- Нүүр
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
- ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №20. 2023.07.17/
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 08
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний суурь тариф, бүсчлэлийн коэффициент"-ыг гуравдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, тохиолдлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:
2.1.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэрт:
1/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангах;
2/ Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, программд холбогдох өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах;
3/ Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг судалж, эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг бууруулах бодлогын арга хэмжээг тодорхойлох;
4/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр, дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн батлуулах;
5/ Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн зардлыг өөрийн үйл ажиллагааны орлого болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний орлоготой уялдуулах замаар зарцуулалтын эрхийг нээх, санхүүжилтэд хяналт тавих;
6/ Сэтгэцийн ба зан төрхийн эмгэгийн үзлэг, оношилгоо /ОХБ-41300018/, Өдрийн эмийн эмчилгээ /41330011/, Урт хугацааны сэтгэцийн тодорхойгүй эмгэг /41234521/ оношийн хамааралтай бүлэгт хамаарах F99 өвчнийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтаас хасаж буйтай холбогдуулан 2024 оны Эрүүл мэндийн сайдын багцын төсөвт уг тусламж, үйлчилгээний санхүүжилтийг тусгах.
2.2.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд:
1/ Эрүүл мэндийн даатгалын цахим (HICS) систем болон холбогдох программ хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;
2/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, сангийн тэнцлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3/ Эрүүл мэндийн байгууллага даатгуулагчаас холбогдох журамд заасныг зөрчиж нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;
4/ Тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ тогтоох, гэрээнд тусгах;
5/ Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх, даатгуулагчийг болон эрүүл мэндийн байгууллагыг мэдээллээр хангах;
6/ Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад журмын талаар сургалт зохион байгуулах;
7/ Тогтоолын хэрэгжилтэд бүтэн жилээр үнэлгээ хийх, үнэлгээний тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд хүргүүлэх;
8/ Эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах.
2.3. Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:
1/ Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.4.1, 6.4.8 дахь заалтыг санхүүгийн удирдлагын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох;
2/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, нэхэмжлэлийг хянахад шаардлагатай анхан шатны маягтын дагуух мэдээллийг цахим системд оруулж, бодит цагийн горимд шилжүүлж журамд заасны дагуу илгээх, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;
3/ Иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх;
4/ Эрүүл мэндийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн бодлоготой уялдуулан эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалтыг иргэн, даатгуулагчдад сөргөөр нөлөөлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулах.
5/ Иргэдийг эрүүл мэндийн даатгалын талаар үнэн зөв мэдээллээр хангах;
3.Сэтгэцийн ба зан төрхийн эмгэгийн үзлэг, оношилгоо /ОХБ-41300018/, Өдрийн эмийн эмчилгээ /41330011/, Урт хугацааны сэтгэцийн тодорхойгүй эмгэг /41234521/ оношийн хамааралтай бүлэгт хамаарах F99 өвчнийг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл санхүүжүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтаас хассугай.
4.Энэ тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний тарифыг тооцоход баримтлах бүсчлэлийн коэффициент"-ыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 2022 оны 01 дүгээр тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтыг хүчингүйд тооцсугай.
6.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Т.Батмөнх/-нд даалгасугай.
ДАРГА С.ЧИНЗОРИГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр, "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун"-г тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг дор дурдсан албан тушаалтанд даалгасугай:
2.1. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Д.Очирбатад)-д:
1/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх талаар эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар шуурхай хангаж, чиглэл бүхий албан даалгавар хүргүүлэх;
2/ Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хянахад ашиглаж байгаа удирдлага, мэдээллийн систем, программд холбогдох өөрчлөлт хийх ажлыг зохион байгуулах;
3/ Хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг судалж, эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, шаардлагагүй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг бууруулах бодлогын арга хэмжээг тодорхойлох;
4/ Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэр, дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн батлуулах;
5/ Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн зардлыг өөрийн үйл ажиллагааны орлого болон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний орлоготой уялдуулах замаар зарцуулалтын эрхийг нээх, санхүүжилтэд хяналт тавих;
6/ Тогтоолын хэрэгжилтийн үр дүнд явцын үнэлгээг жил бүр, эцсийн үнэлгээг тухайн тогтоол хүчингүй болсны дараах улиралд багтаан хийж, дүгнэлт гаргах, зөвлөмж, чиглэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд тухай бүр хүргүүлэх.
