A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/257 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

 

ГЭРЭЭ ШУУД БАЙГУУЛАХ АРГЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БАРИМТЛАХ ДЭГ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 35 дугаар зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргын дагуу аж ахуй эрхлэгчтэй хэлэлцээ хийхэд энэ дэг, түүнд нийцүүлсэн захиалагчийн шийдвэрт үндэслэн зохион байгуулна.

 

1.2.Хуулийн 35.4-т зааснаар хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлсэн сонирхогч этгээдийн дунд хэлэлцээг зарлалд заасан хугацаанд зохион байгуулна.

 

1.3.Захиалагчийн байгуулсан үнэлгээний хороо хэлэлцээнд захиалагчийг төлөөлж оролцоно.

 

Хоёр.Хэлэлцээний зохион байгуулалт

 

2.1.Сонирхогч этгээд хэлэлцээнд цахим хэлбэрээр оролцохоо илэрхийлсэн бол захиалагч хэлэлцээ хийх газарт цахим хэлбэрээр оролцох боломжоор хангаж, нэвтрэх мэдээллийг бүх сонирхогч этгээдэд хүргүүлнэ.

 

2.2.Захиалагчаас байгуулсан үнэлгээний хорооны дарга хэлэлцээг даргалж, хэлэлцээний дарааллыг шаардлагатай гэж үзвэл энэ журмын 3.1-д зааснаас өөрөөр тогтоож болно.

 

2.3.Нэг сонирхогч этгээдийг төлөөлж хэлэлцээнд хоёроос дээшгүй этгээдийг оролцуулна.

 

2.4.Хэлэлцээний явцад хэлэлцээг үргэлжлүүлэн явуулахад саад учирч болох нөхцөл байгаа гэж үзвэл даргалагч хэлэлцээг түр завсарлуулж болно.

 

2.5.Хэлэлцээнд оролцох сонирхлоо илэрхийлсэн сонирхогч этгээд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэлэлцээнд оролцож чадаагүй бөгөөд хэлэлцээ эхлэхээс өмнө тендер шалгаруулалттай холбогдуулан хуулийн 35.8-д заасантай холбоотой мэдээлэл ирүүлсэн бол түүнийг хэлэлцээнд оролцогч гэж үзнэ.

 

2.6.Хуулийн 35.6-д заасан хэлэлцээний тэмдэглэлийг аудио, видео хэлбэрт буулгасан байна.

 

Гурав.Хэлэлцээний дараалал

 

3.1.Даргалагч хэлэлцээг дараах дарааллын дагуу удирдана. Үүнд:

 

3.1.1.хэлэлцээг нээж, хэлэлцээний дэгийг танилцуулах;

 

3.1.2.хэлэлцээнд оролцогчийг танилцуулах;

 

3.1.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авах хэрэгцээ, шаардлага, хуулийн 35.8-д заасан мэдээллийг танилцуулах;

 

3.1.4.хуулийн 35.8-д заасан мэдээлэлтэй холбоотой санал, мэдээлэл хэлэх дарааллыг тогтоох;

 

3.1.5.захиалагч хэлэлцээнд оролцогчоос асуулт асууж, хариулт авч дууссаны дараа таван минутаас илүүгүй хугацаанд багтаан үг хэлж болно.

 

3.2.Даргалагч хэлэлцээнд оролцогчоос асуулт асууж, хариулт авах хугацааг тогтоож болно.

 

3.3.Хэлэлцээнд гадаадын этгээд оролцох бол орчуулга хэрхэн явагдах талаар хэлэлцээний дэгийг танилцуулахад мэдээлнэ.

 

3.4.Даргалагч энэ дэгийн 2.5-д заасан хэлэлцээнд оролцогчоос ирүүлсэн мэдээллийг уншиж танилцуулан, хэлэлцээний тэмдэглэлд тусгуулна.

 

3.5.Хэлэлцээнд оролцогчоос асуулт асууж, хариулт авах хугацааг хэлэлцээний дэгийг танилцуулахад мэдээлнэ.

 

3.6.Хэлэлцээнд оролцогч хэлэлцээг хэвийн явуулахад саад учруулахгүйгээр оролцоно.

 

3.7.Цахим хэлбэрээр хэлэлцээнд оролцогчийн ашиглаж буй техник хэрэгсэл, интернэт хэвийн бус байдалд байгаа үндэслэлээр хэлэлцээг хойшлуулахгүй.

 

3.8.Хэлэлцээнд оролцогч даргалагчийн зөвшөөрлөөр санал, мэдээлэл хэлж, даргалагчийн зөвшөөрлөөр асуулт асууж, асуултад хариулна. 

 

Дөрөв.Бусад зүйл

 

4.1.Хэлэлцээний дэг зөрчсөн болон хэлэлцэж буй асуудалтай холбогдолгүй ёс бус үг хэлэх, эсхүл цахим программ хангамжид үг бичих, хэлэлцээ хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал хэлэлцээнд оролцогчид даргалагч нэг удаа сануулах, сануулга авсан оролцогч дахин дээр дурдсан үйлдэл гаргавал хэлэлцээнд оролцуулахгүй хасна.

 

4.2.Хэлэлцээний дэг зөрчсөн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.