A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ХООЛ ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20ы өдрийн А/140 дугаар тушаалын хавсралт

 

 

СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН ХООЛ ХҮНСНИЙ ХАНГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж /цаашид сургалтын байгууллага гэх/-ийн дотуур байранд амьдарч буй суралцагчийн хоол, хүнсний хангамж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хүлээн авах, батлагдсан жор, технологийн дагуу хоолны үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.3.Хүнсний хангамж, үйлчилгээнд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Органик хүнсний тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох  бусад дүрэм, журам, норм, нормативыг тус тус баримтална.

1.4.Энэхүү журмыг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд ашиглаж болох бөгөөд үнэлгээ, дүгнэлт нь  ил тод, нээлттэй, шударга, бодитой, хөндлөнгийн нөлөөгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.

1.5.Хүнсний хангамж, үйлчилгээнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний захиалга, худалдан авалт, тээвэрлэлт, түгээлт, нийлүүлэлт, хадгалалт, чанарын шаардлага хангасан хоол, хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа тус тус хамаарна.

Хоёр. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хангамжийн зохион байгуулалт

2.1.Сургалтын байгууллагын Боловсролын ерөнхий хуулийн 33.1-т заасан гүйцэтгэх удирдлага нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч /аж ахуйн нэгж байгууллага, хоршоо, нөхөрлөл, бүлэг(нэгдэл), хуулийн этгээд/-тэй санхүүгийн жилийн эхэнд гэрээ байгуулж ажиллана. 

2.1.1.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагаа түр зогсоох тохиолдолд хоол хүнсний бүтээгдэхүүний татан авалт, хадгалалт, буцаалтын талаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгчтэй байгуулах гэрээнд тусгана.

2.2.Гэрээний хэрэгжилтийг Боловсролын ерөнхий хуулийн 34.2-т заасан сургууль, цэцэрлэгийн зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 8.1-т заасан орон тооны бус "Хяналтын зөвлөл" хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд 1-2 удаа хөндлөнгийн хяналт хийх, мөн хуулийн 10.2.5-д заасан журмаар үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.

2.3.Улирлын онцлог, бүтээгдэхүүний хадгалалт, түүхий эдийн шинж чанарыг харгалзан бүтээгдэхүүн захиалах, нийлүүлэх хуваарийг сургалтын байгууллагын хоолзүйч эсхүл эмч, хүнс нийлүүлэгчтэй хийж, гүйцэтгэх удирдлага батална.

2.4.Сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагатай гэрээ байгуулаагүй гуравдагч этгээдээр дамжуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэхгүй.

2.5.Хоол, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний захиалга, хүлээн авах, хадгалахад дараах шаардлагыг мөрдөнө:

2.5.1.батлагдсан цэсийн дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг бүтээгдэхүүний хорогдлыг тооцсон дүнгээр захиалга хийх;

2.5.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.6-д заасан  журмын дагуу хүлээн авах;

2.5.3.хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг шинж чанараас шалтгаалж 7-21 хүртэлх хоногийн нөөцтэй байхаар бэлтгэн, хадгалах;

2.5.4.хүнсний бүтээгдэхүүн бүрийн шинж чанар, хадгалах горим, нөхцөлийг харгалзан зориулалтын хөргөгч, хөлдөөгч, агуулахад ангилан хадгалах;

2.6.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгч нь дараах шаардлагыг хангаж ажиллана:

2.6.1.сургалтын байгууллагын  захиалсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг батлагдсан хуваарийн дагуу, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн нийлүүлэх;

2.6.2.хүнсний түүхий эд бүтээгдэхүүн нь гарал үүслийн болон лабораторийн шинжилгээний бичигтэй байх бөгөөд захиалагчид тухай бүр өгөх;

2.6.3.бүтээгдэхүүний сав баглаа боодол нь бүрэн бүтэн, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа харагдахуйц, хаяг шошго холбогдох стандарт шаардлага хангасан монгол хэлээр хөрвүүлэгдсэн, хадгалалт, тээвэрлэлтийн горимыг баримталсан байх;

2.6.4.энэ журмын 2.6.3-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүнс нийлүүлэгч нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг буцаан авч, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ажлын 3 хоногт нөхөн нийлүүлэх;

2.6.5.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хомсдол болон болзошгүй эрсдэлээс үүдэн захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй тохиолдолд сургалтын байгууллагад 1-3 өдрийн өмнө мэдэгдэж, түүхий эд, бүтээгдэхүүнийг орлуулан солих арга хэмжээ авах;

2.6.6.түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хоолны бэлдэц нийлүүлэх тохиолдолд нэр төрөлд тохирсон стандартын шаардлагыг хангасан байх.

2.7.Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

2.7.1.технологийн дагуу боловсруулсан хагас боловсруулсан хоолны бэлдэц /хэрчсэн, хэвлэсэн мах, махан бүтээгдэхүүн, гурил, төмс, хүнсний ногоо гэх мэт/;

2.7.2.баяжуулсан хүнс /гурил, давс, сүү/;

2.7.3.сургалтын байгууллага өөрийн туслах аж ахуйгаас бэлтгэсэн бүтээгдэхүүн /лабораторийн шинжилгээнд хамруулна/.

Гурав. Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт

3.1.Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.3.1-т заасан жагсаалтыг баримтлан хоолзүйч эсхүл технологич, эмч, ахлах тогооч нь суралцагчийн нас, биеийн онцлогт тохирсон хоолны цэсийг төлөвлөнө.

3.1.1.цэс төлөвлөлтөд хүүхдийн онцлог, ялгаатай хэрэгцээ (амандаа хийх, залгих, зажлах бэрхшээлтэй, хүнсний харшил, жингийн илүүдэл, дутал, эрүүл мэндийн шалтгаант хоолны дэглэмтэй гэх мэт)-нээс шалтгаалан хоол хоорондын цаг богино, хоол хүнсний илчлэг, норм нормативыг нэмж/багасгаж болно.