7/Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс үзүүлж буй зарим тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах цогц төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах;
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга (Л.Бямбасүрэн)-д:
1/ Эрүүл мэндийн даатгалын цахим (HICS) систем болон холбогдох программ хангамжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;
2/ Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, сангийн тэнцлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
3/ Эрүүл мэндийн байгууллага холбогдох журамд заасныг зөрчиж, даатгуулагчаас нэмэлт төлбөр авсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулах гэрээнд тодорхой тусгах;
4/ Оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг шинэчлэх, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, гэрээнд тусгах;
5/ Тогтоолын төслийн 2.2 дахь заалтын 4-т Оношийн хамааралтай бүлгийн жагсаалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудтай байгуулсан гэрээг 2024 оны 04 дүгээр сард багтаан шинэчлэх, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тоо хэмжээг тогтоох, гэрээнд тусгах гэж өөрчлөх;
6/ Энэхүү тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний жагсаалт, төлбөрийн хэмжээ, холбогдох журмын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлэх, даатгуулагчийг болон эрүүл мэндийн байгууллагыг мэдээллээр хангах;
7/ Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад тогтоолын талаар сургалт зохион байгуулах;
8/ Тогтоолын хэрэгжилтийн жил бүрийн тайланг Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлэх;
9/ Эрүүл мэндийн байгууллагуудаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл, анхан шатны маягтын дагуух мэдээллийг бодит цагийн горимоор хүлээн авч, холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах.
2.2.10.Эрүүл мэндийн яамнаас 2023 онд байгуулсан Хорт хавдрын дархлаа эмчилгээний зарим эмийг олон улсаас худалдан авах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд санхүүжүүлэх бөгөөд санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/
21.2.Төлбөрийг нь төр хариуцах эмийн жагсаалтад багтсан эмүүдэд импортын лиценз олгосон тухай мэдээллийг сар бүр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /Ш.Энхтуяа/-т үүрэг болгосугай.
/Энэ заалтыг ЭМДҮЗ-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 14 дүгээр тогтоолоор нэмсэн/
2.3. Эрүүл мэндийн байгууллагын дарга (захирал) нарт:
1/ Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтын дагуу жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж хэрэгжүүлэх, 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 6.4.8 дахь заалтын дагуу төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх;
2/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлэх, зардлын бүрэлдэхүүнд багтаагүй хөрөнгө оруулалт, том урсгал засвар, бараа үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхгүй байх зарчмыг санхүүгийн удирдлагад баримтлах;
3/ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны программ, нэхэмжлэлийг хянахад шаардлагатай анхан шатны маягтын дагуух мэдээллийг цахим системд оруулж, бодит цагийн горимд шилжүүлж журамд заасны дагуу илгээх, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;
4/ Иргэн, даатгуулагчаас журам, тогтоол, гэрээнд тусгаснаас өөр нэмэлт төлбөр авахгүй байх;
5/ Эрүүл мэндийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн бодлоготой уялдуулан эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалтыг иргэн, даатгуулагчид сөргөөр нөлөөлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулах,
6/ Иргэн даатгуулагчид эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, тогтоолын талаар үнэн зөв мэдээллээр хангах;
Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 2023 оны 08 дугаар тогтоол, 2022 оны 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. Энэхүү тогтоолыг холбогдох хууль, журамд заасны дагуу Хууль зүйн яаманд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга (Т.Батмөнх)-д даалгасугай.
ДАРГА С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A