A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

 А-25 дугаар тушаалын хавсралт

 

 

БАНКИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

БОЛОВСРУУЛАХ, БАТЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1.Энэхүү журмын зорилго нь банкны тогтворжуулах төлөвлөгөөний бүтэц, агуулгыг тодорхойлж, төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

 1.2.Банкны тогтворжуулах төлөвлөгөө нь банкны үйл ажиллагааны онцлог, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүсч болох эрсдэлийг урьдчилан тооцож, банкны төлбөрийн чадвар болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн байна.

 

 1.3.Банкийг тогтворжуулах төлөвлөгөөнд Засгийн газраас аливаа хэлбэрээр дэмжлэг, хөнгөлөлт авах арга хэмжээг тусгахгүй.

 

 1.4.Банк Монголбанкнаас олгох төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зээлээс бусад хөнгөлөлт, дэмжлэгийг төлөвлөгөөнд тусгахгүй.

 

 1.5.Тогтворжуулах төлөвлөгөө нь банк, банкны нэгдэл, түүний толгой компани, үйл ажиллагааг хамруулж, банканд үзүүлэх нөлөөг тооцож, хууль эрх зүй, санхүү, үйл ажиллагааны талаарх мэдээлэл нь үнэн зөв, иж бүрэн, цэгцтэй, үнэлж болохуйц тодорхой байна.

 

 1.6.Тогтворжуулах төлөвлөгөө нь банкны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө, чанаргүй активыг бууруулах стратеги, зохистой засаглал, үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө, банкны өөрийн хөрөнгө болон төлбөрийн чадварын хүрэлцээг үнэлэх үйл явц, эрсдэлийн удирдлагын бодлого болон эрсдэлийн хэм хэмжээтэй уялдаж, бодитой хэрэгжих боломжтой байна.

 

 1.7.Банк нь төлөвлөгөөний урьдчилан сэргийлэх эрсдэл болон төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх түвшинг тус тус тооцохдоо Монголбанкнаас тогтоосон зохистой харьцаа, хязгаарлалтын шалгуур үзүүлэлтээс дээгүүр тогтооно.

 

Хоёр. Тогтворжуулах төлөвлөгөөний бүтэц

 

 2.1.Тогтворжуулах төлөвлөгөөний хураангуй;

 

 2.2.Тогтворжуулах төлөвлөгөөний удирдлага, зохион байгуулалт;

 

 2.3.Банкийг тогтворжуулах арга хэмжээ боловсруулах, үнэлэх:

 

  2.3.1.Банк, банкны нэгдлийн мэдээлэл;

  2.3.2.Хүндрэлт нөхцөлийн төсөөлөл;

  2.3.3.Тогтворжуулах арга хэмжээ:

   2.3.3.1.Үр дүнгийн үнэлгээ;

   2.3.3.2.Хэрэгжихүйц байдлын үнэлгээ.

 

 2.4.Олон нийттэй харилцах стратеги;

 

 2.5.Төлөвлөгөөний бэлтгэл арга хэмжээ.

 

Гурав. Тогтворжуулах төлөвлөгөөний хураангуй

 

 3.1.Тогтворжуулах төлөвлөгөөний хураангуй хэсэгт дараах мэдээллийг тусгана:

 

  3.1.1.Банканд үүсч болзошгүй хүндрэл, түүнийг тогтворжуулах арга хэмжээ, тэдгээрийн банкны санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөх хэмжээ, удирдлагын шийдвэр гаргалтын үйл явц, олон нийт болон банк доторх мэдээллийн харилцаа холбооны зарчим, зохион байгуулалт, урьдчилсан бэлтгэл арга хэмжээний талаар хураангуй мэдээлэл;

 

  3.1.2.Тогтворжуулах төлөвлөгөөний өмнөх хувилбараас шинэчлэгдсэн материаллаг өөрчлөлтийн талаарх товч мэдээлэл.

