- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны
5 дугаар сарын 10-ны өдрийн
А-91 дүгээр тушаалын хавсралт
ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ журмын зорилго нь Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргагчид тавих шаардлагыг тодорхойлох, хүсэлт гаргагч нь хууль тогтоомжид заасан шаардлага, нөхцөлийг хангасан эсэхийг судалж хяналт тавих, зөвшөөрөл эзэмшигчид тавих шаардлага, зөвшөөрлийн нөхцөлийг тогтоох, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журам нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцтэй байна.
1.3.Энэ журамд заасан нэр томьёог Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тодорхойлсон утгаар ойлгоно.
1.4.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1 болон 10.2-т заасны дагуу Монголбанк нь энэ журмын шаардлагыг хангасан этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дангаар нь, эсхүл хамтад нь олгоно:
1.4.1.Систем ажиллуулах;
1.4.2.Төлбөрийн карт /цаашид "карт" гэх/ гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.3.Карт хүлээн авах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.4.Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх;
1.4.5.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.6.Аутсорсингийн үйлчилгээ авах;
1.4.7.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх;
1.4.8.Цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх.
1.5.Хүсэлт гаргагч нь энэ журмын 1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл авах, сунгах хүсэлт гаргасан этгээд байна.
1.6.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.3-т заасны дагуу төлбөр тооцооны системийг зөвхөн Монголбанк ажиллуулах бөгөөд тус систем нь "Банксүлжээ" систем байна.
1.7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.24-т заасан карт нь ISO/IEC 7810 ID-1 стандартын бэлдэц дээр картын мэдээллийг хэвлэсэн, EMV стандарт хангасан чип болон соронзон тууз бүхий төлбөрийн хэрэгсэл байна.
1.8.Карт, картын мэдээлэл ашиглан, эсхүл хэрэглэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хооронд тохирсон аливаа хэлбэрийн мэдээлэл ашиглан гүйлгээ үүсгэж байгаа төхөөрөмж, программ хангамж нь цахим мэдээ үүсгэгч байна.
1.9.Бараа, ажил үйлчилгээний төлбөрийг цахим мөнгө, карт зэрэг Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгсэл ашиглан банкин дахь, эсхүл цахим мөнгө гаргагч дээрх дансанд хүлээн авахаар гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд нь мерчант байна.
1.10.Карт хүлээн авагчийн системд холбогдсон, карт, картын мэдээллээр идэвхжиж гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч нь АТМ байна.
1.11.Карт хүлээн авагчийн системд холбогдсон, төлбөр хийх зориулалтаар мерчант дээр байршуулсан, карт, картын мэдээллээр идэвхжиж гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч нь ПОС төхөөрөмж байна.
1.12.Карт хүлээн авагч өөрийн салбар, нэгжид байршуулж, системд холбогдсон, картаар идэвхжиж гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч нь ПОБ төхөөрөмж байна.
1.13.Монголбанкнаас тодорхойлсон шаардлагыг хангасан, ₮ картын лого бүхий, дотоодод болон олон улсад төлбөрт ашиглагдах карт нь Үндэсний төлбөрийн карт (цаашид "₮ карт" гэх) байна.
1.14."₮ карт"-ын оноосон нэр нь "Төгрөг карт" байх бөгөөд олон улсад ашиглах нэр нь "₮ card" байна.
1.15.Олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагатай хамтран гаргасан, тухайн байгууллагын карт хүлээн авах сүлжээнд ашиглах боломжтой ₮ карт нь Хосолсон-брэнд[1] ₮ карт байна.
1.16.Карт гаргагчийг бусдаас ялгах зорилгоор олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, эсхүл Монголбанкнаас олгосон картын дугаарын эхний 6-10 орныг илэрхийлэх тоон дараалал нь БИН дугаар байна.
1.17.Чип уншуулах үйлдэл нь картын чипийг цахим мэдээ үүсгэгч төхөөрөмжид уншуулан картын гүйлгээ үүсгэх үйлдэл байна.
1.18.Зайнаас унших үйлдэл нь картын чип болон бусад хэрэгслийг цахим мэдээ үүсгэгчид зайнаас уншуулан картын гүйлгээ үүсгэх үйлдэл байна.
1.19.Карт, картын мэдээлэл ашиглаж цахим мэдээ үүсгэгчийн тусламжтайгаар мөнгөн хөрөнгө шилжүүлэх, төлбөр төлөх, худалдан авалт хийх, дансны үлдэгдэл шалгах, бэлэн мөнгөний орлого, зарлага хийх, ПИН код өөрчлөх, баримт авах зэрэг үйлдэл нь картын гүйлгээ байна.
1.20.Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний төлбөр, татвар, торгууль, хураамжийн төлбөр нь төрийн үйлчилгээний төлбөр байна.
1.21.Орон сууцны ус, цахилгаан, дулааныг ханган нийлүүлэх байгууллага, СӨХ, конторын төлбөр нь орон сууцны хэрэглээний төлбөр байна.
1.22. Картын мэдээллийг токен буюу 16-19 орон бүхий үл давтагдах тоон дараалалаар орлуулах, тухайн токеныг картын мэдээллээр эргүүлэн солих нь токенжуулах үйлдэл байна.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
1.23.Төлбөрийн картын мэдээллийг токенжуулан, ПОС дээр биет бус төлбөрийн картаар төлбөр тооцоо хийх боломжийг олгож байгаа программ хангамжийг хариуцан ажиллуулж байгаа этгээд нь цахим хэтэвч байна.
1.24.Цахим мэдээ үүсгэгч ашиглан мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр, зээл төлөх, худалдан авалт хийх, бэлэн мөнгөний орлого, зарлага хийх гэх мэт үйл ажиллагаа нь санхүүгийн гүйлгээ байна.
1.25.Дансны үлдэгдэл шалгах, гүйлгээний хуулга авах, үйлчилгээний эрх сунгах, хаах, нууц үг, түүнтэй адилтгах мэдээллийг солих гэх мэт энэ журмын 1.24-д зааснаас бусад үйл ажиллагааг цахим мэдээ үүсгэгч ашиглан гүйцэтгэх нь санхүүгийн бус гүйлгээ байна.
ХОЁР. ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч
2.1.Хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.1.1.Хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.9-т заасан шууд бус оролцогч байх тохиолдолд төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий нэг банкийг өөрийн төлбөр тооцооны төлөөлөгчөөр сонгосон;
2.1.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь клирингийн, эсхүл төлбөр тооцооны системийн оролцогч болохоос өмнө тухайн системийн оператортай техникийн хамтарсан туршилт хийж, хоёр талаас баталгаажуулсан;
2.1.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь QR код ашиглан гүйлгээ дамжуулах, хүлээн авахдаа Монголбанкнаас баталсан QR кодын цахим мэдээний бүтэц, зааврыг мөрдөж ажилладаг байх;
2.1.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу хэрэглэгчийг таньж мэдэх үйл ажиллагааг тодорхой тусгасан дотоод журам, заавар, хяналтын тогтолцоог бий болгосон;
2.1.5.Гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж төлбөрийн үйлчилгээ тасалдах, осол, гэмтэл гарах үед үйл ажиллагааны найдвартай, тасралтгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөтэй;
2.1.6.Хэрэглэгч, мерчантын мөнгөн хөрөнгийг найдвартай хадгалах, хамгаалах, гүйлгээний нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан мэдээллийн технологийн дэд бүтэцтэй;
2.1.7.Хэрэглэгчийн данснаас зарлагын гүйлгээ хийх бүрд тухайн гүйлгээний мэдээллийг үйлчилгээний төлбөргүйгээр мэдэгдэж байх боломжийг бүрдүүлсэн;
2.1.8.Хэрэглэгчийн хийсэн аливаа гүйлгээний түүх, гүйлгээний үе шат бүрийн талаарх мэдээллийг гаргах боломж бүхий системтэй байх;
2.1.9.Төлбөрийн үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгч, мерчант болон бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс гаргасан гомдол, санал, маргаантай гүйлгээг цаг тухайд нь хүлээн авч шийдвэрлэх, тэдгээрт лавлагаа мэдээлэл өгөх үйл ажиллагааны талаар тусгасан дотоод журам, заавартай байх;
2.1.10.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүдэн төлбөрийн үйлчилгээг зогсоох үед хэрэглэгч, мерчантын авлагыг барагдуулахтай холбоотой авах арга хэмжээний талаар тусгасан журамтай байх;
2.1.11.Хүсэлт гаргагч нь хэрэглэгчтэй байгуулах гэрээнд дараах зүйлсийг тусгана:
2.1.11.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, хадгалах, ашиглах тухай;
2.1.11.2.Хэрэглэгч нь ПИН код буюу гүйлгээг баталгаажуулахад ашиглагдах, зөвхөн тухайн хэрэглэгч мэдэж байх тоо, үсэг, тэмдэгтийн дараалал, түүнтэй адилтгах бусад мэдээллийг нууцлах, түүнийг хаяж үрэгдүүлсэн, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх тухай;
2.1.11.3.Хэрэглэгч нь өөрийн данснаас түүний зөвшөөрөлгүй хийгдсэн аливаа шилжүүлэг болон бүртгэлийн алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн тохиолдолд төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх тухай;
2.1.11.4.Хэрэглэгчийг таньж баталгаажуулах арга, хэрэгсэл болон баталгаажуулсан гэж үзэх нөхцөл;
2.1.11.5.Хэрэглэгч тухайн гүйлгээг илгээхийг зөвшөөрсөн, баталгаажуулсан гэж үзэх нөхцөл;
2.1.11.6.Хэрэглэгч гомдол, маргаан үүсгэх нөхцөл, шийдвэрлэх арга зам, хугацаа;
2.1.11.7.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүдэн төлбөрийн үйлчилгээг зогсоох үед хэрэглэгчийн авлагыг барагдуулахтай холбоотой авах арга хэмжээ, эрх, үүрэг.
