A

A

A

Бүлэг: 1979

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2023

оны 06 дугаар сарын 30-ны өдрийн

384 дүгээр тогтоолын хавсралт

 

 ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

 НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Хадгаламж, зээлийн хоршоо (цаашид "ХЗХ" гэх)-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, түүнд тавих нөхцөл, шаардлага, Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоонд тавигдах шаардлагыг энэ журмаар зохицуулна.
 
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 505 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан. 
 

1.2. Энэхүү нөхцөл, шаардлага нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

ХОЁР. ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ШААРДЛАГА

2.1. ХЗХ нь үйл ажиллагаандаа хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж дараах  шаардлагыг хангана:

2.1.1.                        Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлах;

2.1.2.                        Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуулийн хугацаанд зарлан хуралдуулж Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүх гишүүдийн хурлын бүрэн эрхийн асуудлуудыг бүрэн хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргах, хуралдааны тэмдэглэлийг хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хөтөлж хурал хуралдсанаас хойш 30 хоногийн дотор Хороонд хүргүүлэх;

2.1.3.                        Хорооноос тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаx;

2.1.4.                        Актив хөрөнгийг холбогдох журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулах;

2.1.5.                        Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөтлөх;

2.1.6.                        Санхүүгийн тайланг Аудитын тухай хуульд заасны дагуу баталгаажуулах;

2.1.7.                        Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хугацаанд нь төвлөрүүлэх;

2.1.8.                        Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах;

2.1.9.                        Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 46.2-т заасны дагуу санхүүгийн болон зохистой харьцааны тайлан, статистик мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд зохих маягтын дагуу гаргаж Хороонд хүргүүлэх;

2.1.10.                    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу харилцагч/гишүүнийг таньж мэдэх ажиллагааг гүйцэтгэж, эцсийн өмчлөгчийг тогтоох арга хэмжээ авах, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны https://goaml.mongolbank.mn/ цахим системд бүртгүүлэн сэжигтэй гүйлгээг 24 цагийн дотор, 20 сая төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийг ажлын 5 хоногийн дотор мэдээлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг хагас жил тутам Хороонд цахимаар хүргүүлэх;

2.1.11.                    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14.1-д заасны дагуу хоршооны үйл ажиллагааны онцлогт нийцсэн "Дотоод хяналтын хөтөлбөр"-ийг боловсруулан бүх гишүүдийн хурлаар батлах, энэхүү хуулийн 14.4.11-т заасны дагуу дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилон, тогтмол хяналт тавьж ажиллах;

2.1.12.                    Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдтэй мэдээлэл өгөх, авах гэрээг байгуулах, зээлдэгч гишүүдийн мэдээллийг тогтмол нийлүүлэх, зээл олгох бүр мэдээллийн сангаас лавлагаа авч зээлийн эрсдэлээс сэргийлж ажиллах;

2.1.13.                    Хадгаламж болон зээлийн үйл ажиллагааны бодлогыг бүх гишүүдийн хурлаар батлах, уг бодлогод нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны журмыг тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталж мөрдүүлэх;

2.1.14.                    Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Хорооноос баталсан журам, заавар, загвар, зөвлөмжийн дагуу холбогдох дотоод журам, заавар, аргачлалыг бүх гишүүдийн хурал болон тэргүүлэгчдийн зөвлөлөөр баталж мөрдөх;

2.1.15.                    Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон салбарын захирал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34.3, 34.4, 34.11, 36.5, 38.5, 39.6, Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд  заасан шаардлагыг хангасан байх;

2.1.16.                    Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал болон салбарын захирал нь сонгогдож, томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;

2.1.17.                    Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, салбарын захирал болон нягтлан бодогч өөрчлөгдсөн бол энэхүү нөхцөл, шаардлагын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан өргөдөл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан шаардлагыг хангасан болохыг нотлох баримтын хамт ажлын 10 өдрийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх;

2.1.18.                    ХЗХ-ны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах 2-оос доошгүй ажилтан (гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч эсхүл гүйцэтгэх албаны бусад ажилтан)-тай байх;

2.1.19.                    Үйл ажиллагаа явуулах ажлын байр болон салбарын ажлын байр, техник, тоног төхөөрөмж, санхүүгийн программ хангамж нь тухайн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, шаардлагыг хангасан байх;

2.1.20.                    Үйл ажиллагаа явуулах ажлын байр болон салбарын ажлын байр нь барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан байх;

2.1.21.                    Санхүүгийн бэлэн бус гүйлгээг зөвхөн ХЗХ-ны нэр дээрх арилжааны банкин дахь дансаар хийх;

2.1.22.                    ХЗХ нь гишүүдийн бүртгэлийг тогтмол хөтлөх ба гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэл болон хувь хөрөнгийн өөрчлөлтийн мэдээллийг хагас, бүтэн жилээр Хороонд мэдэгдэх;

2.1.22.1.             Гишүүн хувь хүн бол бүртгэлд овог, нэр, регистрийн дугаар, хаяг, холбоо барих утас, оруулсан хувь хөрөнгийн хэмжээ, гишүүнээр элссэн огноо зэрэг мэдээллүүд багтсан байна.

2.1.22.2.             Гишүүн хуулийн этгээд бол бүртгэлд хуулийн этгээдийн регистрийн дугаар, хувьцаа эзэмшигчдийн тоо, хувьцаа эзэмшигчийн овог нэр, регистрийн дугаар, оруулсан хувь хөрөнгийн хэмжээ зэрэг мэдээллүүд багтсан байна.