 

Дөрөв. Тогтворжуулах төлөвлөгөөний удирдлага, зохион байгуулалт

 

 4.1.Банк төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх түвшинд хүрсэн тохиолдолд нэн даруй Монголбанканд мэдэгдэж, төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

 4.2.Тогтворжуулах төлөвлөгөө нь банкны дотоод аудитаас тогтмол шалгах бодлогын баримт бичиг байна.

 

 4.3.Банкнаас боловсруулсан тогтворжуулах төлөвлөгөөг банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн эрсдэлийн удирдлагын хороо хянаж, Төлөөлөн удирдах зөвлөл батална.

 

 4.4.Банк нь тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулсан газар нэгж, албан тушаалтны дараах мэдээллийг төлөвлөгөөнд тусгана:

 

  4.4.1.Төлөвлөгөөний хэсэг бүрийг боловсруулсан, хэрэгжүүлэх, шинэчлэх газар нэгж, албан тушаалтны мэдээлэл;

 

  4.4.2.Төлөвлөгөөг нэгтгэх, хариуцах, холбоо барих албан тушаалтны мэдээлэл.

 

 4.5.Банк нь төлөвлөгөөнд заасан санхүүгийн үзүүлэлтийг тодорхойлж, эрсдэлийн түвшинд хүрэх, тогтворжуулах арга хэмжээ авах нөхцөл үүссэн тохиолдолд шийдвэр гаргалтын үйл явц, дарааллын талаар дараах мэдээллийг төлөвлөгөөнд тусгана:

 

  4.5.1.Тогтворжуулах арга хэмжээний үед гүйцэтгэх ажлын дараалал;

  4.5.2.Тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх газар, нэгжийн чиг үүрэг, ажил үүргийн талаарх мэдээлэл;

 

  4.5.3.Тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах хугацаа.

 

 4.6.Тогтворжуулах төлөвлөгөө нь удирдлагын мэдээллийн системтэй хэрхэн уялдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг төлөвлөгөөнд тусгана.

 

 4.7.Монголбанк банкнаас ирүүлсэн төлөвлөгөөг хэрэгжих боломжгүй гэж үнэлбэл Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх заалтын дагуу банк шаардлага хангасан төлөвлөгөөг дахин ирүүлнэ.

 

Тав. Банкийг тогтворжуулах арга хэмжээ боловсруулах, үнэлэх

 5.1.Тогтворжуулах төлөвлөгөөнд ашиглагдах суурь мэдээллүүд, банкны хувьд системд ач холбогдол бүхий болон банканд ач холбогдол бүхий үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрийг санхүүгийн хүндрэлт нөхцөлийн төсөөллийн үед хэрхэн авч үлдэх, үргэлжлүүлэх цогц арга хэмжээг энэ хэсэгт тусгана.

 

 5.2.Системд ач холбогдол бүхий үйл ажиллагаа нь тухайн үйл ажиллагаа доголдоход эдийн засгийн бодит сектор болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхүйц, бусад этгээд гүйцэтгэхэд хөрөнгө, хугацаа их шаардагдах үйл ажиллагаа байна.

 

 5.3.Банканд ач холбогдол бүхий үйл ажиллагаа нь зах зээлд танигдсан, тухайн банкны голлох ашиг, орлогыг бүрдүүлдэг үйл ажиллагаа байна.

 

 5.4.Систем болон банканд ач холбогдол бүхий үйлчилгээ нь энэ журмын 5.2, 5.3-т заасан үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн дэмжих үйлчилгээ байна.

 

 5.5.Банк, банкны нэгдлийн мэдээлэл:

 

  5.5.1.Банк, банкны нэгдлийн бүтэц, зохион байгуулалт, харилцан хамаарал, эзэмшлийн хувь хэмжээ, оролцогч тус бүрийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл;

 

  5.5.2.Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтын дагуу банк, банкны нэгдлийн бусад оролцогчийн санхүүгийн тайлан болон банкны нэгдлийн нэгдсэн санхүүгийн тайлан;

 

  5.5.3.Энэ журмын 5.5.1-т заасан этгээд хоорондын хамаарал бүхий зээл, эх үүсвэр болон түүнтэй адилтгах актив, эх үүсвэрийн мэдээлэл, төлбөр тооцоо, банканд үзүүлэх нөлөө;

 

  5.5.4.Банкны бүтэц, зохион байгуулалт, газар, нэгж тус бүрийн чиг үүрэг;

 

  5.5.5.Банкны үйл ажиллагаа тус бүрийг гүйцэтгэх газар нэгжийн оролцооны мэдээлэл;

  5.5.6.Системд болон банканд ач холбогдол бүхий үйл ажиллагаа, үйлчилгээг энэ журмын 5.2, 5.3, 5.4-т заасны дагуу тодорхойлж, төлөвлөгөөнд тусгана.

