- Нүүр
- Сайдын тушаал
- БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 7 дугаар сарын 06 өдрийн А/144, 348 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
БИЗНЕСИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хуулийн этгээдийн бизнесийн үнэ цэнийг тодорхойлох (цаашид "Бизнесийн үнэлгээ" гэх) үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Бизнесийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт (цаашид "ҮОУС" гэх), бусад холбогдох хууль, журам, аргачлалыг баримтална.
1.3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан бизнесийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээд хийнэ.
1.4.Энэ журмын 1.3-т зааснаас бусад бизнесийн үнэлгээг үнэлгээчин хийж болно.
Хоёр.Бизнесийн үнэлгээнд тавигдах шаардлага
2.1.Бизнесийн үнэлгээ хийх үнэлгээний хуулийн этгээд нь:
2.1.1.хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна;
2.1.2.үнэт цаасны зах зээлд оролцогчдод бизнесийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байна.
2.2.Бизнесийн үнэлгээ хийх үнэлгээчин нь мэргэжлийн байгууллагаас зохион байгуулсан бизнесийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байна.
2.3.Хэрэв нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид бизнесийн үнэлгээ хийх тохиолдолд үнэлгээчин нь холбогдох үйлчилгээг үзүүлж буй андеррайтерийн компанийн үндсэн ажилтан байна.
2.4.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь энэ тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан бизнесийн үнэлгээ хийх аргачлалыг баримтлан үнэлгээ хийнэ.
2.5.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь бизнесийн үнэлгээний зорилго, хэрэглэх үнэ цэний суурь, үнэлгээний өдөр, хугацаа зэрэг ажлын цар хүрээг үйлчлүүлэгчид танилцуулан гэрээт ажлын захидлаар баталгаажуулна.
2.6.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь бизнесийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний хараат бус байдлыг хангаж ажиллана.
2.7.Бизнесийн үнэлгээний аргачлалд ашигласан судалгаа, шинжилгээний үр дүн, ашигласан хорогдуулах болон капиталжуулах хувийг тухайн бизнесийн үнэлгээнээс өөр зорилгоор ашиглахгүй.
2.8.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээдийн хийсэн бизнесийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 8.3-т заасан зүйлийг тусгасан байна.
2.9.Үнэлгээчин, үнэлгээний хуулийн этгээд нь бизнесийн үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллагын тайлангийн мэдээллийн санд бүртгүүлэн цахим дугаарыг хэрэглэнэ.
2.10.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т заасны дагуу бизнесийн үнэлгээ хийх үйл ажиллагаа, бизнесийн үнэлгээний тайлантай холбоотой гомдлыг мэргэжлийн байгууллагад гарган шийдвэрлүүлнэ.
----оОо---
Текст томруулах
A
A
A