнэ.
1.5.Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банканд данс нээлгэсэн тохиолдолд сүүлд нээлгэсэн банкны дансаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгоно.
Хоёр.Хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалт гаргах,
хүсэлт гаргах, шийдвэрлэх
2.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах бөгөөд хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1-д заасан өрхийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх)-ийн мэдээлэл, энэ журмын 1.2-т заасан босго шугам болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тус тус үндэслэн жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гаргана.
2.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар, арилжааны банкан дахь данс, шилжилт хөдөлгөөний мэдээллийг хянаж, сар бүрийн 05-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.3.Хүүхдийн мөнгө олгох эсэх мэдээллийг халамжийн нэгдсэн систем "ehalamj", эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахим хэлбэрээр шалгах бөгөөд хүсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн шалгуулж болно. Сум, хорооны нийгмийн ажилтан мэдээллийг халамжийн нэгдсэн систем "ehalamj"-ээс мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу шалгаж өгнө.
2.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэд төрсөн болон мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн мэдээлэлд нь өөрчлөлт орсон, мэдээлэл зөрүүтэй тохиолдолд хүүхдийн мөнгө авах хүсэлтийг дараахь хэлбэрээр гаргана:
2.4.1.халамжийн нэгдсэн систем "ehalamj", эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахимаар;
2.4.2.сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өөрийн биеэр.
2.5.Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 2.4.2-т заасны дагуу гаргасан хүсэлтийг халамжийн нэгдсэн систем "ehalamj"-д тухай бүр бүртгэнэ.
2.6.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 2.4-т заасан хүсэлтийг Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.2-т заасан журмын дагуу мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй тулган нягталж, мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон хүүхдийн мөнгө олгох эсэхийг хянаж, баталгаажуулна.
2.7.Энэ журмын 2.6-д заасан хяналт, баталгаажуулалтаар хүүхдийн мөнгө авах эрх үүссэн тохиолдолд хүсэлт гаргасан сараас тооцож хүүхдийн мөнгийг олгоно.
2.8.Мэдээллийн эзэн мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн талаарх мэдээллээ зөрүүтэй гэж энэ журмын 2.4-т заасны дагуу хүсэлт гаргасан тохиолдолд уг хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтээ Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.2-т заасан журмын дагуу холбогдох төрийн байгууллагад гаргаж, мэдээллээ шинэчлүүлнэ.
2.9.Зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтээ энэ журмын 2.8-д заасан хугацаанд гаргаж, мэдээллээ шинэчлүүлэн, хянаж, баталгаажуулахад хүүхдийн мөнгө авах эрх үүссэн тохиолдолд мөн журмын 2.7-д заасны дагуу хүүхдийн мөнгийг олгоно.
2.10.Зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтээ энэ журмын 2.8-д заасан хугацаанаас хойш гаргаж, мэдээллээ шинэчлүүлэн, хянаж, баталгаажуулахад хүүхдийн мөнгө авах эрх үүссэн тохиолдолд хүүхдийн мөнгийг мөн журмын 2.6-д заасны дагуу хянан баталгаажуулсан сараас олгоно.
2.11.Өрхийн амьжиргааны түвшинг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн жилд дахин нэг удаа үнэлж болно.
Гурав.Хүүхдийн мөнгөний санхүүжилт, хүүхдийн
мөнгийг хуримтлуулах, олгох
3.1.Хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах зорилгоор 2025 оноос хүүхдийн мөнгөний 10 хувь, 2026 оноос 20 хувь, 2027 он ба түүнээс хойш жил бүр 30 хувийг хадгаламж хэлбэрээр хуримтлуулна.
3.2.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүсвэл энэ журмын 3.1-д заасан хэмжээнээс илүү хувиар хуримтлуулж болно.
3.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө энэ журмын 1.4-т заасан банканд хадгаламжийн данс нээлгэж, энэ журмын 3.1-д заасан хувь, хугацаа болон хүүг тусгасан хадгаламжийн гэрээ байгуулна.