 

Зургаа. Тогтворжуулах арга хэмжээ

 

 6.1.Банк нь хүндрэлт нөхцөлийн үед системд болон банканд ач холбогдол бүхий үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалах багц арга хэмжээг тодорхойлно.

 

 6.2.Банк төлөвлөгөөнд тусгасан тогтворжуулах арга хэмжээ тус бүрийн үр дүнг тооцоолж, хэрэгжихүйц байдлыг үнэлнэ.

 

 6.3.Банк учирч болзошгүй эрсдэлд тохирсон олон хувилбарт тогтворжуулах арга хэмжээг төлөвлөгөөнд тусгана.

 

 6.4.Системд болон банканд ач холбогдол бүхий үйл ажиллагаа, үйлчилгээг авч үлдэх зорилгоор тогтворжуулах арга хэмжээ нь дараах шаардлагыг хангахад чиглэнэ:

 

  6.4.1.Өөрийн хөрөнгийн хүрэлцээг хангах;

  6.4.2.Төлбөрийн чадварыг хадгалах;

  6.4.3.Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалах;

  6.4.4.Эрсдэлийг бууруулах.

 

 6.5.Банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварт үзүүлэх санхүүгийн болон үйл ажиллагааны нөлөөллийг харгалзан тогтворжуулах арга хэмжээний үр дүнг тооцно.

 

 6.6.Тогтворжуулах арга хэмжээний үр дүнгийн үнэлгээ нь банк тухайн арга хэмжээг хэрэгжүүлснээр үүсч болзошгүй үр дагаврын дүн шинжилгээ байна.

 

 6.7.Тогтворжуулах арга хэмжээний хэрэгжихүйц байдлын үнэлгээ нь банк тухайн арга хэмжээг хэрэгжүүлж байсан туршлагатай эсэх, хууль эрх зүйн, үйл ажиллагааны, санхүүгийн, нэр хүндийн эрсдэлийн түвшин, хэрэгжүүлэх боломж, хугацааны үр дагаврын талаар хийсэн дүн шинжилгээ байна.

 

 6.8.Энэ журмын 2.3.3.1 болон 2.3.3.2-т дурдсан эрсдэлийг удирдах, шийдвэрлэх арга хэмжээний дэлгэрэнгүй тайлбарыг тусгана.

 

 6.9.Хүндрэлт нөхцөлийн төсөөлөл нь системийн болон тухайн банкны санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын таамаглал байна.

 

  6.9.1.Хүндрэлт нөхцөлийн төсөөлөл нь тогтворжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй нөхцөлд банкийг санхүү төлбөрийн чадваргүй байдалд хүргэхүйц хэмжээнд байна.

 

  6.9.2.Хүндрэлт нөхцөл нь онцгой бөгөөд тохиолдож болохуйц байна.

 

  6.9.3.Банк хүндрэлт нөхцөлийн төсөөллийн төлбөрийн чадвар болон хөрвөх чадварт үзүүлэх нөлөөллийг тооцно.

 

 6.10.Банк нь системийн хэмжээнд болон тухайн банканд үүсч болзошгүй хүндрэлт нөхцөлийн төсөөллийг тодорхойлж, дараах нөхцөлийг хангасан 3-аас багагүй хувилбарыг төлөвлөгөөнд тусгана.