2.1.12.Хүсэлт гаргагч нь мерчанттай байгуулах гэрээнд дараах зүйлсийг тусгана:
2.1.12.1.Монголбанкны зөвшөөрөлтэй төлбөрийн хэрэгслийг бараа, ажил, үйлчилгээний төлбөрт хүлээн авах тухай;
2.1.12.2.Төрийн үйлчилгээний төлбөр, орон сууцны хэрэглээний төлбөр төлөхөөс бусад картын гүйлгээ хийх тохиолдолд мерчант нь карт эзэмшигчээс шимтгэл авахгүй байх тухай;
2.1.12.3.Мерчант нь Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр хүлээн авах тухай;
2.1.12.4.Мерчантаас гомдол, маргаан үүсгэх нөхцөл, шийдвэрлэх арга зам, хугацаа;
2.1.12.5.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосноос үүдэн төлбөрийн үйлчилгээг зогсоох үед мерчантын авлагыг барагдуулахтай холбоотой авах арга хэмжээ, эрх, үүрэг.
2.1.13.Хүсэлт гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;
2.1.14.Хүсэлт гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй байх;
2.1.15.Монголбанкнаас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг бүрдүүлсэн байх бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө нь гуравдагч этгээдийн шаардлагаас ангид, тухайн этгээдийн санхүүгийн тайлан, татвар төлөлтийн тайлангаар батлагдсан хууль ёсны үйл ажиллагааны орлого байна.
Систем ажиллуулах хүсэлт гаргагч
2.2.Хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.Санхүүгийн мэдээний олон улсын ISO20022, эсхүл ISO8583, мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдлын ISO27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
2.2.2.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан;
2.2.3.Алдаатай, эсхүл нэр, данс зөрсөн гүйлгээ дамжихгүй байх нөхцөлийг хангаж, үүссэн маргааныг шийдвэрлэх тогтолцоотой;
2.2.4.Монголбанкны Банксүлжээ системийн үйл ажиллагаа хариуцсан нэгжтэй техникийн туршилт хийж, хоёр талаас баталгаажуулсан;
2.2.5.Хүсэлт гаргагч нь төлбөр тооцооны эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монголбанкны шаардлагын дагуу оролцогчийн үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг тухайн оролцогчийн төлбөр тооцооны данс дахь мөнгөн хөрөнгийн боломжит дүнгээс илүүгүй байхаар хязгаарлах техник технологийн боломжийг бүрдүүлсэн;
2.2.6.Системийн дүрэмтэй байх бөгөөд дүрэмд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаас гадна дараах зүйлсийг тусгаж, Монголбанканд хянуулсан байна:
2.2.6.1.Оролцогчид тавих шаардлага, мэдээллийн технологи болон бусад техникийн шаардлага;
2.2.6.2.Оролцогчийг системд бүртгэх, хязгаарлах буюу түр хугацаагаар идэвхгүй болгох, бүртгэлээс хасах үйл ажиллагаа;
2.2.6.3.Гүйлгээ дамжуулах, баталгаажуулах, үр дүнгийн тооцоолол хийх, үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг Монголбанканд дамжуулах хуваарь, зарчим, буцаан дуудах, гүйлгээг эцсийн, үл буцаагдах гэж үзэх нөхцөл;
2.2.6.4.Оролцогч төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсны улмаас системд учруулах эрсдэлийг хязгаарлах, удирдах арга хэмжээ;
2.2.6.5.Тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах тухай (системд өөрчлөлт, шинэчлэлт хийх, төлөвлөгөөт зогсолт болон гэнэтийн саатал гарсан үед авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тусгасан байх);
2.2.6.6.Маргаан шийдвэрлэх зарчим, хугацаа;
2.2.6.7.Үйлчилгээний хөлс, шимтгэл, хураамжийн хэмжээ, түүнийг тооцох, суутгах зарчим.
2.2.7.Хүсэлт гаргагч нь системийн дүрмийг боловсруулахдаа оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, ижил нөхцөлөөр үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримталдаг байх;
2.2.8.Хүсэлт гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;
2.2.9.Хүсэлт гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй байх.
Хүсэлт гаргагчийн мэдээллийн технологи, тасралтгүй ажиллагаанд тавих шаардлага
2.3.1.Дотоод сүлжээ, вэбсайт, сервер, бусад тоног төхөөрөмж рүү гаднаас халдах боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлж, байгууллагын мэдээллийн системийг аливаа сэжиг бүхий, эсхүл зөвшөөрөгдөөгүй хандалтаас хамгаалах галт хана суурилуулсан байх бөгөөд энэ нь интернэт болон бусад сүлжээгээр дамжин байгууллагын мэдээллийн системд хандах эрсдэлийг авч үзсэн байх;
2.3.2.Хэрэглэгчийн болон гүйлгээний мэдээлэлд хандаж байгаа бүх хандалтыг хянаж, бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгосон байх;
2.3.3.Гүйлгээ хийх, нууц мэдээлэл дамжих үед тухайн мэдээллийг дамжуулах эхний цэгээс хүлээн авах эцсийн цэг хүртэл өндөр нууцлалтай шифрлэх, гүйлгээний бүх үе шатанд (шифрлэх, мэдээлэл дамжуулах, хадгалах) хэрэглэгчийн гүйлгээ үүсгэх, дансанд хандахад ашиглагдах нууц үг, түүнтэй адилтгах бусад мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангасан байх;
2.3.4.Мэдээллийн технологийн үндсэн систем, техник, тоног төхөөрөмж (цаашид үндсэн төв гэх) гэмтэх, аливаа саатал гарах үед үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэн хэвийн үргэлжлүүлэх хүчин чадал бүхий нөөц систем, мэдээллийн сан, дэд бүтэцтэй байх (цаашид нөөц төв гэх);
2.3.5.Мэдээллийн технологийн нууцлал аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх бодлого, журам, заавартай байх бөгөөд үүнд мэдээллийг шифрлэх, шифрлэсэн нууц мэдээллийг тайлж уншихтай холбогдсон түлхүүр, алгоритмыг зөвшөөрөлгүй этгээд олж мэдэхээс хэрхэн сэргийлэх, үндсэн төв болон нөөц төвийн сервер, серверийн өрөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар тусгасан байх;
2.3.6.Нөөц төвийг үндсэн систем байршиж байгаа газар нутагт тохиолдож болох эрсдэлийг харгалзан үзэж, ижил эрсдэл зэрэг үүсэхээргүй зайд байршуулсан байх;
2.3.7.Үндсэн төв болон нөөц төвийг шууд холбосон байх;
2.3.8.Хүсэлт гаргагчийн үндсэн төвийг операторын үндсэн төвтэй үндсэн ба нөөц шугамаар шууд холбосон байх;
2.3.9.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч, операторын нөөц төвүүдийг шууд холбосон байх;
2.3.10.Үндсэн болон нөөц систем байршиж байгаа барилга байгууламжид агаарын чийгшил тохируулагч систем, гал унтраах систем, аваар осол мэдрэгч төхөөрөмж, тог баригч байршуулсан байхаас гадна цахилгааны нэмэлт эх үүсвэртэй холбосон байх;
2.3.11.Энэ журмын 2.3.10-т заасан цахилгааны нэмэлт эх үүсвэрээр үйл ажиллагааг хамгийн багадаа 24 цаг явуулах боломжтой байх;
2.3.12.Үндсэн болон нөөц системд хандах эрх бүхий ажилтнуудын тухайн системд хандан хийж болох үйлдэл, хандалтын эрхийн хязгаарлалт, хандалт бүрийг тухайн ажилтан тус бүрээр тодорхойлж, баримтжуулдаг байх;
2.4.Монголбанкны ажиллуулж байгаа клирингийн систем, Монголбанкнаас систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд, тэдгээрийн оролцогчдын гэнэтийн саатлын хугацаа нэг сард тухайн системийн нийт ажиллах цагийн 0.1 хувиас илүүгүй, төлөвлөгөөт зогсолтын хугацаа нэг сард 4 цагаас илүүгүй байна.