2.1.23.                    Гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө тухайн иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого эсэхийг ХЗХ нь тухай бүр нягталдаг байх;

2.1.24.                    Салбар нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан гишүүнчлэлийн нөхцөлийг хангасан байх;

2.1.25.                    ХЗХ нь албан ёсны цахим шуудангийн хаяг /ХЗХ-ны нэрийг тусгасан/-тай байх, өөрчилсөн бол ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;

2.1.26.                    ХЗХ нь оноосон нэрээ өөрчилсөн тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан өргөдөл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, ХЗХ-ны дүрэмд тусгасан шинэчилсэн дүрэм болон бүх гишүүдэд оноосон нэрийн өөрчлөлтийн талаар мэдээлснийг нотлох баримтын хамт ажлын 5 өдрийн дотор Хороонд мэдэгдэх;

2.1.27.                    Ажлын байрны хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан өргөдөл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, ХЗХ-ны дүрэмд тусгасан шинэчилсэн дүрэм болон бүх гишүүдэд хаяг байршлын өөрчлөлтийн талаар мэдээлснийг нотлох баримтын хамт ажлын 7 өдрийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх;

2.1.28.                    ХЗХ нь салбар байгуулсан тохиолдолд энэхүү нөхцөл, шаардлагын 4 дүгээр хавсралтын дагуу гаргасан өргөдөл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, ХЗХ-ны дүрэмд тусгасан шинэчилсэн дүрэм болон бүх гишүүдэд салбарын талаар мэдээлснийг нотлох баримтын хамт ажлын 7 өдрийн дотор Хороонд бичгээр мэдэгдэх.

ГУРАВ. ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ

3.1. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн этгээд нь Зөвшөөрлийн тухай хууль болон Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасны дагуу доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж Хороонд ирүүлнэ.

3.1.1.             Зөвшөөрөл хүссэн албан бичиг;

3.1.2.             Энэхүү нөхцөл, шаардлагын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан зөвшөөрөл хүссэн өргөдөл;

3.1.3.             Үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэр /үүсгэн байгуулагчдын ирцийн бүртгэлийг хуралд оролцсон гишүүдийн гарын үсгээр баталгаажуулсан байх/;

3.1.4.             Үүсгэн байгуулагчдын хурлаас Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд нийцүүлэн баталсан ХЗХ-ны дүрэм, хадгаламжийн болон зээлийн бодлого, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны ажиллах журам, уг дүрэм, журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;

3.1.5.             Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлаар баталсан хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны журам, журмыг баталсан хурлын тэмдэглэл, шийдвэр;

3.1.6.             Гишүүдийн оруулж буй хувь хөрөнгө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан, хууль ёсны үйл ажиллагаанаас бий болсон орлого болохыг нотлох баримт, тайлбар тодруулгыг ирүүлэх ба уг мөнгөн хөрөнгийг ХЗХ-ны банкин дахь харилцах дансанд байршуулах;

3.1.7.             Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 34, 36 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн томилсон тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүд, хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон тухай бүх гишүүдийн хурлын тэмдэглэл шийдвэр, эдгээр албан тушаалтнуудын энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан анкет;

3.1.8.             ХЗХ-ны үүсгэн байгуулагч гишүүн бүр Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох асуулгыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргах;

3.1.9.                        ХЗХ-ны сонгуульт гишүүд, гүйцэтгэх захирал болон 20 сая төгрөг, түүнээс дээш оруулсан хувь хөрөнгө бүхий гишүүд эцсийн өмчлөгчийг тодорхойлох асуулгыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргах;

3.1.10.                    Энэхүү нөхцөл, шаардлагын 3 дугаар хавсралтын дагуу бэлтгэсэн санхүүгийн эхлэлтийн тайлан тэнцэл;

3.1.11.                    Бүх гишүүдийн хурлаар баталсан 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөө;

3.1.12.                    Шаардлагатай тохиолдолд тэргүүлэгчдийн зөвлөлийн дарга, гишүүн, хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, зээлийн хорооны дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын орон нутгийн хөгжил, хоршооны талаар мэдлэг, туршлагатайг нотлох тодорхойлолт;

3.1.13.                    Гүйцэтгэх захирлыг томилсон тухай тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр, тэргүүлэгчдийн зөвлөлийн даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан анкет;

3.1.14.                    Нягтлан бодогчийг томилсон тухай гүйцэтгэх захирлын тушаал, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ болон энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар хавсралтын дагуу гаргасан анкет;

3.1.15.                    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах "Дотоод хяналтын хөтөлбөр", дотооддоо мөрдөх журмыг бүх гишүүдийн хурлаар баталсан тэмдэглэл, шийдвэр, тус дотоод хяналтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилсон гүйцэтгэх захирлын тушаал;

3.1.16.                    Үйл ажиллагаа явуулах ажлын байр нь түрээсийн бол түрээсийн гэрээ, өөрийн өмчлөлийн бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар.

ДӨРӨВ. ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

4.1.Үндэсний холбоо дараах шаардлагыг хангана:
                        4.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт хадгаламж, зээлийн хоршоодын 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх;
                        4.1.2.Хоршооны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасан Хоршооллын нэгдсэн холбоонд гишүүнээр элссэн байх;
                        4.1.3.Адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран ажилладаг эсхүл гишүүнчлэлтэй байх;
                        4.1.4.Хадгаламж, зээлийн хоршооны салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг баталсан байх;
                        4.1.5.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасан шаардлагыг дүрэмдээ тусгасан байх.
            4.2.Үндэсний холбоог энэ журамд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг Хорооны хуралдаанаар тодорхойлж, санамж бичиг байгуулан хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллана.
Энэ заалтыг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 505 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан. 

---оОо---