 

  6.10.1.Санхүүгийн системд болон бодит эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй үйл явдлыг илэрхийлсэн "системийн хэмжээний төсөөлөл";

 

  6.10.2.Томоохон зээлдэгч, банкны нэгдэл, банканд ноцтой сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй үйл явдлыг илэрхийлсэн "өвөрмөц шинжтэй үйл явдлын төсөөлөл";

 

  6.10.3.Энэ журмын 6.10.1, 6.10.2-т заасан "хосолсон төсөөлөл".

 

 6.11.Банк нь хүндрэлт нөхцөлийн төсөөллийг богино болон урт хугацаагаар   боловсруулна.

Долоо. Олон нийттэй харилцах стратеги

 

 7.1.Банк тогтворжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргүүлэх стратегийг боловсруулсан байна.

 

 7.2.Банк зах зээлд үүсч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх зорилгоор олон нийттэй харилцах стратегийг боловсруулахдаа банкны хүрээнд болон олон нийтэд чиглэсэн байна.

 

 7.3.Олон нийттэй харилцах стратегид хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэр гаргалтын дэс дараалал зэргийг хугацаа болон хариуцах албан тушаалтны хамт тодорхойлсон байна.

 

Найм. Банкны урьдчилсан бэлтгэл арга хэмжээ

 

 8.1.Банк тогтворжуулах төлөвлөгөөг боловсруулах явцад түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлэх, хугацаа хэмнэх болон цаашид сайжруулах шаардлагатай урьдчилсан бэлтгэл арга хэмжээг тодорхойлно.

 

 8.2.Банкны урьдчилсан бэлтгэл арга хэмжээнд хэрэгжүүлэх ажил, хэрэгжилтийн шийдвэр гаргалтын үйл явц зэргийг хугацаа болон хариуцах албан тушаалтны хамт тодорхойлно.

 

Ес. Тогтворжуулах төлөвлөгөөг тайлагнах

 

  9.1.Банк нь тогтворжуулах төлөвлөгөөг энэхүү журамтай нийцүүлэн дараах хавсралтуудын хамт жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан Монголбанканд бичгээр болон цахим хэлбэрээр ирүүлнэ.

   

   9.1.1.Банкны бүтэц зохион байгуулалтыг 1 дүгээр хавсралтаар;

   9.1.2.Банкны салбар, нэгжийн мэдээллийг 2 дугаар хавсралтаар;

   9.1.3.Банкны системд болон банканд ач холбогдол бүхий үйл ажиллагааг тодорхойлох мэдээлэл буюу банкны зээлийн мэдээллийг 3а дугаар хавсралтаар, эх үүсвэрийн мэдээллийг 3б дугаар хавсралтаар, тэнцлийн гадуурх мэдээллийг 3в дугаар хавсралтаар;

 

   9.1.4.Тогтворжуулах арга хэмжээний урьдчилан сэргийлэх болон хэрэгжүүлж эхлэх түвшинг 4 дүгээр хавсралтаар;

 

   9.1.5.Хүндрэлт нөхцөлийн төсөөллийн нөлөөлөл болон тогтворжуулах арга хэмжээний үр дүнг 5 дугаар хавсралтаар.

 

  9.2.Монголбанк тогтворжуулах төлөвлөгөөг шаардлага хангаагүй гэж үзвэл 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор банканд мэдэгдэнэ. Банк мэдэгдэл авснаас хойш ажлын 20 хоногийн дотор шинэчлэн ирүүлнэ.

 

  9.3.Банкны бүтэц зохион байгуулалтад тогтворжуулах төлөвлөгөөнд нөлөөлөхүйц хэмжээгээр өөрчлөлт орсон, санхүүгийн болон зохистой харьцааны үзүүлэлтүүд эрс муудсан эсвэл богино хугацаанд муудаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд банк тогтворжуулах төлөвлөгөөг нэн даруй шинэчлэн Монголбанканд хүргүүлнэ.

 

 

Арав. Хяналт, хариуцлага

 

 10.1.Монголбанк нь Банкны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь заалтын дагуу банкнаас ирүүлсэн тогтворжуулах төлөвлөгөөг шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажиллана.

 

 10.2.Монголбанк нь энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, журмын заалтыг зөрчсөн этгээдэд Банкны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.