3.1.2.энэ журмын 3.1.1-т заасан цэс төлөвлөлтөд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй зөвшилцөн, хооллох хэв маягт тохируулан төлөвлөнө.

3.1.3.сүү, сүүн бүтээгдэхүүнийг 7 хоногт хоёроос доошгүй удаа, хүйтэн, сэрүүний улиралд халуун ундаа /халуун сүү, аарц, хярам, жимсгэний шүүс гэх мэт/-гаар заавал үйлчилнэ.

3.1.4.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчлэх бөгөөд аутизмын хүрээний эмгэгтэй суралцагчдад сүү, цагаан идээг орлуулан хэрэглэнэ.

3.1.5.хоол тэжээлийн тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн хоолны хэрэгсэл нь тусгайлсан тэмдэг тэмдэглэгээтэй байна.

3.2.Цэцэрлэгийн хоолны үйлчилгээг өглөө, үд, оройн цай/хоол, их, бага үдэд хөнгөн цай байхаар зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны онцлогоос хамааран шөнө унтахын өмнө хөнгөн цай /сүү, тараг, зутан, аарц, жимсгэний шүүс гэх мэт/-гаар үйлчилнэ.

Тайлбар: өглөө 8.00-9.00, бага үд 10.30-11.30, үд 12.30-13.30, их үд 15.30-16.30, орой 18.00-19.00, шөнө унтахын өмнө гэдэгт унтахаас 1 цагийн өмнө буюу 21.00 цагийн орчмыг ойлгоно.

3.3.Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээг бага болон их үдийн цагт зохион байгуулж, хооллох хугацааг тухайн сургалтын байгууллага зохицуулна.

3.3.1.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн үдийн хоолны үйлчилгээний зэрэгцээ өглөөний эсхүл бага, их үдийн цайг нэмэлтээр өгөх бөгөөд хүүхдийн биеийн хөгжлийн онцлогт тохируулан хооллох хугацааг зохицуулна.

3.4.Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээг ангид,  хооллох заалтай тохиолдолд заалаар зохион байгуулна.

3.5.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байранд амьдарч буй суралцагчийн хоолны үйлчилгээг өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол,  унтахын өмнө хөнгөн цай /зутан, сүү, тараг, аарц, жимсгэний шүүс гэх мэт/ байхаар, хооллох заалаар зохион байгуулна.

Дөрөв. Шим тэжээлийн мэдлэг, мэдээлэл олгох

4.1.Сургалтын байгууллагын хоолзүйч эсхүл технологич, эмч, ахлах тогооч нь суралцагчдад Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 9.2-т зааснаас гадна дараах мэдлэг, мэдээллийг тогтмол өгнө.

4.1.1.суралагцагчдад тухайн өдрийн хоолны орц, бүтээгдэхүүний шим тэжээлийн мэдээлэл;

4.1.2.бие махбодод эерэг нөлөө, сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээлэл;

4.2.Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад энэ журмын 4.1-д заасан мэдээллийг тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн дохио, хэвлэмэл (брайл), аудио хэлбэрээр тогтмол өгнө.

4.3.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд тухайн 7 хоногийн хоолны цэс /хоолны нэр, орц, найрлага, шимт бодис, илчлэг/-ийг мэдээллийн самбарт эсхүл цахим хэлбэрээр танилцуулна.

4.3.1.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй тохиолдолд тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэн мэдээлэл өгнө.

4.4.Хүүхдийг хооллохын өмнө гарыг угаалгах эсхүл халдваргүйжүүлсэн байна.

4.5.Сургалтын байгууллагын хоолзүйч эсхүл эмч нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтан болон оролцогч талуудад хоол хүнсний хордлого, халдвар гаргахаас урьдчилан сэргийлэх, зохистой дадал нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

4.5.1.хүүхдийн хоолны үйлчилгээг эцэг эх, асран хамгаалагч, хамгаалагч, харгалзан дэмжигчдэд танилцуулах үйл ажиллагааг орон тооны бус "Хяналтын зөвлөл"-тэй хамтран зохион байгуулах, гарсан санал хүсэлтэд үндэслэн улирал бүр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Тав. Бусад

5.1.Сургалтын байгууллага нь тухайн жилд шаардлагатай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хэрэгцээ тооцооллыг гарган Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлэх бөгөөд захиалгын шаардлагыг эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуйн газар  хамтран Засаг даргад хүргүүлэн нөөцийг төлөвлөн, хэрэгжүүлнэ.

5.2.Сургалтын байгууллагын хүнсний хангамжид тухайн бүс, орон нутгийн хүнс үйлдвэрлэлийг дэмжсэн, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлийг баримтална.

5.3.Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс хоолны хордлого, хордлогот халдвар гарсан тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ авах журмыг мөрдөнө.

5.4.Энэ журмын 2.1-т заасан гэрээний хэрэгжилтийг дүгнэхэд хөндлөнгийн нөлөөгүй, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх бөгөөд хүнс, нийлүүлэгчтэй хамаарал бүхий этгээд оролцохгүй.

5.5.Сургалтын байгууллагын  хүнсний хангамж, үйлчилгээтэй холбоотой сургалт, үйл ажиллагааны тайлан, хяналт шалгалтын дүн, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн болон шинжилгээний бичиг баримтыг байгууллагын архивд хадгална.

5.6.Сургалтын байгууллагын хүүхдийн хоол хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх явцад тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл иргэн, хуулийн этгээд холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.

5.7.Энэхүү журмыг зөрчсөн хүнс нийлүүлэгч болон албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

--- о0о ---