- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ГАРГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, галын аюулгүй байдлыг хангуулах норм, стандарт, дүрэм, журам нь энэхүү журмыг хэрэгжүүлэх үндэслэл болно.
1.2. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах, цуцлах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
Хоёр. Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох
2.1. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан хүсэлт, холбогдох баримт бичгийн дагуу хяналт шалгалтыг батлагдсан хяналтын хуудас эсхүл шалгалтын тэмдэглэл хөтлөн зохион байгуулж шалгалтын дүнг үндэслэн Галын аюулгүй байдлын дүгнэлтийг дараах байдлаар олгоно. Үүнд:
2.1.1. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын галын аюулгүй байдлын дүгнэлтийг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан бүтцийн нэгжийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;
2.1.2. Гал түймрийн онц аюултай барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;
2.1.3. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн хэрэгслийн галын аюулгүй байдлын дүгнэлтийг тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарын серийн дагуу орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч, Улаанбаатарын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1 жилийн хугацаатай;
2.1.4. Гал түймрийн аюултай 1, 2, 3 дугаар зэргийн барилга байгууламжид тухайн орон нутгийн Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч энэ тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 2 жилийн хугацаатай;
2.1.5. Гэрээт гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч гэрээгээр ажиллаж байгаа байгууллагын барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулж гал түймрийн эрсдэлийн зэрэгт тохируулан энэ тушаалын хоёр, гуравдугаар хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягтыг хөтөлж 1, 2 жилийн хугацаатай тус тус олгоно.
2.2. Барилга байгууламжид галын аюулгүй байдлын дүгнэлт авахад иргэн, хуулийн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүргүүлнэ. Үүнд:
2.2.1.Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;
2.2.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
2.2.3. Газар олгосон тухай захирамж, кадастрын зураг;
2.2.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай Улсын комиссын дүгнэлт; /Барилгын тухай хуулийн 40.1.24-т заасны дагуу зөвшөөрөл шаардагдахгүй барилга байгууламжийн жагсаалтад орсон объект хамаарахгүй/
2.2.5. Барилга байгууламжийн гадна, дотор гэрэл зураг;
2.2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.2.7. Түрээсээр үйл ажиллагаа эрхлэх бол бол түрээсийн гэрээний хуулбар;
2.3. Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн хэрэгсэлд галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг тухайн орон нутгийн Онцгой байдлын байгууллагад, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд галын аюулгүй байдлын дүгнэлт авах хүсэлтийг гэрээт гал түймрийн улсын хяналтын байцаагчид дараах баримт бичгийг бүрдүүлж тус тус хүргүүлнэ. Үүнд:
2.3.1. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах тухай албан хүсэлт;
2.3.2. Тээврийн хэрэгсэл, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн гэрчилгээний хуулбар;
2.3.3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь байгууллага бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;
2.3.4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар;
2.3.5. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хуулбар;
2.3.6. Тээврийн хэрэгсэл, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний гадна, дотор гэрэл зураг зэргийг тус тус бүрдүүлнэ.
2.4. Дүгнэлт олгосон Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч нь үнэт цаасан дүгнэлтийн хэвлэмэл маягтад гарын үсэг зурж тэмдэг дарах бөгөөд тухайн орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулна.
2.5. Галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан тохиолдолд гал түймрийн улсын хяналтын байцаагч нь шалгалтад хамруулах хүсэлт бүхий барилга байгууламжид өөрчлөлт ороогүй, эрхлэх үйл ажиллагааны чиглэл өөчлөгдөөгүй тохиолдолд журмын 2.2.2-2.2.7, 2.3.2-2.3.6 дахь заалтад заасан баримт бичиг дахин бүрдүүлэхийг шаардахгүйгээр хяналт шалгалтыг зохион байгуулж шалгалтын дүнг үндэслэн дүгнэлтийг дахин олгож хугацаа дууссан галын аюулгүй байдлын дүгнэлтийг устгаж бүртгэл хөтөлнө.
2.6. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг зохион байгуулж, Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох боломжтой эсэхийг шийдвэрлэнэ.
3. Галын аюулгүй байдлын дүгнэлтийг цуцлах,
хүчингүй болгох
3.1. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагчийн албан ёсны шаардлагыг биелүүлээгүй, гал түймрийн зөрчил гарсан, галын аюулгүй байдлын шаардлага, дүрэм норм, стандартыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу галын аюулгүй байдлын дүгнэлтийг дараагийн шатны гал түймрийн улсын хяналтын /ахлах, ерөнхий/ байцаагч цуцалж болно.
3.2. Цуцлагдсан, хүчингүй болгосон дүгнэлтийг сэргээж сунгахгүй. Гал түймрийн улсын хяналтын /ахлах/ байцаагч дахин хяналт шалгалт хийж шалгалтын дүнг үндэслэн галын аюулгүй байдлын дүгнэлтийг шинээр олгоно.
3.3. Галын аюулгүй байдлын дүгнэлт нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарсан зөрчлийн болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Дөрөв. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
4.1.Иргэн, хуулийн этгээдийн эрх
4.1.1. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах;
4.1.2. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах талаар зөвлөгөө, мэдээлэл авах;
4.1.3. Галын аюулгүй байдлын дүгнэлт алдаатай буруу бол залруулах талаар хүсэлт гаргах;
4.1.4. Эрх бүхий этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн талаар холбогдох хуульд заасны дагуу гомдол гаргах;
4.1.5. Хуульд заасан бусад
4.2. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг
4.2.1. Журмын 2.2-т заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх;
4.2.2. Үйл ажиллагаа эрхлэхдээ Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулж галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах;
4.2.3. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахтай холбоотой журмын 2.2-т зааснаас бусад баримт, мэдээллийг эрх бүхий албан тушаалтанд өгөх;
4.2.4. Хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөх;
4.2.5. Хуульд заасан бусад
Тав. Галын аюулгүй байдлын дүгнэлт хэвлүүлэх,
санхүүгийн тайлан гаргах тооцох
5.1. Галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах, барилгын зураг төсөлд магадлал хийхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.
5.2. Галын аюулгүй байдлын дүгнэлтийн маягт хуудсыг Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж батлагдсан загварын дагуу хэвлүүлнэ.
5.3. Галын аюулгүй байдлын дүгнэлтийн үнэт цаасан хэвлэмэл маягт нь 20.2х28.7 см хэмжээтэй, тусгай дугаар, нууцлал бүхий тэмдгээр баталгаажсан байна.
5.4. Галын аюулгүй байдлын дүгнэлтийн үнэт цаасан хэвлэмэл маягт хуудас хэвлүүлэх зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
5.5. Санхүүгийн мэдээ, тайланг төв орон нутгийн Онцгой байдлын байгууллага нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, Сангийн яам, Татварын ерөнхий газраас батлан гаргасан зөвлөмж маягтын дагуу гаргаж, тухайн жилийн 07 дугаар сарын 01, дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлнэ.
Зургаа. Хяналт, хариуцлага
6.1. Галын аюулгүй байдлын дүгнэлт олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан бүтцийн нэгж хяналт тавьж ажиллана.
6.2. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны
11 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны
11 дүгээр сарын 10-ны өдрийн 75 дугаар
тушаалын гуравдугаар хавсралт
Текст томруулах
A
A
A