2.5.Зайлшгүй шаардлагаар үндсэн болон нөөц төвийн үйл ажиллагааг зэрэг хамарсан программ, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх тохиолдолд энэ журмын 2.4-т заасан төлөвлөгөөт зогсолтын хугацааг Монголбанканд албан бичгээр мэдэгдэж тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно.
2.6.Төлбөрийн системийн үйл ажиллагаа 2 минутаас дээш хугацаагаар, төлөвлөгөөт бусаар хэсэгчлэн болон бүрэн зогсох нь гэнэтийн саатал байна.
ГУРАВ. ХҮСЭЛТ ГАРГАГЧИД ТАВИХ НЭМЭЛТ ШААРДЛАГА
Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх хүсэлт гаргагч
3.1.Төлбөр тооцооны төлөөлөгч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 36.5-т заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.Монголбанкнаас олгосон банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
3.1.2.Сүүлийн хоёр жилийн хугацаанд Банксүлжээ систем дэх клирингийн системийн үр дүнгийн төлбөр тооцоог цаг тухайд нь найдвартай гүйцэтгэж, заавал байлгах нөөцийн шаардлагыг бүрэн хангасан байх;
3.1.3.Шууд бус оролцогчийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх зорилгоор Монголбанкан дахь өөрийн харилцах дансны мөнгөн хөрөнгөөс тодорхой дүнг нөөцлөх буюу тусгаарлахыг зөвшөөрсөн.
Карт гаргах хүсэлт гаргагч
3.2.Хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-2.5-т зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
3.2.1.Карт нь олон улсын EMV стандартын шаардлагыг хангасан байх;
3.2.2.Карт нь карт хүлээн авах зөвшөөрөл бүхий бүх оролцогчийн ПОС төхөөрөмж дээр уншигдаж худалдан авалт, буцаалт, төрийн үйлчилгээний төлбөр, орон сууцны хэрэглээний төлбөрийн гүйлгээ хийх боломжтой байх;
3.2.3.Карт нь карт хүлээн авах зөвшөөрөл бүхий бүх оролцогчийн АТМ, ПОБ төхөөрөмж дээр уншигдаж бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ, дансны үлдэгдэл шалгах гүйлгээ хийх боломжтой байх;
3.2.4.Цахим худалдаа хийх буюу карт ашиглан интернэтээр бараа, ажил үйлчилгээний төлбөр төлөх, худалдан авалт хийх боломжтой байх;
3.2.5.Карт гаргагч нь хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээнд суурилсан сэжигтэй гүйлгээг илрүүлэх чадамж бүхий программ хангамжтай байх;
3.2.6. Цахим хэтэвчинд зөвхөн олон улсын стандартын дагуу үүсгэсэн токен ашиглах, гүйлгээ илгээх;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
3.2.7.₮ картыг Монголбанкнаас баталсан загвар, шаардлагын дагуу гаргах;
3.2.8.₮ картын загвар дээрх холограмыг зөвхөн Монголбанк хэвлүүлж, карт гаргагч, картын бэлдэц нийлүүлэгч нарт хүргүүлнэ.
Карт хүлээн авах хүсэлт гаргагч
3.3.Хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-2.5-т зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
3.3.1.ПОС төхөөрөмжөөр карт хүлээн авах тохиолдолд олон улсын "EMV (contact level 1, level 2 type approval) стандарт"-ын сертификат бүхий ПОС төхөөрөмжтэй байх;
3.3.2.ПОС төхөөрөмжөөр карт хүлээн авах тохиолдолд карт гаргах зөвшөөрөлтэй бүх оролцогчийн гаргасан картыг өөрийн ПОС төхөөрөмж дээр хүлээн авч, худалдан авалт болон буцаалтын гүйлгээ хийх боломжтой байхаас гадна бүх төрлийн баталгаажуулалттай картын гүйлгээг хүлээн авах чадамжтай байх;
3.3.3.АТМ, ПОБ төхөөрөмжөөр карт хүлээн авах тохиолдолд карт гаргах зөвшөөрөлтэй бүх оролцогчийн гаргасан биет картыг өөрийн АТМ, ПОБ төхөөрөмж дээр хүлээн авч, бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ, дансны үлдэгдэл шалгах гүйлгээ хийх боломжтой байх;
3.3.4.Цахим худалдааны гүйлгээг хүлээн авах тохиолдолд карт гаргах зөвшөөрөлтэй бүх оролцогчийн картыг хүлээн авч, цахим худалдааны гүйлгээ хийх боломжтой байх;
3.3.5.АТМ болон хэрэглэгч өөртөө үйлчилж, гүйлгээ үүсгэх боломж бүхий цахим мэдээ үүсгэгч төхөөрөмж байршиж байгаа газарт хэрэглэгчийн нүүр царай харагдахуйц хяналтын камер суурилуулсан байх;
3.3.6.Картын систем нь ухаалаг гар утас болон бусад цахим төхөөрөмжид суурилсан, олон улсын стандартын дагуу токеноор орлуулсан картын мэдээлэл бүхий гүйлгээг хүлээн авч, дамжуулах боломжтой байх.
Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагч
3.4.Хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-2.5-т зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
3.4.1.Банкнаас бусад цахим мөнгө гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
3.4.2.Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөөр баталгаажиж, мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагддаг байх;
3.4.3.Цахим мөнгөний үйлчилгээ нь бусдаас ялгарах өөрийн гэсэн оноосон нэртэй байх;
3.4.4.Цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөнд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөдөг байх;
3.4.5.Цахим мөнгө гаргах, түүнийг мөнгөн хөрөнгөнд хөрвүүлэх, гүйлгээ хийх болон төлбөр төлөх үйл ажиллагааг зохицуулсан дүрэм, журамтай байх;
3.4.6.Хэрэглэгчийн болон дансны бүрэн мэдээллийг агуулсан, нарийвчилж хөтлөх боломж бүхий бүртгэлийн системтэй байх бөгөөд тус систем нь:
3.4.6.1.Цахим мөнгөний хөдөлгөөнийг хянах;
3.4.6.2.Нийт цахим мөнгө болон хэрэглэгчийн данс дахь цахим мөнгөний тоо хэмжээг хянах;
3.4.6.3.Хэрэглэгчийн зөвшөөрсөн хэмжээнээс илүү гүйлгээ хийх, данс андуурсан зэрэг санамсаргүй үйлдэл, луйврын болон сэжигтэй гүйлгээг илрүүлэх, гүйлгээг зогсоох, буцаах, түүнээс үүсэх маргааныг шийдвэрлэх боломжтой байх.
3.4.7.Хүсэлт гаргагч нь өөрийн гаргах цахим мөнгөнд баталгаа болгож мөнгөн хөрөнгө байршуулах зорилгоор баталгааны данс нээсэн байх;
3.4.8.Цахим мөнгө гаргагч нь банк бол баталгааны дансыг Монголбанканд, банкнаас бусад хуулийн этгээд бол Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг сүүлийн дөрвөн улирлын турш тогтмол хангаж ажилласан банканд байршуулах;
3.4.9.Хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 35.4-т заасан нөхцөлийг хангасан байх;
3.4.10.Бүртгэлгүй хэрэглэгч нь цахим мөнгө гаргагчтай гэрээ байгуулахгүйгээр цахим мөнгөний үйлчилгээ авах иргэн, хуулийн этгээд байх.
Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх хүсэлт гаргагч
3.5.Хүсэлт гаргагч нь энэ журмын 2.1 болон 2.3-2.5-т зааснаас гадна дараах нэмэлт шаардлагыг хангасан байна:
3.5.1.Мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх этгээд нь "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 5.1.5-т заасан харилцах данс нээх эрх бүхий этгээдээс бусад этгээд байх тохиолдолд хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг өөр дээрээ байршуулахгүй байх;
3.5.2.Энэ журмын 3.5.1-т заасан этгээд нь банк, цахим мөнгө гаргагч дээрх хэрэглэгчийн дансанд хандаж мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлэг хийх бол тухайн хэрэглэгчээс бусад этгээд дансанд хандах, гүйлгээ үүсгэх боломжгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байх;
3.5.3.Дараах үйл ажиллагааг тусгасан гэрээ болон бусад баримт бичигтэй байна:
3.5.3.1.Банк, цахим мөнгө гаргагч, хэрэглэгч, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тэдгээрийн хооронд үүсэх маргаан шийдвэрлэх зохицуулалт;
3.5.3.2.Банк, цахим мөнгө гаргагчтай холбогдон ажиллах мэдээллийн технологийн шийдэл, ажиллах зарчим, мэдээллийн нууцлал, хадгалалт, дамжуулалт, боловсруулалтын талаарх дэлгэрэнгүй зохицуулалт;
3.5.3.3.Хэрэглэгч тухайн үйлчилгээг авахыг зөвшөөрөх нөхцөл.
Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргагч
3.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь гүйлгээ дамжуулах, хүлээн авах, боловсруулах, гүйлгээний нууцлал, аюулгүй байдал, мэдээллийн сангийн үйл ажиллагааг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх буюу аутсорсингийн үйлчилгээ авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана.
3.7.Оператор нь аутсорсингийн үйлчилгээ авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана.
3.8.Монголбанк нь тухайн этгээдэд аутсорсингийн үйлчилгээ авах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ дараах нөхцөлийг гэрээнд тусгасан байхыг шаардана:
3.8.1.Хүсэлт гаргагч нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд энэ журамд заасан мэдээллийн аюулгүй байдлын холбогдох шаардлагыг тавьж, хэрэгжилтийг хянадаг байх, шаардлагатай мэдээлэлд цаг алдалгүй хандах боломжтой байх тухай;
3.8.2.Хүсэлт гаргагч болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, төлбөрийн үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдал алдагдахгүй байх тухай;
3.8.3.Хүсэлт гаргагчийн удирдлагын үүрэг хариуцлага шилжихгүй байх тухай;
3.8.4.Хүсэлт гаргагчийн хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаанд нөлөөлөхгүй байх тухай;
3.9.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь аутсорсингийн үйлчилгээ авснаар энэ журмын нөхцөл, шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
3.10.Хүсэлт гаргагч нь аутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн найдвартай ажиллагаа, мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал болон аутсорсингоор дамжуулан үзүүлсэн төлбөрийн үйлчилгээний хариуцлагыг хүлээнэ.
Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч
3.11.Гэрээт төлөөлөгч нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн системийг ашиглан хэрэглэгчийн шилжүүлгийг хийх, төлбөр төлөх, хэрэглэгчээс бэлэн мөнгө хүлээн авах, бэлэн мөнгө олгох зэрэг үйл ажиллагааг эрхэлж болно.
3.12.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан этгээд нь үйл ажиллагааг эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор тухайн гэрээт төлөөлөгчийг Монголбанканд бүртгүүлнэ.
3.13.Гэрээт төлөөлөгчийн мэдээллийн технологийн нууцлал, аюулгүй байдал болон гэрээт төлөөлөгчөөр дамжуулан үзүүлсэн төлбөрийн үйлчилгээний хариуцлагыг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
ДӨРӨВ. ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
4.1.Хүсэлт гаргагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 11.1.12 болон 11.3.12-т заасан шаардлагын дагуу энэ журмын хавсралт 2-т заасан баримт бичгийг, хавсралт 1-т заасан өргөдлийн хамт Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан бичгээр өгнө.
4.2.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд бусад төрлийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл хүсэх бол энэ журмын хавсралт 2-т заасан (зөвхөн шинээр эрхлэх гэж байгаа үйл ажиллагаатай холбогдон үүсэх өөрчлөлтийг тусгасан) баримт бичгийг, хавсралт 1-т заасан өргөдлийн хамт Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан бичгээр өгнө.
4.3.Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргагч нь энэ журмын хавсралт 3-т заасан баримт бичгийг, хавсралт 1-т заасан өргөдлийн хамт Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан бичгээр өгнө.
4.4.Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргагч банк нь энэ журмын хавсралт 4-т заасан баримт бичгийг, хавсралт 1-т заасан өргөдлийн хамт Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан бичгээр өгнө.
4.5.Гэрээт төлөөлөгчөөр дамжуулан төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагч нь энэ журмын хавсралт 5-д заасан баримт бичгийг, хавсралт 1-т заасан өргөдлийн хамт Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан бичгээр өгнө.
4.6.Хүсэлт гаргагч нь энэ журмын 4.1-4.5-д заасан баримт бичгийг өгөхдөө Үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон энэ журамд заасан шаардлагыг хэрхэн хангаж байгаа тухай тайлбарыг хавсаргана.
4.7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 33.1-т заасны дагуу хүсэлт гаргагч нь материал өгөхөөс өмнө зөвшөөрлийн материал хүлээж авах, хянах үйлчилгээний хураамжийг төлнө.
4.8.Зөвшөөрөл авах хүсэлтийг судлах, зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацаа сунгах, татгалзахтай холбоотой харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 11.4, 11.5, 11.6, 15.1, 15.2, 15.3, 15.5, 15.6, 15.7, 33.1-д, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2, 11-т, 5.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу зохицуулна.
4.9.Монголбанкны хянан шалгагч нь зөвшөөрлийн материал шалгах явцад тухайн хүсэлт гаргагчийн үйл ажиллагаа явуулах барилга байгууламж, систем, мэдээллийн санд нэвтэрч тоног төхөөрөмж, программ хангамж, баримт бичиг, үйл ажиллагаатай танилцаж болно.
4.10.Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, түдгэлзүүлсэн зөвшөөрлийг сэргээхтэй холбоотой харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 19 дүгээр зүйл заасны дагуу зохицуулна.
4.11.Зөвшөөрлийг сэргээхдээ түдгэлзүүлсэн хугацааг нөхөн олгохгүй.
ТАВ. ТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
5.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын бага дүнтэй бодит цагийн гүйлгээ, багцын гүйлгээ болон картын гүйлгээг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн ажиллуулж байгаа Автомат клиринг хаус систем, Төлбөрийн картын клирингийн систем, эсхүл Монголбанкны зөвшөөрөл бүхий клирингийн системээр дамжуулах бөгөөд төлбөр тооцоог шууд оролцогчийн Монголбанкан дахь дансаар гүйцэтгэнэ.
5.2.Монгол Улсын Сангийн яам, Монголын үнэт цаасны клирингийн төв, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, банк, банкны эрх хүлээн авагчаас бусад төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.9-д заасны дагуу Банксүлжээ системд шууд бусаар оролцох буюу төлбөр тооцооны төлөөлөгчийн Монголбанкан дахь дансаар дамжуулан төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
5.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгч (энэ журмын 3.4.10-т зааснаас бусад), клирингийн төв, гэрээт төлөөлөгч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөр тооцооны төлөөлөгч, мерчанттай хамтран ажиллахдаа талуудын эрх үүргийг тодорхой тусгасан гэрээ байгуулна.
5.4.Хэрэглэгч, мерчанттай гэрээ байгуулахаас өмнө "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль"-д заасны дагуу түүнийг таньж мэдэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
5.5.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн оролцож байгаа системийн дүрэм, стандартыг дагаж мөрдөнө.
5.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, түүний ил тод байдлыг хангах, хэрэглэгчийг хамгаалах талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
5.7.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хуульд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгч, мерчантаас төлбөр тооцоо хийх зорилгоор байршуулсан мөнгөн хөрөнгийг тухайн этгээдийн анхны шаардлагаар гаргаж өгнө.
5.8.Хэрэглэгчийн интернэт болон мобайл төхөөрөмж ашиглан эхлүүлсэн мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийг гүйцэтгэхээс өмнө тухайн хэрэглэгчид гүйлгээ хүлээн авагчийн мэдээллийг харуулж, баталгаажуулна.