3.4.Энэ журмын 3.3-т заасан хадгаламжийн дансыг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө халамжийн нэгдсэн систем "ehalamj"-д хандан цахимаар бүртгүүлэх бөгөөд хүсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан бүртгүүлж болно. Хадгаламжийн дансаа халамжийн нэгдсэн систем "ehalamj"-д бүртгүүлсний дараа сараас хадгаламжийн дансанд энэ журмын 3.1, 3.2-т заасан хувиар тооцож хуримтлал олгоно.
3.5.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сард хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг хуримтлал болон бэлнээр олгох хэмжээг тусгасан байдлаар гаргаж, төлбөрийн хүсэлт (ТТ1 маягт) болон албан хүсэлтийн хамт сар бүрийн 18-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн сангийн нэгж (цаашид "Төрийн сангийн газар" гэх)-д хүргүүлнэ.
3.6.Энэ журмын 3.5-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийн нууцлал, аюулгүй, нэгдмэл байдлыг Төрийн сангийн газар хариуцна.
3.7.Төрийн сангийн газар нь энэ журмын 3.5-д заасан хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг үндэслэн төсвийн хуваарьт багтааж холбогдох санхүүжилтийг Төрийн сан дахь нийгмийн халамжийн сангийн дансанд шилжүүлж, зарцуулах эрхийг нээнэ.
3.8.Төрийн сангийн газар энэ журмын 3.7-д заасан хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас энэ журмын 3.5-д заасны дагуу ирүүлсэн мэдээлэлд үндэслэн тухайн хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор энэ журмын 1.4-т заасан банкны дансанд бүрэн байршуулна.
3.9.Төрийн сангийн газар хүүхдийн мөнгө олгосон багцын гүйлгээний буцаалтыг ажлын 3 өдрийн дотор багц гүйлгээний системээр хүлээн авч, мэдээллийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлнэ.
3.10.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн мөнгөний олголтын мэдээллийг сар бүр хянан баталгаажуулж, хүүхдийн мөнгөний олголт, зарцуулсан хөрөнгийн мэдээг дараа сарын 04-ний өдрийн дотор санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
3.11.Хүүхдийн мөнгө авах эрх үүссэн боловч иргэнээс үл хамаарах шалтгаанаар хүүхдийн мөнгө нь тухайн төсвийн жилд дансанд нь ороогүй тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага өглөг үүсгэж, дараагийн төсвийн жилийн нэгдүгээр сард нөхөн олгоно.
3.12.Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, банканд бүрэн хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлах орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрсний дараа өөрт нь, хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь хүлээлгэн өгнө.
Дөрөв.Хүүхдийн мөнгө олгохыг зогсоох, түдгэлзүүлэх
4.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:
4.1.1.хүүхэд 18 нас хүрсэн;
4.1.2.хүүхэд нас барсан;
4.1.3.Монгол Улсын харьяатаас гарсан;
4.1.4.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдийн, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрийн хүсэлтээр хүүхдийн мөнгө авахаас татгалзсан;
4.1.5.хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүүхдийн мөнгө авсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон;
4.1.6.амьжиргааны түвшин нь энэ журмын 1.2-т заасан босго шугамаас дээш гарсан.
4.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:
4.2.1.мэдээллийн зөрүүтэй нөхцөлөөс шалтгаалж хүүхдийн мөнгө илүү олгогдсон;
4.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
4.2.3.эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
4.3.Хүүхдийн мөнгө олгохыг энэ журмын 4.2.1-д заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд Нийгмийн халамжийн тухай 30.2, 30.3-т заасны дагуу суутгал хийнэ.
4.4.Хүүхдийн мөнгө олгохыг энэ журмын 4.2.2-т заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
4.5.Хүүхдийн мөнгө олгохыг энэ журмын 4.2.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэн түдгэлзүүлсэн хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
Тав.Бусад
5.1.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т заасан аргачлалын дагуу мэдээллийн нэгдсэн санд иргэний мэдээлэл зөрүүтэй орсон тохиолдолд мэдээллийг мэдээллийн эзний хүсэлтэд үндэслэн зохих журмын дагуу түргэн шуурхай, үнэн зөвөөр залруулах үүргийг тухайн мэдээллийг хариуцсан төрийн байгууллага хүлээнэ.
5.2.Өрхийн гишүүн-иргэн хүүхдийн мөнгийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
---о0o---
Текст томруулах
A
A
A