- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн
65 тоот тогтоолын хавсралт
ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ХОЛБООНЫ
СҮЛЖЭЭНД ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилт нь Харилцаа холбооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо ашиглах зориулалтаар дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журам нь Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан холбоо, мэдээллийн сүлжээний төрөлд хамаарна.
1.3.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан сувагчлал, багана, цамхаг, байр, талбай болон бусад зүйлсийн цогцолбор хамаарахгүй бөгөөд хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх аливаа дамжуулагч орчин, /утас, радио долгион, орон зай зэрэг/ түүнийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагчийг тус тус хамааруулна.
1.4.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахад Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.5.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг байгуулж, ашиглахдаа аж ахуйн нэгж, байгууллага нь дотооддоо ашиглах зориулалтаар байгуулах, ашиг олох зорилгоор бусдад ашиглуулахгүй, эзэмшүүлэхгүй байх, харилцаа холбооны нийтийн болон тусгай хэрэглээний сүлжээний бодлого, зохицуулалттай уялдсан байх зарчмыг баримтална.
1.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн байгуулсан дотоодын хэрэглээний холбооны сүлжээний өмчлөгч нь байх бөгөөд харилцаа холбооны нийтийн болон тусгай хэрэглээний сүлжээний бодлого, зохицуулалттай харшлахгүйгээр өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгална.
Хоёр. дотоодын хэрэглээний холбооны сүлжээнд тавигдах шаардлага
2.1.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээг Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага байгуулна.
2.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний холбооны сүлжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага"-ын 2 дугаар зүйлийн 2.3 дах хэсгийн 2.3.3 дах заалтад заасан хот суурин газрын сүлжээний хамрах хүрээгээр байгуулна.
2.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний холбооны сүлжээг байгуулж суурилуулахдаа Харилцаа холбооны зохицуулах хорооны "Б ангиллын Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрөл эзэмшигчээр гүйцэтгүүлнэ.
2.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь улс хоорондын болон хот хоорондын дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахгүй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон "А ангиллын Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (Мэдээлэл холбооны үндсэн сүлжээ)" тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэн ашиглана.
2.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний холбооны сүлжээ байгуулахдаа "А ангиллын Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харилцаа холбооны шугам /холбооны худаг, сувагчлал, багана, байр талбай, цамхаг/ ашиглах бөгөөд бусад хэлбэрээр байгуулахгүй.
2.6.Энэхүү журмын 2.5 дах хэсэгт заасан холбооны худаг, сувагчлал байхгүй эсхүл холбооны худаг, сувагчлалаар хүргэх боломжгүй тохиолдолд "А ангиллын Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сүлжээг түрээсэлнэ.
2.7.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээтэй аж ахуйн нэгж, байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тухай бүр гаргаж ирүүлнэ.
2.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний холбооны сүлжээг зөвхөн тухайн байгууллагын дотоод хэрэглээг хангах зориулалтаар байгуулна. Нийтийн үйлчилгээнд төлөвлөгдсөн радио давтамж болон цахилгаан холбооны дугаарлалт олгохгүй.
Гурав. ашиглалт
3.1.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээний ашиглалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон "А ангиллын Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр хариуцуулан ажиллуулж болно.
ДӨРӨВ. ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ХОЛБОЛТ ХИЙХ
4.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний холбооны сүлжээг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-д заасан харилцаа холбооны нийтийн үйлчилгээний болон бусад дотоод хэрэглээний сүлжээнд холбохгүй ба сүлжээ хоорондын харилцан холболт хийхгүй.
4.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний сүлжээ болон түүний зарим хэсгийг харилцаа холбооны үйлчлэгчээс үйлчилгээ авах зорилгоор үйлчлэгчийн эзэмшилд шилжүүлж, ашиглуулж болно.
4.3.Энэ журмын 4.2 дах хэсэгт заасан үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд аль ч талдаа эзэмшил шилжүүлсэнтэй холбоотой төлбөр төлөхгүй. Харин ашиглалттай холбоотой зардал, төлбөрийг гэрээгээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
4.4.Дотоодын хэрэглээний холбооны сүлжээ бүхий аж ахуйн нэгж, байгууллага нь харилцаа холбооны үйлчилгээг "Б ангиллын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрөл бүхий суурин холбооны үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжин цахилгаан холбооны үйлчилгээг тухайн сүлжээний дугаараар болон интернетийн үйлчилгээгээр дамжуулан авна.
4.5.Аж ахуйн нэгж, байгууллага нь дотоодын хэрэглээний сүлжээг нийтийн үйлчилгээний сүлжээнд холбохдоо өөрийн сүлжээг халдлагаас хамгаалах арга хэмжээг бүрэн авсан байна.
4.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 4.2-т заасан үйл ажиллагааг хийх явцад бусдад учруулсан хохирлыг буруутай этгээд бүрэн хариуцаж, хохирлыг арилгана.
ТАВ. ХЯНАЛТ
5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Харилцаа холбооны зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
5.2.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A