5.9.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, системийн дүрэмд өөрөөр зааснаас бусад тохиолдолд:
5.9.1.Хэрэглэгчийн төлбөрийг саатуулж үл болно;
5.9.2.Гүйлгээг хүлээн авсан даруй төлбөр хүлээн авагчийн дансанд тусгана;
5.9.3.Хэрэглэгчийн хувийн болон гүйлгээний мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад зориулалтаар ашиглахгүй.
5.10.Хэрэглэгчээс гаргасан гомдол, маргаан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн тухай бүртгэл, хэрэглэгчийн гүйлгээний цахим мэдээг тухайн гүйлгээ үүссэн өдрөөс эхлэн хамгийн багадаа таваас доошгүй жил тус тус хадгална.
5.11.Гэрээ болон хуульд өөрөөр заагаагүй бол хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр данснаас зарлагын гүйлгээ хийхийг хориглоно.
5.12.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, түүний гэрээт төлөөлөгч нь тухайн гүйлгээг эрх олгогдоогүй этгээд үүсгэсэн, хууль бус гэж сэжиглэх үндэслэлтэй болон энэ журмын 2.1.11.2, 2.1.11.3-д заасан нөхцөл байдал үүссэн даруй гүйлгээний эрхийг тухайн нөхцөл байдал арилах хүртэлх хугацаагаар хааж, цаашид гарч болох эрсдэлээс хамгаална.
5.13.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн системд гэмтэл, саатал үүсэж, эсхүл төлөвлөгөөт зогсолтын улмаас хэрэглэгчийн төлбөр саатах тохиолдолд нөхцөл байдлын талаар тухай бүр хэрэглэгчдэд мэдэгдэж, зогсолт, саатлыг хурдан хугацаанд засаж, үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах арга хэмжээг авна.
5.14.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний нөхцөл, хөлс, шимтгэл, хураамжид өөрчлөлт оруулах бол хэрэглэгчид урьдчилан мэдэгдэнэ.
5.15.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн хийж байгаа санхүүгийн болон санхүүгийн бус аливаа гүйлгээнээс шимтгэл авах тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 26.4-т заасны дагуу гүйлгээ хийгдэхээс өмнө шимтгэлийн дүн, тайлбарыг тодорхой харуулна.
5.16.Хэрэглэгчид олгох нууц үг, бусад нууцлах шаардлагатай мэдээллийг битүүмжилсэн байдлаар хүлээлгэн өгөх, эсхүл хэрэглэгчээс бусад этгээд олж мэдэх боломжгүй байх нөхцөлийг хангасан байна.
5.17.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгч тухайн төлбөрийн хэрэгсэл, түүнтэй холбоотой нууц үг, гүйлгээ үүсгэхэд ашиглагдах бусад мэдээллийг гээж үрэгдүүлэх, бусдад алдах тохиолдолд гарч болох эрсдэлийн талаар болон хууран мэхлэх, залилангийн шинжтэй гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар хэрэглэгчийг мэдээллээр хангана.
5.18.Системд саатал, гэмтэл гарах үед арга хэмжээ авах зорилгоор мэдээллийн технологи болон төлбөр тооцоо хариуцсан албан тушаалтан, тэдгээрийг орлох албан тушаалтны нэрсийн жагсаалт, холбоо барих утас болон бусад мэдээллийг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь солилцох бөгөөд нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох бүрт харилцан мэдэгдэнэ.
5.19.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг жилд нэг болон түүнээс дээш удаа турших бөгөөд ингэхдээ төлбөрийн үйлчилгээний мэдээллийн технологийн үйл ажиллагааг хамгийн багадаа 12 цагийн турш нөөц төв рүү бүрэн шилжүүлнэ.
5.20.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн систем, бүтэц зохион байгуулалтад дараах өөрчлөлт хийхээс 30 хоногийн өмнө тухайн өөрчлөлттэй холбоотой саналаа Монголбанканд танилцуулж, шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргуулна:
5.20.1.Зөвшөөрөлтэй эрхэлж байгаа үйл ажиллагааны хүрээнд шинэ технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхийн өмнө тухайн шинэчлэлттэй холбоотой үүссэн, анх зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримт бичиг, гэрээ хэлцэл, техник технологи, программ хангамжид өөрчлөлт орох;
5.20.2.Гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөх;
5.20.3.Aутсорсингийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд болон төлбөр тооцооны төлөөлөгч өөрчлөгдөх, клирингийн болон төлбөр тооцооны системд холбогдох;
5.20.4.Карт гаргагч нь зөвшөөрөлд заагдаагүй брэндийн карт шинээр гаргах;
5.20.5.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн нэр, үйлчилгээний нэр, албан ёсны хаяг өөрчлөгдөхөөс өмнө Монголбанканд энэ тухайгаа хавсралт 8-д заасан маягтын дагуу мэдэгдэх бөгөөд Монголбанк дүгнэлт гаргасны дараа нэрийг солино.
5.21.Аутсорсингийн үйлчилгээ авснаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, операторын дотоод хяналтын үйл ажиллагаа хязгаарлагдахгүй байна.
5.22.Аутсорсингийн үйлчилгээ авснаар төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, операторын энэ журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд Монголбанкны тавих хяналт хязгаарлагдахгүй байна.
5.23.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь энэ журмын 2.1 болон 2.3-2.5-т заасан бүх шаардлага, мөн 3.1-3.13-т заасан өөрийн үйл ажиллагаанд хамаарах хэсгийн шаардлагыг зөвшөөрөл эзэмших хугацаандаа тогтмол хангана.
5.24.Энэ журмыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирлыг төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
Карт гаргах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
5.25.Карт гаргагч нь энэ журмын 5.1-5.24-т заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ:
5.25.1."₮ карт" гаргах тохиолдолд дотоодын цахим худалдааны эрхийг нээсэн байна;
5.25.2.Цахим худалдааны ПИН кодоор баталгаажуулсан гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцна;
5.25.3.Цахим худалдааны CVV код, эсхүл токеноор баталгаажуулсан гүйлгээг зөвшөөрнө;
5.25.4.Өөрийн гаргах бүх чиптэй картын тохиргоог энэ журмын 5.36-д заасны дагуу тохируулна;
5.25.5.Картын чип уншуулж ПИН кодоор баталгаажуулсан, эсхүл алдаатай тохируулга хийгдсэнээс үүдэн баталгаажуулалт хийгдээгүй гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцна;
5.25.6.Чиптэй картыг зайнаас уншуулж, ПИН кодоор баталгаажуулсан гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцна;
5.25.7.Чип технологид шилжээгүй, соронзон тууз бүхий картын мэдээллийг хуулбарлаж хуурамч карт уншуулснаас үүдэн гарах эрсдэлийг хариуцна;
5.25.8.Энэ журмын 5.32-т заасан гүйлгээг QR код үүсгэж хийх үед Монголбанкнаас баталсан QR мессэж бүтэц дэх "төлбөр" ангиллаар, бусад гүйлгээг "худалдан авалт"-аар тус тус ангилж, дамжуулна.
5.26.Карт гаргагч нь Монголбанкнаас дүгнэлт авснаар олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагатай хамтран "Хосолсон брэнд ₮ карт" гаргаж болно.
5.27."Хосолсон брэнд ₮ карт"-д олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагаас олгосон БИН дугаарыг Монголбанканд бүртгүүлснээр ашиглаж болно.
5.28.Монголбанк нь "Хосолсон брэнд ₮ карт"-аар хийсэн гүйлгээнээс нэмэлт шимтгэл авч болно.
Карт хүлээн авах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
5.29.Бараа, үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авсан тохиолдолд карт хүлээн авагчийн авах гүйлгээний шимтгэлийн дээд хязгаар нь гүйлгээний үнийн дүнгийн 3 хувь байна.
5.30.АТМ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авах гүйлгээний шимтгэлийн хэмжээг 500 (таван зуун) төгрөгөөс дээшгүй байхаар тогтоох ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
5.31.ПОБ болон ПОС төхөөрөмж ашиглан 1,000,000 (нэг сая) төгрөг хүртэлх дүнтэй бэлэн мөнгө авахад (cashback) шимтгэлийн хэмжээ нь 500 (таван зуун) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
5.32. Төрийн үйлчилгээний төлбөрийг картаар хүлээн авсны шимтгэл нь 1,500 (нэг мянга таван зуу) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
5.321. Орон сууцны хэрэглээний төлбөрийг картаар хүлээн авсны шимтгэл нь 300 (гурван зуу) төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө.
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар нэмсэн.
