- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙТИЙН ӨМЧИЙН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙГ ХУВИЛАН ОЛШРУУЛАХ, ГЭРЭЛ ЗУРАГ, ДҮРС БИЧЛЭГ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 01 дүгээр
сарын 25-ны өдрийн 40 дүгээр
тогтоолын хавсралт
НИЙТИЙН ӨМЧИЙН Соёлын биет өвийг хувилан олшруулах,
гэрэл зураг, дүрс бичлэг хийх ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхтэй холбогдсон үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх үйл ажиллагаанд Соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай, Зөвшөөрлийн тухай, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж болон энэ журмыг мөрдөнө.
1.3.Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхэд дараах зарчмыг баримтална:
1.3.1.урьдчилан зөвшилцсөн байх;
1.3.2.соёлын биет өвд хохирол учруулахгүй байх;
1.3.3.харилцан ашигтай байх.
1.4.Хууль сахиулах байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн ул мөрийг бэхжүүлэх, нотлох баримт цуглуулах зэрэг зорилгоор нийтийн өмчийн соёлын биет өвийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийхэд энэ журмыг мөрдөхгүй.
Хоёр.Соёлын биет өвийг хувилан олшруулах
2.1.Иргэн, хуулийн этгээд нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах үйл ажиллагааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 53.1-д зааснаар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний олгосон зөвшөөрлийг үндэслэн хэрэгжүүлнэ.
2.2.Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, нийтэд мэдээлэх асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулна.
2.3.Иргэн, хуулийн этгээд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хувилан олшруулах үйл ажиллагааг эзэмшигч байгууллагатай нь, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хувилан олшруулах үйл ажиллагааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, гүйцэтгэнэ. Гэрээнд хувилан олшруулах үйл ажиллагааг гүйцэтгэх хугацаа, хувилан олшруулах тоо хэмжээ, санхүүжилт, хувилан олшруулсан эхийг ашиглах нөхцөл, талуудын эрх, үүргийг тусгана.
2.4.Хувилан олшруулсан эхийн нүдэнд үл харагдах хэсэгт "ХУУЛБАР /..он../" гэсэн бичвэрийг арилахгүй, устахгүй байхаар бичнэ.
2.5.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 53.5-д зааснаар 1:1 масштабаар хувилан олшруулсан эхийг давтан олшруулахгүй.
2.6.Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулахад ашигласан хэв, дардас, бусад зүйлийг гэрээнд оролцогч талуудыг байлцуулан нэн даруй устгалд оруулна.
Гурав.Гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх
3.1.Иргэн, хуулийн этгээд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх бол хүсэлтээ тухайн ажил эхлэхээс ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч байгууллагад гаргана.
3.2.Нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг судалж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хугацаанд хариуг хүргүүлнэ.
3.3.Нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшигч гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зорилгоор түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.11-д заасан зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
3.4.Нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх хүсэлт гаргасан бол соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
3.5.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшигч нь энэ журмын 3.1-д заасан гэрэл зураг авах, дүрс бичлэг хийлгэх үйлчилгээг төлбөртэй үзүүлж болно. Төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр эзэмшигч байгууллагын удирдлага тогтооно.
3.6.Иргэн, хуулийн этгээд ашиг олох зорилгоор музей, галерейн зориулалтаар ашиглаж байгаа нийтийн өмчийн түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын гадаад, дотоод орчны гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх, түүнчлэн нисдэг төхөөрөмж ашиглан соёлын биет өвийн гэрэл зураг, дүрс бичлэг хийхэд тухайн дурсгалыг ашиглаж байгаа хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэнэ.
3.7.Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ журмын 2.1-д заасан зөвшөөрөлгүйгээр нийтийн өмчийн соёлын биет өвийн гэрэл зураг авч, дүрс бичлэг хийж болно:
3.7.1.энэ журмын 3.6-д зааснаас бусад нийтийн өмчийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх;
3.7.2.гар утас ашиглан төрийн болон орон нутгийн өмчийн музей, галерейн үзүүллэгийн танхимд дэлгэсэн нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх;
3.7.3.эзэмшигчийн захиалгаар нийтийн өмчийн соёлын биет өвийг судлах, сэргээн засварлах үйл явцыг баримтжуулах;
3.7.4.соёлын биет өвийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд бүртгэл мэдээллийн санд хадгалах зорилгоор өөрийн эзэмшлийн нийтийн өмчийн соёлын биет өвийн гэрэл зургийг авах, дүрс бичлэгийг хийх.
3.8.Нийтийн өмчийн соёлын биет өвийн гэрэл зураг, дүрс бичлэгийг дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан аливаа хэвлэлийн бүтээгдэхүүн, кино, видео контентод ашиглахгүй.
Дөрөв.Бусад зүйл
4.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулсан, энэ журамд заасны дагуу гэрээ байгуулж зураг авсан, дүрс бичлэг хийсэн талаарх мэдээллийг соёлын биет өвийн бүртгэлд бүртгүүлж, мэдээллийн санд хадгална.
4.2.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна.
----о0о----
Текст томруулах
A
A
A