5.33.Карт хүлээн авагч нь энэ журмын 5.32-д заасан төлбөрийг картаар хүлээн авах үйл ажиллагааг гуравдагч этгээдтэй хамтарч гүйцэтгэх эсэхээс үл хамаарч хэрэглэгчээс илүү шимтгэл авахгүй.
5.34.Карт хүлээн авагч нь энэ журмын 5.1-5.24-т заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ:
5.34.1.Карт хүлээн авах төхөөрөмжийн тохиргоог энэ журмын 5.36-т заасны дагуу тохируулна;
5.34.2.Цахим худалдааны CVV кодоор баталгаажуулсан гүйлгээнээс гарах эрсдэлийг хариуцна;
5.34.3.Чиптэй картыг зайнаас уншуулж 100,000 (нэг зуун мянга) төгрөг болон түүнээс доош дүнтэй ПИН кодоор баталгаажуулаагүй гүйлгээ хийсэн тохиолдолд гарах эрсдэлийг хариуцна;
5.34.4.Чиптэй картыг соронзон тууз уншуулж гүйлгээ хийх буюу картын соронзон туузыг цахим мэдээ үүсгэгчид уншуулан картын гүйлгээ хийснээс үүдэн гарах эрсдэлийг хариуцна;
5.34.5.Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагыг мерчантаар элсүүлэн, гэрээ байгуулна;
5.34.6.Энэ журмын 5.32-т зааснаас бусад тохиолдолд 5.29-д заасан шимтгэлийг карт эзэмшигч буюу хэрэглэгчээс авахыг хориглоно;
5.34.7.ПОС төхөөрөмжийг карт уншуулснаас хойш жаран секундийн дотор автоматаар анхны төлөвт шилжиж, дараагийн картыг хүлээн авахад бэлэн байхаар тохируулна;
5.34.8.ПОС төхөөрөмжийн тусламжтайгаар бэлэн мөнгө авах гүйлгээг[2] зөвхөн худалдан авалттай цуг хийнэ;
5.34.9.ПОС төхөөрөмжийн тохиргоонд тухайн мерчантын үйл ажиллагааны ангиллын кодыг[3] Монголбанкнаас гаргасан "Мерчантын үйл ажиллагааны ангиллын код"-ын дагуу бүртгэнэ;
5.34.10.Энэ журмын 5.32-т заасан гүйлгээг QR код үүсгэж хийх үед Монголбанкнаас баталсан QR мессэж бүтэц дэх "төлбөр" ангиллаар, бусад гүйлгээг "худалдан авалт"-аар тус тус ангилж, дамжуулна.
Карт гаргагч, хүлээн авагч, цахим хэтэвчийн нийтлэг эрх, үүрэг
5.35.Картаар хийх дараах төрлийн гүйлгээнд баталгаажуулалт шаардахгүй байж болно:
5.35.1.Картын соронзон туузыг уншуулсан 10,000 (арван мянган) төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээ;
5.35.2.Картын чипийг зайнаас уншуулсан 100,000 (нэг зуун мянган) төгрөг хүртэлх дүнтэй гүйлгээ.
5.36.Карт гаргагч, хүлээн авагч нь гүйлгээнд дараах байдлаар баталгаажуулалт шаардана:
5.36.1.Картын соронзон туузыг уншуулсан 10,000 (арван мянган) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН кодоор;
5.36.2.Цахим худалдааны токенжуулаагүй гүйлгээг ПИН код, эсхүл CVV кодоор;
5.36.3.Цахим худалдааны токенжуулсан гүйлгээнд энэ журмын 5.36.2-т заасан баталгаажуулалтыг шаардахгүй;
5.36.4.Ухаалаг гар утасны тусламжтайгаар, картаар идэвхжиж гүйлгээ хийдэг цахим мэдээ үүсгэгч буюу МПОС төхөөрөмжийн гүйлгээг гарын үсгээр;
5.36.5.Картын чип уншуулсан гүйлгээг ПИН кодоор;
5.36.6.Картын чипийг зайнаас уншуулсан 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН кодоор;
5.36.7.Картын чипийг дээд тал нь хорин удаа дараалан зайнаас уншуулж баталгаажуулалтгүй гүйлгээ хийсний дараа чип уншуулж ПИН кодоор.
5.36.8 Ухаалаг гар утас болон бусад цахим төхөөрөмжид суулгасан картын токенжуулсан мэдээллээр хийгдэх гүйлгээг тухайн ухаалаг цахим төхөөрөмж нь нууц дугаар оруулах, хурууны хээ, царай таних гэх мэт аргаар баталгаажуулж болно. Ингэж баталгаажуулсан гүйлгээнд ПОС төхөөрөмж нь давхар ПИН код шаардахгүй. Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар нэмсэн.
5.37.Карт гаргагч, хүлээн авагч нь шимтгэлийг дараах байдлаар хуваана:
5.37.1.Карт хүлээн авагч нь мерчант дээр хийгдсэн гүйлгээний үнийн дүнгийн 0.3 хувиас доошгүй хэмжээтэй шимтгэлийг карт гаргагчид төлнө (Төрийн үйлчилгээ төлбөр, орон сууцны хэрэглээний төлбөр төлөх гүйлгээнээс бусад);
5.37.2.Карт хүлээн авагч нь энэ журмын 5.32-т заасан шимтгэлийн 30 хувиас доошгүй хэмжээтэй шимтгэлийг, эсхүл хамгийн багадаа 30 (гуч) төгрөгийн шимтгэлийг карт гаргагчид төлнө.
5.38.Картын мэдээллийг токенжуулахад картын дугаар, эзэмшигчийн нэр, хүчинтэй хугацааг карт гаргагч нь заавал баталгаажуулсан байна.
5.39.Картын токенжуулсан мэдээллийг хадгалах дээд хугацаа нэг жил байна.
Цахим мөнгө гаргах зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
5.40.Цахим мөнгө гаргагч нь энэ журмын 5.1-5.24-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
5.40.1.Хэрэглэгчийн анхны шаардлагаар цахим мөнгө болон төгрөгийг харилцан хөрвүүлнэ;
5.40.2.Хэрэглэгчийн 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээг ПИН код, эсхүл биометрик нууцлал, түүнтэй адилтгах бусад арга хэрэгслээр баталгаажуулна;
5.40.3.Цахим мөнгө гаргахад хэрэглэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг 100 хувь баталгааны дансанд байршуулах, баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг эргэлтэд гарсан нийт цахим мөнгөнөөс дутаахгүй байна;
5.40.4.Баталгааны данс өөрчлөгдөх бүрд Монголбанканд ажлын 3 хоногт багтаан мэдэгдэнэ;
5.40.5.Баталгааны дансанд зөвхөн цахим мөнгө болон төгрөгийг харилцан хөрвүүлэхтэй холбоотой гүйлгээ болон түүний шимтгэлийн гүйлгээг хийнэ;
5.40.6.Баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зээлийн эх үүсвэр, хөрөнгө оруулах зэрэг өөр зорилгоор ашиглах, барьцаа хөрөнгө болгохыг хориглоно;
5.40.7.Цахим мөнгө гаргагч нь дампуурсан буюу төлбөрийн чадваргүй болсон, эсхүл татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд баталгааны дансан дахь мөнгөн хөрөнгийг зөвхөн хэрэглэгчийн цахим мөнгийг мөнгөн хөрөнгөд хөрвүүлэх зорилгоор ашиглана;
5.40.8.Цахим мөнгө гаргах зөвшөөрөлтэй этгээд нь энэ журмын 3.4-т заасан шаардлагыг тогтмол хангаж ажиллана;
5.40.9.Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна;
5.40.10.Цахим мөнгөнд хүү тооцохгүй;
5.40.11.Хэрэглэгчийн нэг удаад хийх зарлагын гүйлгээний дээд хэмжээ нь Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан бага дүнтэй гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаартай тэнцүү байна;
5.40.12.Нэг хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний дээд хэмжээ 20,000,000.00 (хорин сая) төгрөгөөс хэтрэхгүй;
5.40.13.Бүртгэлгүй хэрэглэгчийн дансан дахь цахим мөнгөний дээд хэмжээ 100,000.00 (нэг зуун мянга) төгрөг байна;
5.40.14.Бүртгэлгүй хэрэглэгчийн нэг өдөрт хийх зарлагын гүйлгээний дээд хязгаар 40,000.00 (дөчин мянга) төгрөг байна.
Төлбөр тооцооны төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл
эзэмшигчийн зөвшөөрлийн нөхцөл
5.41.Төлбөр тооцооны төлөөлөгч нь энэ журмын 5.1-5.24-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
5.41.1.Монголбанк болон шууд бус оролцогчтой төлбөр тооцоо гүйцэтгэх гэрээ байгуулна;
5.41.2.Шууд бус оролцогчийн төлбөр тооцоог өөрийн Монголбанкан дахь дансаар гүйцэтгэнэ;
5.41.3.Шууд бус оролцогчоос төлбөр тооцооны зорилгоор байршуулсан мөнгөн хөрөнгийг зөвхөн төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор ашиглана;
5.41.4.Төлбөр тооцооны төлөөлөгч нь шууд бус оролцогчийн төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллана;
5.41.5.Шууд бус оролцогч нарт ижил хөлс, шимтгэл, хураамж ногдуулж, үйлчилгээ авах эрх тэгш боломжоор хангана.
ЗУРГАА. СИСТЕМ АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН
ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
6.1.Монголбанкны ажиллуулж байгаа клирингийн болон төлбөр тооцооны системийг хариуцаж байгаа нэгж, Монголбанкнаас систем ажиллуулах зөвшөөрөл авсан этгээд нь дараах үүргийг хүлээнэ:
6.1.1.Оператор нь тухайн системийн оролцогч болон Монголбанктай хамтран ажиллах гэрээ байгуулна;
6.1.2.Оператор нь системийн дүрэмд заасны дагуу гүйлгээний боловсруулалт, дамжуулалтыг тасралтгүй хийж, гүйцэтгэх ба гэрээнд заасны дагуу тухайн системийн оролцогчоос үйлчилгээний хөлс, шимтгэл авч болно;
6.1.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргагчтай техникийн туршилт хийж, холбогдох дүгнэлтийг зөвшөөрөл хянан шийдвэрлэх хугацаанд багтаан гаргана;
6.1.4.Оролцогч хоорондын гүйлгээний үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг "Банксүлжээ" системд ажлын өдөр бүр нэг болон түүнээс дээш удаа боловсруулж, илгээнэ;
6.1.5.Оператор нь системийн нууцлал, аюулгүй байдал, тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллана;
6.1.6.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хөндлөнгийн аудитаар жилд нэг удаа баталгаажуулна;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар хассан.
6.1.7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу аутсорсингоор дамжуулан үзүүлсэн үйлчилгээний хариуцлагыг оператор хүлээнэ;
6.1.8.Оператор нь тасралтгүй ажиллагааны төлөвлөгөөг жилд нэг болон түүнээс дээш удаа бүх оролцогчдыг хамруулан турших бөгөөд ингэхдээ клирингийн системийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг хамгийн багадаа 12 цагийн турш нөөц төв рүү бүрэн шилжүүлнэ;
6.1.9.Гэнэтийн саатал гарч оролцогч хоорондын гүйлгээ, үр дүнгийн тооцооллын хаалтын дүнг Банксүлжээ системд дамжуулах үйл явц тус тус саатах тохиолдолд Монголбанкны хянан шалгагчид нэн даруй мэдэгдэнэ;
6.1.10.Операторын системд гэнэтийн саатал гарсан тохиолдолд саатлын талаар системийн оролцогчдод нэн даруй мэдэгдэж, засварлах хугацаа, авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, саатлыг богино хугацаанд арилгах, системийг хэвийн байдалд оруулах бүх арга хэмжээг авна. Шаардлагатай тохиолдолд оролцогчтой хамтран ажиллана;
6.1.11.Системд саатал, гэмтэл гарах үед мэдээлэл солилцох зорилгоор дундын цахим групп үүсгэсэн байх бөгөөд оролцогч болон операторын холбогдох албан тушаалтан солигдсон эсэхээс үл хамааран мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ;
6.1.12.Мэдээллийн технологи болон төлбөр тооцоо хариуцсан албан тушаалтан, тэдгээрийг орлох албан тушаалтны нэрсийн жагсаалт, холбоо барих утас зэрэг мэдээллийг оператор болон оролцогч нь харилцан солилцох бөгөөд нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох бүрд харилцан мэдэгдэнэ;
6.1.13. Оператор нь системийн дүрэмд болон системийн оролцогчийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц өөрчлөлтийг өөрийн системд хийх тохиолдолд ажлын 20-иос доошгүй өдрийн өмнө нийт оролцогч нарт болон Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид албан ёсоор мэдэгдэж, холбогдох зааврыг хүргүүлнэ;
Энэ хэсгийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А-195 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан.
6.1.14.Оператор нь энэ журмын 6.1.13-т заасан өөрчлөлтийг хэрэгжүүлэхээс өмнө оролцогчид ба харилцан холболт бүхий операторуудтай хамтарсан туршилт хийж, хяналт тавина. Шаардлагатай гэж үзвэл туршилтын явцад операторын зүгээс оролцогч болон харилцан холболт бүхий оператор нарт туслалцаа үзүүлнэ;
6.1.15.Системийн дүрэм, үйлчилгээний хөлс, шимтгэл, хураамжийн нөхцөлийг өөрийн цахим хуудсанд нийтэд ил тод байршуулна;
6.1.16.Монголбанкнаас шийдвэр гарсан тохиолдолд өөрийн системийн оролцогчийн гүйлгээнд хязгаарлалт тогтоох, гүйлгээг нь дамжуулахгүй байх арга хэмжээг авна;
6.1.17.Оператор нь өөрийн системээс оролцогчийг хасах буюу оролцогчтой хамтын ажиллагааг зогсоохоор шийдсэн тохиолдолд Монголбанкны төлбөрийн систем хариуцсан нэгжид болон тухайн оролцогчид энэ талаар зургаан сарын өмнө мэдэгдэнэ.
6.2.Оператор нь энэ журмын 2.1 болон 2.3-2.5-т заасан шаардлагыг зөвшөөрөл эзэмших хугацаандаа тогтмол хангана.
6.3.Оператор нь "Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн зарчим"-ын дагуу өөрийн үнэлгээг[4] жилд нэгээс доошгүй удаа хийж гүйцэтгэнэ.
ДОЛОО. ИННОВАЦИЙН ОФФИС
7.1.Төлбөрийн системийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор баталсан журам, заавар, дүрмийн талаар хуулийн этгээдэд мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авах үүрэг бүхий инновацийн оффисыг Монголбанкны төлбөрийн систем хариуцсан газар, нэгжээс хариуцан ажиллуулна.
7.2.Инновацийн оффис нь дараах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгнө:
7.2.1.Шинэлэг санаа, инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Монголбанкнаас баталсан журам, зааврыг хэрхэн хамааруулж ойлгох, ашиглах, мөрдөх;
7.2.2.Тухайн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхэд журам, зааврын хүрээнд тулгарч байгаа бэрхшээл, хязгаарлалт тогтоож байгаа зүйл заалтын талаар мэдээлэл солилцох.
7.3.Инновацийн оффис нь Монголбанкнаас зөвшөөрөл авсан эсэхээс үл хамаарах бүх хуулийн этгээд, тэдгээрийн төлөөлөгч нарт нээлттэй бөгөөд санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь шинэлэг санаа, инновац дээр суурилсан байх үндсэн шаардлагыг тавина.
7.4.Инновацийн оффист хандах этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
7.4.1.Санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь шинэлэг санаа, инновац дээр суурилсан байх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн;
7.4.2.Үйлчилгээ нь санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүй, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх чиглэлд ашиглагдах зорилго агуулаагүй;
7.4.3.Ижил төстэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй харьцуулахад хэрэглэгчдийн хүртэх үр ашиг, өрсөлдөх чадвараар илүү байх;
7.4.4.Хүсэлт гаргагч нь төлбөрийн системд хамаарах хууль, Монголбанкнаас баталсан журам, зааврын талаар уншиж судалсан;
7.4.5.Үйл ажиллагаа явуулахад үүсэж болзошгүй эрсдэлийг үнэлж, сэргийлэх арга хэрэгслийг бий болгосон байх.
7.5.Технологийн шийдэл нь зах зээлд нэвтэрсэн, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үр ашиг багатай, энэ журмын 7.4-т заасан шаардлагыг хангахгүй гэж Монголбанкнаас үзвэл тухайн этгээдийг инновацийн оффист хүлээн авахгүй.
НАЙМ. ХЯНАЛТ, ТАЙЛАН МЭДЭЭ, ХАРИУЦЛАГА
Хяналт
8.1.Монголбанк нь төлбөрийн системийн үйл ажиллагаанд зайнаас болон газар дээрх хяналт, шалгалтыг хэрэгжүүлнэ.
8.2.Монголбанк нь төлбөрийн системд дараах үндсэн чиглэлээр хяналт тавина:
8.2.1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль, дүрэм, журам, тушаал, заавар, гэрээ, Монголбанкнаас тавьсан шаардлагын дагуу явагдаж байгаа эсэх;
8.2.2.Иргэн, хуулийн этгээд нь Монголбанкны зөвшөөрөлгүйгээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж байгаа эсэх;
8.2.3.Монголбанкнаас үүсгэн байгуулж, ажиллуулж байгаа системийн оператор нь энэ журам, оролцогчтой байгуулсан гэрээ болон Монголбанкнаас баталсан төлбөрийн системд мөрдөх бусад эрх зүйн актыг үйл ажиллагаандаа мөрдөж байгаа эсэх.
8.3.Хяналт, шалгалтын явцад зөрчил илэрсэн тохиолдолд, эсхүл гомдол, мэдээллийн дагуу Монголбанкны хянан шалгагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна.
8.4.Монголбанк нь энэ журамд заасан зөвшөөрөл бүхий этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхдээ хянан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллагатай хамтарч болно.
8.5.Монголбанк нь газар дээрх хяналт, шалгалтыг урьдчилан төлөвлөсний дагуу (төлөвлөгөөт) болон гэнэтийн хэлбэрээр хэрэгжүүлнэ.
8.6.Төлөвлөгөөт шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн хүрээнд (Хавсралт 10) оператор, оролцогчид хийнэ.
8.7.Монголбанкны хянан шалгагч нь тодорхой мэдээлэлд үндэслэн Монголбанкны холбогдох удирдлагад танилцуулсны үндсэн дээр, эсхүл удирдлага, газрын захирлын өгсөн үүрэг даалгавар, удирдамжийн дагуу гэнэтийн шалгалтыг оператор, оролцогч нарт урьдчилан мэдэгдэлгүйгээр хийж болно.
8.8.Шалгалтыг хамрах хүрээгээр нь иж бүрэн ба хэсэгчилсэн гэж ангилна:
8.8.1.Иж бүрэн шалгалтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан хуваарь, удирдамжийн хүрээнд хийх ба оператор, оролцогчийн төлбөрийн системтэй холбоотой үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж, дүгнэлт өгнө;
8.8.2.Хэсэгчилсэн шалгалтыг оролцогч, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн оператор, оролцогчийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг шалгаж, дүгнэлт өгөх зорилгоор хийнэ.
8.9.Монголбанкны хянан шалгагч нь тухайн хяналт, шалгалтыг хийж дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор шалгалтын тайланг бэлтгэж, цаашид хийх шаардлагатай ажил, авах арга хэмжээний талаарх саналын хамт Монголбанкны удирдлагад танилцуулах бөгөөд шалгалтын тайлан нь дараах мэдээллийг агуулсан байна:
8.9.1.Шалгалтын зорилго, хэлбэр, хамрах хүрээ, чиглэл, шалгалт хийсэн огноо;
8.9.2.Шалгалтын явцад илэрсэн зөрчилтэй үйл ажиллагаа, зөрчил гаргасан этгээдийн нэр, албан тушаал, зөрчигдсөн хууль тогтоомжийн заалт;
8.9.3.Шалгалтын ажлын хэсгээс гаргасан дүгнэлт, авах арга хэмжээний талаарх санал, зөвлөмж;
8.9.4.Хууль, тогтоомж зөрчсөнийг нотлох баримт материалд үндэслэн ногдуулсан Улсын байцаагчийн акт, мэдэгдэл, шийтгэл;
8.9.5.Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, засаж залруулах талаар шуурхай арга хэмжээ авсан бол тайлбар;
8.9.6.Шалгалтын явцад санал, гомдол хүлээн авсан бол түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тайлбар;
8.9.7.Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх нотлох баримт бүхий тайлбар, дүгнэлт.
8.10.Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчилд Монголбанкны ахлах хянан шалгагч, хянан шалгагч нь улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох арга хэмжээ авна.
8.11.Иргэн, хуулийн этгээд, төлбөрийн системийн оролцогч нь төлбөрийн систем, төлбөрийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг Монголбанканд гаргаж болно.
8.12.Монголбанкны хянан шалгагч нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 10.1-т заасан зөвшөөрөл бүхий этгээдийн барилга багууламж, систем, мэдээллийн санд нэвтрэн данс, гүйлгээ, бүртгэлтэй танилцах, бусад баримт бичиг, төлбөрийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг шалгах эрхтэй бөгөөд тухайн байгууллагын ажилтнаас мэдээлэл авч болно.
8.13.Монголбанкнаас шаардлагатай гэж үзвэл хяналт, шалгалтын үр дүнг олон нийтэд мэдээлнэ.
8.14.Зөвшөөрөл бүхий этгээд нь Монголбанкнаас шаардсан тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 28.5-д заасны дагуу Монголбанканд бүртгэлтэй хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэнэ. Энэ нь тухайн байгууллагын жил тутам хийлгэдэг санхүүгийн аудитад хамааралгүй бөгөөд зөвхөн Монголбанкнаас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн байгууллагын үйл ажиллагаанд хийгдэх аудитыг ойлгоно.
8.15.Энэ журмын 8.14-д заасан аудит хийлгэхтэй холбогдон гарах бүх зардлыг тухайн этгээд бүрэн хариуцна.
Тайлан мэдээ
8.16.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, системийн оператор нь өөрийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-т заасны дагуу тайлан мэдээг үнэн зөв гаргаж, Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягт (Хавсралт 9)-ыг Монголбанканд албан бичгээр өгнө.
8.17.Цахим мөнгө гаргах зөвшөөрөл бүхий этгээд нь дараах тайлан мэдээг "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-т заасны дагуу боловсруулж, Монголбанканд өгнө:
8.17.1.Баталгааны дансны мэдээллийг тус зааврын хүснэгт 17-д заасны дагуу 7 хоног бүр гаргаж, дараагийн Лхагва гарагт;
8.17.2.Хэрэглэгч болон гүйлгээний тайланг тус зааврын хүснэгт 18, 19-т заасны дагуу сар тутам гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор албан бичгээр;
8.17.3.Цахим мөнгөний баталгааны дансны өдөр тутмын үлдэгдлийг улирал бүр банкаар баталгаажуулж, дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор албан бичгээр.
8.18.Картын үйл ажиллагаа эрхлэх этгээд нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын хүснэгт 1, 2, 3, 4, 6-д заасан тайланг сар тутам гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр өгнө.
8.19.Банк, мөнгөн хөрөнгийн цахим шилжүүлгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын хүснэгт 5, 7, 8, 9, 10-т заасан тайланг сар тутамд гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор, хүснэгт 20, 21-т заасан тайланг сар тутамд гаргаж, дараа сарын 15-ны өдрийн дотор Монголбанкны тайлангийн цахим системд оруулж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр өгнө.
8.20.Оператор нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын хүснэгт 11, 12, 13, 14-т заасан тайланг сар тутамд гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанканд цахимаар ирүүлж, тайлангийн баталгааны маягтыг (Хавсралт 9) дараа улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор Монголбанканд албан бичгээр өгнө.
8.21.Төлбөр тооцооны төлөөлөгч нь "Төлбөрийн системийн тайлан гаргах заавар"-ын хүснэгт 15, 16-д заасан тайланг сар бүр гаргаж, дараа сарын 10-ны өдрийн дотор Монголбанканд цахимаар өгнө.
8.22.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь төлбөрийн үйлчилгээтэй холбоотой үүссэн аливаа гомдол, маргааны талаарх үнэн зөв бүртгэл, тайлан хөтөлж, Монголбанкнаас шаардсан тохиолдолд тухайн мэдээллийг өгнө.
8.23.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон оператор нь энэ журмын 8.16-8.22-т заасан тайлан мэдээнээс гадна өөрийн үйл ажиллагаанд хамаарах Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээллийг тухай бүр өгнө.
8.24.Монголбанк нь дээрх тайлан мэдээг нэгтгэж, дараа улиралд багтаан олон нийтэд мэдээлнэ.
Хариуцлага
8.25.Энэ журмыг зөрчсөн, Монголбанкнаас гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилтан, албан тушаалтан, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Монголбанкны улсын байцаагч акт, мэдэгдэл хүргүүлэх болон Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
______o0o______
Текст томруулах
A
A
A